ДАРХАН-УУЛ: Өвлийн олимпод амжилттай оролцсон Э.Энхсайханыг шагналаа

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 11

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат өнөөдөр /2020.02.11/ “Лозанн – 2020” залуучуудын өвлийн олимпод амжилттай оролцож, Ази тивийн тамирчдаа тэргүүлсэн Дархан-Уул аймгийн Дөрөвдүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, спортын мастер Энхбатын Энхсайхантай уулзаж, талархал, мөнгөн шагналаар шагналаа.

Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газрын дэргэдэх өвлийн спорт гүйлтийн цана, биатлоны өсвөрийн шигшээ багийн тамирчин, спортын мастер Э.Энхсайхан нь Өвлийн спортын төрлөөр 2014 оноос дасгалжуулагч Б.Ховор-Эрдэнийн удирдлаган дор хичээллэж эхэлжээ. Өсвөрийн шигшээ багийн тамирчнаар 2017 оноос Дархан-Уул аймгаа төлөөлөн улс, олон улсын тэмцээнд оролцсон байна. 2018 онд Швейцар улсад зохион байгуулагдсан “Лозанн - 2020” Залуучуудын өвлийн олимпын наадмын урьдчилсан сорилго тэмцээн, хамтарсан бэлтгэлд Монгол Улсын шигшээ багт багтан оролцож, улмаар МБАТ-ний спортын XV наадамд өвлийн спорт биатлон, гүйлтийн цана төрлөөр амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медаль, Монголын Хүүхдийн спортын VI наадмаас гүйлтийн цана төрлөөр мөнгө, хүрэл медаль тус тус хүртэж олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авсан байна.

2019 оны зургаадугаар сараас Итали улсад бэлтгэл сургуулилт хийхийн зэрэгцээ Беларус улсад болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон IBU – биатлоны цуврал олимпын наадамд оролцох эрх олгох тэмцээнүүдэд амжилттай оролцож, “Лозанн - 2020” залуучуудын өвлийн олимпод оролцон 12.5 км зайн уралдаанд 99 тамирчнаас 12 дугаар байранд шалгарсан амжилтыг үзүүлжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top