ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 07

Өнөөдөр 2020.02.07. Энэ оны 38 дахь өдөр бол он дуусахад 328 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 12 минутад мандлаа. 17 цаг 00 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -9 хэм, шөнөдөө -20 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Гренадад Тусгаар тогтнолын өдөр бол АНУ-д ХДХВ /ДОХ/-оос урьдчилан сэргийлэх үндэсний өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Башкирын Ерөнхийлөгч асан Муртаза Рахимов, Германы зохиолч, детектив романуудаараа алдартай Дорис Герке, Германы дуучин, хөгжмийн зохиолч, “Modern Talking” болон “Blue System”-ийг үүсгэн байгуулагч, гишүүн Дитер Болен, Америкийн жүжигчин, “Эмми”-гийн дөрвөн удаагийн шагналт Жэймс Спейдер, жүжигчин Крис Рок, Эштон Катчер, Солонгос гаралтай Оросын дуучин Анита Цой, Канадын сагсан бөмбөгч, NBA-гийн түүхэн дэх шилдэг тоглогчдын нэг Стив Нэш зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1956 оны энэ өдөр БНМАУ, БНХАУ-ын худалдааны төлөөлөгчдийн нөхөрсөг байдалд болсон хэлэлцээний үр дүнд БНМАУ, БНХАУ-ын хооронд 1956 онд харилцан бараа нийлүүлэх тухай протоколд Улаанбаатар хотноо гарын үсэг зуржээ. Протоколд 1956 онд хоёр улсын харилцан нийлүүлэх бараа нь 1955 оныхоос нэг дахин их байх, БНХАУ Монголд цагаан будаа, хатаасан жимс, шинэ жимс, тамхи, торго зэрэг өргөн хэрэглээний бараа нийлүүлэх бол БНМАУ Хятадад адууны шир гэх мэт мал аж ахуйн гаралтай түүхий эд нийлүүлэхээр тусгав.

1972 оны энэ өдөр Улсын тэргүүний ухуулагч, суртал нэвтрүүлэгчдийн зөвлөгөөн болжээ.

2014 оны энэ өдөр ОХУ-ын Сочи хотод нээлтээ хийсэн өвлийн олимпод Монгол Улсаас гүйлтийн цанын тамирчин Ч.Отгонцэцэг, Б.Бямбадорж нар оролцов.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлуудаас дурдвал:

1924 оны энэ өдөр ЗСБНХУ болон Итали дипломат харилцаа тогтоожээ.

1940 оны энэ өдөр Уолт Диснейн хоёр дахь бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино “Пиноккио” нээлтээ хийв. Энэ бүтээл “Оскар”-ын хоёр ч шагналын эзэн болсон.

1974 оны энэ өдөр Гренада тусгаар улс болов.

1998 оны энэ өдөр Японы Нагано хотод өвлийн XVIII олимпын нээлт болж байлаа.

2010 оны энэ өдөр Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд Виктор Янукович Юлия Тимошенког ялав.

2014 оны энэ өдөр ОХУ-ын Сочи хотод өвлийн XXII олимп нээлтээ хийсэн.

Энэ өдөр үс засуулбал жаргал ирнэ гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр хулгана, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаа үйл хэрэгт болгоомжтой хандаарай. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Энэ өдөр хууль цааз гаргах, батлах, хулгай дээрмийг номхотгох, мал адгуус номхруулах, лус тахих, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Харин гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад тохиромжгүй. Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top