Залуу сайд аа, дагуул хотуудын далд эздийг ил зарлаач

2020 оны 02 сарын 07

Улаанбаатарыг дагуул хотуудад салбарлуулан, төвлөрлийг бууруулах бодлого нийтийн эрх ашгийн үүднээс хийгдэж буй стратегийн төлөвлөгөө гэж ойлгогдож байгаа. Үндсэндээ хорь гаруй жилийн турш хийж хэрэгжүүлж чадаагүй дагуул хотын төслүүд бол манайхны хувьд шаардлагатай санхүүжилт болон шанг нь татаж үзээгүй орчин үеийн шийдэл гэдэг утгаараа  мега ангилалд багтана. Гэхдээ өнөөдрийн Улаанбаатарын орчны бохирдол, хүн амын нягтралаас үүдсэн уур бухимдал, эдийн засгийн түгжрэл дагуул хотууд бүтээхийг шаардаж байна. Дагуул хотуудын төслүүд одоогоор ганц нэг бүтээн байгуулалтаас өөрөөр нүдэнд торох зүйлгүй л хээр талд хэрэгжиж байгаа. Цаасан дээр зурснаас япончууд Хөшигийн хөндийд шинэ нисэх онгоцны буудал сүндэрлүүлсэн бол түүнд түшиглэн зурагдсан Аэросити хүрэх замыг нь хятадууын гараар тавьсан. Майдар эко хотын сууринд шавар бурхны барилгын ажил өрнөж, муруй асфальтан зам салаалуулсан байна лээ. Энэ хоёр хот төлөвлөлтийн дунд орших Төв аймгийн төв Зуунмод урьдынхаа адилаар сүүмийсэн хэвээр. Одоогоор яригдаж буй Улаанбаатарыг дагуулахаар төлөвлөж буй гурван суурьшил бол эдгээр юм.

Үүнийг урьтан дагуул хотуудыг байгуулах төр, засгийн шийдвэр ар араасаа гарч, ерөнхийдөө хэрэгжих итгэл найдлага хаа хаанаа төрүүлэх болж. Засгийн газраас Аэросити, Зуунмод, Майдар эко хотыг Улаанбаатар хотын дагуул хот гэж тусган хөгжүүлэхээр болсон гэдгээ зарласан. Мөн Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Аэросити, Майдар хотыг байгуулах асуудлыг шийдвэрлүүлэхээр Хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлээд байгаа. УИХ-аас гарах тогтоолын дагуу дагуул хотуудын замын зураг үндсэндээ эцсийн байдлаар батлагдах юм байх аа. Харин хэлэлцүүлгийн явцад  дагуул хотуудын далд эздийг талцуулсан дуулиан тасрахгүй бололтой.  Ер нь бол дагуул хотуудыг байгуулахаар төлөвлөсөн газруудад нэгэн үеийн газрын мафийнхан хэдийнэ эзэн суучихан гэдэг мэдээлэл бий. Наанаа олон сайхан төсөл хөтөлбөр яригдаж байгаа ч цаасан дээрээ бол хэдийнэ газрыг хуваагаад өмчлөөд авчихсан, эзэд нь өвөртөлсөн төлөвлөгөөгөө өөр өөрсдийнхөөрөө зүтгүүлж байгаа гэх мэдээлэл ч байна. Мэдээж, Улаанбаатархны зовлонд дулдуйдан нийтийн өмчөөр мөнгө хийх нь гэсэн хардлага хаа хаанаа давамгайлж таарна.

