ѲГЛѲѲНИЙ МЭНД!

2020 оны 02 сарын 10

Өнөөдөр 2020.02.10. Энэ оны 41 дэх өдөр бол он дуусахад 325 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 08 минутад мандлаа. 18 цаг 05 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 2 хэм, шөнөдөө -14 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Иракийн Курдистанд Зохиолчдын холбооны өдөр бол ОХУ-д Дипломат ажилтнуудын өдөр болон Александр Сергеевич Пушкиныг дурсах өдөр юм.

Энэ өдөр Америкийн усанд сэлэгч, олимпын есөн удаагийн аварга, дэлхийн олон удаагийн рекордын эзэн Марк Спитц, Америкийн жүжигчин, продюсер Лора Дерн, Элизабет Бэнкс, Эмма Робертс, Хлоя Морец, Германы жүжигчин Том Шиллинг зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1922 оны энэ өдөр Гадаадын худалдааны пүүсүүдэд татвар ногдуулах тухай дүрэм баталжээ.

1976 оны энэ өдөр БНМАУ Ангол улстай дипломат харилцаа тогтоов.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлуудаас дурдвал:

1947 оны энэ өдөр Парист Дэлхийн хоёрдугаар дайнд ялсан орнууд болон Гитлерийн Германы холбоотон байсан улсуудын хооронд энхийн гэрээ байгуулжээ. Гэрээ 1947 оны есдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхлэв.

1992 оны энэ өдөр АНУ-ын агаарын цэргийн хүчин тус улсын хүмүүнлэгийн тусламжийг Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд руу хүргэж эхэлжээ. Үүнийг түүхэнд “Provide Hope” ажиллагаа гэж нэрлэдэг.

1995 оны энэ өдөр Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудад энх тайван, тогтвортой байдлыг хадгалах санамж бичиг байгуулжээ.

2005 оны энэ өдөр БНАСАУ-ын Гадаад хэргийн яам тус улс цөмийн зэвсэг бүтээснийг анх удаагаа нээлттэй зарлаж байв.

2006 оны энэ өдөр Туринд өвлийн XX олимпын нээлт болов.

Энэ өдөр үс засуулбал өвчин ирнэ гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр гахай, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Энэ өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдаж авах, сахил санваар авахад сайн. Харин хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдаж авахад тохиромжгүй. Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top