ЦУВРАЛ III: Оюутолгой "судлаачид" СЭРЭЭРЭЙ

2020 оны 02 сарын 07

УИХ-аас  “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоол”-ыг батлаад гурав дахь сарынхаа нүүрийг үзэх гэж байна.

 

Оюутолгойн гэрээг ӨӨРЧЛӨХ ёстой гэж чанга дуугаар хэлэгсэд өнгөрсөн арван жилд олон байсан. Улс төрийн гуравдагч хүчнүүд, иргэний нийгмийн төлөөллүүд, тэмцэгчид гээд тоочоод байвал урт дараалал болох биз. Тэгвэл тэр олон жил тэдний ярьсан, хүсэж хүлээсэн нөгөөх өөрчлөлтийн салхи нь салхилж мэдэхээр байгаа яг энэ цаг үед тэд харин эсрэгээ чимээ анир багатай байх шиг. Ер нь бол асуудлыг зориудаар хөөсрүүлдэг хэсэг бол одоо чимээгүй байсан нь дээр л дээ. Харин гэрээнд өөрчлөлт хийх үндсэн шалтгаануудыг уг үндэстэй нь гаргаж ирээд, тайлбарлаад, шийдлийг ойртуулах чадамжтай хэсэг нь өдийд зөвхөн яриад зогсохгүй, илүү санаачилгатай, оролцоотой байх ёстой цаг л даа.

Гэрээг өөрчлөх ёстой гээд гудамжинд жагсаад байдаг хэр нь хөрөнгө оруулалтын гэрээг уншиж, харчихаагүй тэмцэгчид байдгийг нийгмээрээ мэддэг болсон байх. Тиймээс ч гэрээний автор болох С.Баярцогт нарын нөхдөд  “Наад гэрээгээ унш” гэж нийтээрээ загнуулсаар өдийг хүрсэн. Уг нь ч уншсан, харсан, судалсан хэсэг байгаа л даа. Гэсэн ч сүр бараа ихтэй тэмцэгчдийн сахруулсан  хөөс бодит байдлыг бүдгэрүүлээд байдаг гэмтэй. 

Оюутолгойн асуудлаар судалгаа, дүгнэлт хийдэг хүмүүс бол өдгөө төслийн менежментийн эрхийг барьж буй “Рио Тинто” хөрөнгө оруулалтын гэрээний өөрчлөлтийн асууд­лаар Монголын Засгийн газартай эв эеийг баримтлан хэлэлцээ хийхэд бэлэн байгаа ийм  цаг үеийн боломжийг  алдах хэрэггүй болов уу. Энэ улс орны төлөө, эдийн засгийн эрүүл саруул байдлын төлөө, нийт олонход наалдаж үлдэх үр ашгийн төлөө учиг асуудлыг суурьтай, судал­гаатай, үндэслэлтэй, шийдэлтэй нь харж чаддаг тэр хэсгийг сэрээсэй, оролцоотой байгаасай гэж хэлээд байгаа юм.

Манай Ерөнхийлөгч Х.Баттулга нэг хэсэг твит­терийнхийг “Сэрээрэй, болжморуудаа” гэж жиргэдэг байсан даа. Тэгвэл яг л тэрэн шиг Оюутолгойн гэрээнд Монголд ашигтай өөрчлөлт хийх хэрэгтэй гэж ярьдаг “болжмор”-ууд сэрэх хэрэгтэй байна. Цаана чинь УИХ-аас  “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоол”-ыг батлаад гурав дахь сарынхаа нүүрийг үзэх гэж байна. Цаана чинь Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсэг  “Рио Тинто”-той хэлэлцээ хийх бэлтгэлээ хангах гээд анхны хуралдаанаа хийчихээд байна.

Л.Оюун-Эрдэний ахалсан Ажлын хэсэг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон төсөлтэй холбогдох бусад гэрээнүүдийг УИХ-ын 40, 57 дугаар тогтоолууд,  Монгол Улсын хууль тогтоомжуудад нийцүүлэн, сайжруулах үүрэг хүлээж байгаа. Ажлын хэсэг анхны хуралдаанаараа 34 хувийн асуудлаас гадна  төслийн эрчим хүчний эх үүсвэр, Дубайн гэрээ, Татварын маргаан гэхчлэн анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцсэн байгаа юм. Тухайлбал, Ажлын хэсэг татварын маргааныг Монгол Улсын хуулийн дагуу хэрхэн шийдэх вэ гэдэгт анхаарч байгаа. Шаардлагатай гэж үзвэл Арбитрын шүүхэд хандаж болзошгүй гэж Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн.

Тэгвэл татварын маргааны асуудлаар  Арбитрт хандлаа гэхэд Монголын Засгийн газар унаж, босох эрсдэлээ тооцох хэрэгтэйг сануулсан  “Рио Тинто”-той арбитрын үүдэнд уулзахын өмнө засагт өгөх ЗӨВЛӨГӨӨ” гэсэн бичвэрийг манай сонин өмнө нь хүргэж байсан билээ.

Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн зөвлөмжийн дагуу 2013 онд Рио Тинтогийн татвараас зайлсхийх боломжийг хаах зорилгоор Нидерланд,  Люксембургтэй хийсэн Давхар татварын гэрээнүүдийг цуцалсан ч  Хөрөнгө оруулалтын гэрээнд “татварыг тогтворжуулсан”  учраас Рио Тинтогийн төлөх татвар  тогтвортой хэвээрээ байна гэхчлэн асуудлуудыг хөндсөн. 

Мөн Оюутолгой төслийн 34 хувьтай холбоотой  "Засгийн газар 34 хувиас татгалзаж, 57 дугаар тогтоол хүчингүй болох уу!" гэсэн гарчигтай нийтлэлийг хүргэж байсныг сануулъя 

Хэдийгээр эрх баригчид өөрсдийнхөөрөө зүтгэдэг, ноёлдог ч гэлээ сүүлийн арваны онцлох сэдвүүдийн нэг болох Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний өөрчлөлтийн асуудал дээр бол  сайн эдийн засагчдын, судлаачдын үгийг, үндэс­лэлийг сонсох ёстой.  Энэ бол тэдний хүлээх ёстой  ҮҮРЭГ юм.


 

ЦУВРАЛ 1: Засгийн газар 34 хувиас татгалзаж, 57 дугаар тогтоол хүчингүй болох уу!

ЦУВРАЛ II: “Рио Тинто”-той арбитрын үүдэнд уулзахын өмнө засагт өгөх ЗӨВЛӨГӨӨ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.24.65) 2020 оны 02 сарын 09

bayalaginhaa 51 huviig avah baisan bol odoo 34 % udahgui rio-d bugdiig ni uguud orond ni uurhai ashiglaltin tatvar l avdag yamarch erh medelgui zugeereel ugsuniig ni avaal bayarlaal duugui baij baihaasdaa

0  |  0
Top