Газар олголтын хувьд монголчууд зах зээлийн нийгэмд шилжсэнээр нэг гараанаас гарсан гэдэг бол жинхэнэ худлаа зүйл. Аль мэдээлэлд ойр, эрх мэдэлтэй, танил талтай, авлига өгсөн нь аль л өнгөтэй өөдтэй газруудыг хүссэн хэмжээгээрээ хуваан авч эзэн суусан болохыг үл хөдлөх хөрөнгийн шинжээчид баталдаг. Хэдхэн сарын өмнө Засгийн газрын хуралдаанаас газар олголтын асуудлыг нэг мөр эргэж харах чухал шийдвэрүүд гаргасныг Л.Оюун-Эрдэнэ сайд танилцуулж байлаа. Тухайн үед АСЕМ гэдэг нэрээр хэдхэн төрийн өндөр албан тушаалтан Их тэнгэрийн амны газрыг 100 гаруй иргэн, аж ахуйн нэгжид хууль бусаар олгосон. Сүхбаатарын талбай, Драмын театр, Найрамдал зуслан зэрэг төрийн тусгай хамгаалалттайгаас авахуулаад нийтийн эзэмшлийн бүхий л газар газрын мафийн гараар орсон талаар дурдсан юм. Тэрбээр Улаанбаатар хотын утаа, автомашины түгжрэлтэй холбоотой өнөөдөр үүсээд байгаа хүндрэлүүд бол нэг талаасаа улстөрчид, эрх мэдэлтнүүдийн өнгөрсөн жилүүдэд хууль бусаар, замбараагүй олгосон газар олголттой холбоотой. Өнгөрсөн 27 жилийг бүхэлд нь дүгнэж, цэгцлэх олон асуудал гарч ирж байгаагийн нэг нь зам­бараагүй олгосон газар олголт гэдгийг тухайн үед зар­лаад, Засгийн газар цаашид ийм хууль бус үйлдлүүдтэй эвлэрэхгүй, таслан зогсоохын тулд шат дараатай арга хэмжээ авна гэж мэдэгдсэн. Улмаар Ерөнхий сайдын захирамжаар хууль бусаар олгосон газар олголтыг яаралтай цэгцлэх ажлын байгуулах зүйтэй гэж үзсэн.

Яг дээрх жишгээр явсан Аэросити, Майдар хотын ойролцоо болон давхардуулан олгогдсон газар эзэмшүүлсэн талаарх маргаан тасраагүй. Эхнээсээ шүүхийн шатаар дамжиж, улсаас олон зуун сая төгрөгийн нөхөн төлбөр гаргуулаад эхэлсэн. Төр нэгэнт ямар нэг аргаар газраа эзэмшүүлчихсэн учраас шүүхийн өмнө буруутан болоод татвар төлөгчдийн мөнгөнөөс нөхөн олговор төлөөд л сууж байгаа.  Цаашид дагуул хотуудын төсөл урагшлахын хэрээр энэ төрлийн маргаан олшрох нь дамжиггүй болоод байна. Ялангуяа шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн байгуулахаар төлөвлөсөн Аэроситигийн эргэн тойрны газар олгогдоод дууссан аж. Уг нь Засгийн газар 2010 онд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Хөшигийн хөндийн 12 мянган га газрыг тусгай хэрэгцээнд авсан байдаг. Гэвч тусгай хэрэгцээнд авсан талбай нь байрлалын хувьд хойд хэсгээрээ уулархаг, урд хэсэг нисэх буудлаар дуусаж байгаа. Тэгш, ашигтай талбайг бүрэн хамраагүй тул ирээдүйн төлөвлөлтийг тооцон газрыг нөөцлөх, холимог тээврийн ложистик төв, Богд хан төмөр зам зэрэг харилцан уялдаатай хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд газрын асуудлаар маргаан үүсгэсэн. Эдгээрийн дунд хувь хүн, нэр бүхий компаниудад олгосон газар зонхилж байна. Үүнийг дагаад улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхацсан иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрын нөхөх олговрыг тооцож олгох асуудал эхэлсэн. Угаасаа эдийн засгийн үр өгөөжийг нь харвал, Аэроситиг төлөвлөсөн бүс хамгийн ашигтай байрлалд тооцогдож байгаа. Учир нь олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг түшиглэсэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, аялагчдын сонирхлыг татсан эдийн засгийн чөлөөт бүс бүхий улс хоорондын зорчигч, ачаа тээвэрлэлтийн нэгдсэн зангилаа болгохоор төлөвлөгдсөн. Мөн мэдээлэл технологи, био технологи, нано технологийн чиглэл бүхий өндөр технологийн инновацийн кластерын бүсийг гэдэг утгаараа алтан байршил гэгдэж байгаа юм. Улс төрийн эрсдэлийн хувьд Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг  улсын эрх ашгийн үүднээс дэмжиж буй төсөл учраас ямар нэг саадгүй.

