Африкийн хамгийн урт соёотой заан үхжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 06

Африк тив дэх хамгийн урт соёотойд тооцогддог алдартай Тим хочит заан Кенийн үндэсний парк Амбоселид үхлээ гэж Кенийн ан амьтны албаны дарга Пол Удото мэдээлжээ.

Тим 51 насандаа  жам ёсны үхлээр хорвоог орхилоо гэж Кенийн Daily Nation сонинд мэдээлсэн байна. Танин мэдэхүй, шинжлэх ухааны зорилгоор түүгээр чихмэл хийж үлдээх аж. Тимийн соёо орчин үеийн Африкийн заануудын дунд хамгийн урт гэж мэргэжилтнүүд үзэж байжээ. Түүний соёо тус бүр 45.5 кг жинтэй байсан бөгөөд явахад нь газар шүргэдэг байсан гэнэ.

Тим соёоноосоо болж нэг бус удаа хулгайн анчдын бай болж байжээ. 2016 онд тэр толгойдоо жадны шарх авч байсан бол энэ хэргээс хойш хоёр жилийн дараа Тим дахин дэлхийн хэвлэлийн анхаарлыг татжээ. Тухайн үед олон улсын аврагчдын баг олон цагийн турш ноцолдсоны эцэст түүнийг намгаас татан гаргаж, амийг нь аварч байв.

Одоогийн байдлаар, Африк тивд 350 мянган зэрлэг заан амьдардаг байна. Ботсван хамгийн олон буюу 120 мянган заантай бол Кенид 35 мянган заан байдаг аж. Африкийн заанууд 70 хүртэл жил насалдаг байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top