Монголын биатлонч Дэлхийн аваргад анх удаагаа оролцоно

Админ | Zindaa.mn
2020 оны 02 сарын 11

Ц.Энхтүвшин. “Таван цагариг”.

Маргааш буюу 2020 оны хоёрдугаар сарын 12-нд Италийн Антхольц хотноо биатлоны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах 56 дахь удаагийн тэмцээн эхэлнэ.

Биатлоны дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээн 1958 онд Австрид зохиогдсон бөгөөд 1984 он хүртэл зөвхөн эрэгтэйчүүд л оролцдог байсан ажээ. 1984 оноос эмэгтэй биатлончдын ДАШТ тусдаа зохиогдох болж, 1989 оноос эрэгтэй, эмэгтэй ДАШТ нэгдсэн байна.

Биатлоны спортын хамгийн гол хотуудын нэг болох Италийн Антхольц нь биатлоны ДАШТ -ийг зургаа дахь удаагаа хүлээн авч буй нь энэ.

“Антхольц-2020” биатлоны ДАШТ-д Монголын биатлонч түүхэндээ анх удаагаа оролцох юм. Тодруулбал: Зэвсэгт хүчний 017-р анги, “Алдар” спорт хороо, Монголын биатлоны холбооны шигшээ багийн тамирчин Энхбаярын АРИУНТУНГАЛАГ эмэгтэйчүүдийн ойрын зай буюу спринт 7,5 км зайд хоёрдугаар сарын 14-нд хурд, цэцээ сорих юм. Манай тамирчин 23 настай бөгөөд өмнө нь гүйлтийн цанын спортоор хичээллэж байгаад өнгөрсөн 2019 оны зургаадугаар сараас биатлоноор дагнан хичээллэж байгаа билээ. Э.Ариунтунгалаг ДАШТ-ий бэлтгэлээ Италийн Валдидентро, Мартелл хотуудад ЗХУ - Беларусын нэрт биатлонч, 1988 оны Калгарийн олимпын алт, 1992 оны Альбервилийн олимпын мөнгөн медальт, ДАШТ-ий 4 алт, 4 мөнгө, 2 хүрэл медальт, ЗХУ, Беларусын гавьяат тамирчин, Беларусын гавьяат дасгалжуулагч Александр Поповын удирдлага доор базаажээ.

Өвлийн спорт дундаас хамгийн сонирхолтой, өрсөлдөөн ихтэй, үзэгчдийг байлдан дагуулдаг төрлүүдийн нэг болох биатлоноор манай тамирчид сүүлийн үед томоохон уралдаанд эрхээ аван оролцох болсон. Энэ улиралд л гэхэд манай биатлончид Залуучуудын Өвлийн III наадам, Өсвөр үе, залуучуудын ДАШТ, Дэлхийн цомын цувралд оролцоод байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ss(66.181.191.60) 2020 оны 02 сарын 11

sain buudaj surahni chuhal yum b.aleedee

0  |  0
Хэнчбиш(98.244.106.112) 2020 оны 02 сарын 11

Амжилт хүсье хамгийн гол нь алдахгүй буудахыг бодоорой

0  |  0
Top