Бүх нөхцөл нь бүрдсэн ийм төсөлд хөрөнгө оруулахаас, эсвэл төлөвлөгдсөн газрыг урьдчилан аваад ирээдүйд үнэд хүргэхээс ямар бизнесмен татгалзах билээ. Тэгвэл Майдар эко хот төслийг дэмжихээр Засгийн газраас Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт 12 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. Гэхдээ “Майдар эко хот” төслийн удирдагч Л.Баяртуулын ярьсан зүйлс анхаарал татдаг. Тэрбээр “Майдар хотыг 27 мянган га газар байгуулах төлөвлөлт хийсэн. 2012 онд анх хот байгуулах газар дээр төлөвлөлт хийж байхад газар олголт хийгдээгүй байсан. Харин хотын ерөнхий төлөвлөгөөг 2013 онд Төв аймгийн ИТХ-аар батлах үед давхар газар олголт хийснийг хууль бус гэж үзэж байгаа. Энэ тал дээр төр, засгаас ямар нэг зохицуулалт хийх байх. Нөхөн төлбөрийн асуудал яригдахгүй. Яагаад гэвэл тухайн газар нутаг дээр одоогийн байдлаар барилга, байшин байхгүй” гэсэн удаатай. Ерөнхийлөгч Х.Баттулга уг төслийг санаачлагчдын нэг бөгөөд өнгөрсөн онд өөрийн биеэр очиж кино үйлдвэрийн цогцолбор, түүнийг дагасан зочид буудал, музей зэрэг аялал жуулчлалын томоохон байгууламжуудыг байгуулах шавыг нь тавилцсан юм. Түүнчлэн зарим их дээд сургуулийг тус хот руу нүүлгэн шилжүүлэх боломжтой гэж үздэг. Анх зургийг нь гаргасан германы мэргэжилтнүүд Майдар эко хотыг 110 гаруй мянган га талбайтай, 300 мянган хүн амтай байхаар төлөвлөжээ. Зөвхөн дэд бүтцэд хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо танилцуулдаг. Гурав дахь дагуул хот буюу Зуунмод  бол Аэросити, Майдар хот төсөлтэй уялдаж байгаа учраас хамгийн боломжит суурьшлын бүсээр нэрлэгдэж байна. Зуунмод орчимд газар олгох эрх нь орон нутгийн асуудал учраас бүх ашигтай газар нь эзнээ олчихсон гэдэг.

Энэ мэт бизнесийн таатай орчин бүрдүүлсэн дагуул хотуудыг сүндэрлүүлэх газарт одоогоор хэн хэн эзэн суусан нь төрийн нууцын хэмжээнд хамгаалагдаж байгаа нь УИХ-ын тогтоол батлагдах эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Тиймээс Засгийн газрын залуу сайд Л.Оюун-Эрдэнэд л найдахаас өөр арга алга. Ядаж дагуул хотуудын газарт эзэн суусан нөхдийг зарлачихвал, хөрөнгө оруулагчдад тоглоом дүрэм нь ойлгомжтой болно доо.  Ингэж гэмээнэ нийслэл Улаанбаатар хотын 1.4 сая хүн агаар, ус, хөрсний бохирдлоосоо ангижрах нь дамжиггүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.70.34.70) 2020 оны 02 сарын 07

Майдар гэсэн боломжгүй мөрөөдлөө хая аа, ерөнхийлөгч өө, Харин шинэ нисэхийн суурьшил, зуунмод хотоо хөгжүүл ээ. Тэр нь бодитой.

0  |  0
Top