ДЭЛХИЙН ТОЙМ: Майк Помпеогийн ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудад хийсэн айлчлал хэрхэн өрнөв?

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 06

- АНУ хоосон амлалтууд өглөө гэж шинжээч дүгнэж байна -

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хуучин Зөвлөлтийн системийн орнуудад айлчлал хийлээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Беларусь, Казахстан болон Узбекистанд хийсэн айлчлалаа маш эерэг болсон гэж үнэлжээ. Түүний айлчлал АНУ-ын эдгээр бүгд найрамдах улстай харилцах харилцааг илүү бэхжүүлэхэд тусалсан гэж Помпео дүгнэж байна. Айлчлалынхаа явцад тэрбээр Оростой харилцах харилцаа болон бие даасан байдлын талаарх сэдвийг удаа дараа хөндсөн. Помпео үүнээс гадна бүгд найрамдах улсуудын эдийн засгийн хөгжлийн талаар олон амлалт өгчээ. Гэхдээ шинжээчид Вашингтон үнэгүй тусламж үзүүлэх болно гэдэгт итгэхгүй байна.

“Беларусь, Казахстан, Узбекистан улсад явахдаа би манай орнуудын ард иргэдийн энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлт нь маш чухал болохыг онцолсон. Энэхүү айлчлалын дараа бидний түншлэл улам бүр бэхэжсэн гэж би итгэлтэйгээр хэлж чадна” гэж Майк Помпео “Твиттер” хуудсандаа бичжээ. Помпео ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан хэд хэдэн оронд айлчлал хийсэн. Тэрбээр дөрөв хоногийн дотор Украин, Беларусь, Казахстан, Узбекистан улсын удирдлагатай уулзсан юм. Хэлэлцээрийнхээ үеэр тэрбээр эдгээр улсын Орос улстай харилцах харилцааны асуудлыг хөндөж, бүрэн эрхт байдлын тухай сэдвийг удаа дараа хөнджээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзах үеэрээ Беларусь, Оросын харилцааны урт удаан хугацааны түүхийг мэднэ гэдгээ хэлээд Москва, Вашингтоны хооронд “сонголт хийх” талаар яриагүй аж. “Бид (АНУ) манай улс орнуудын хооронд сонголт хийх яриагүй байна. Бид дипломат харилцааны талаар ярьж байна” гэж Помпео хэлснийг Беларусын БЕЛТА мэдээллийн агентлаг иш татжээ. Үүний зэрэгцээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга тус улс Беларусьт бүрэн эрхт улс байхад нь туслахыг хүсэж байгааг тэмдэглэн хэлсэн байна.

Казахстаны Гадаад хэргийн сайд Мухтар Тлеубердитэй хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлынхаа үеэр Помпео Вашингтон Бүгд Найрамдах Казахстан Улсыг ЗХУ-аас тусгаар болохыг дэмжиж байсан орнуудын нэг байсныг дурсжээ. “Бараг 30 жилийн өмнө, 1991 онд Казахстан улс тусгаар тогтнолоо тунхагласнаас хэдхэн хоногийн дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жэймс Бэйкер танай бие даасан, хөгжин цэцэглэж буй улсыг дэмжихээр энд ирсэн” гэж Майк Помпео хэлжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга болон Узбекистаны Гадаад хэргийн сайд Абдулазиз Камилов нарын хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Хятад улсаас “болзошгүй аюул”-ын талаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа Помпео Узбекистан Орос улс байрлаж байгаа бүс нутагт оршдогийг дурсаагүй байна. “Узбекистан урт үргэлжилсэн хилтэй. Энэ улс байрлаж буй бүсэд Орос, Хятад бас бий. Узбекистанд зөв шийдвэр гаргах, тус улсын хууль тогтоомжийн ил тод дүрмийг ажиглах, тэнд хөрөнгө оруулалт хийх боломжийг бид хүсэж байна. Америк үүнд туслахад бэлэн байна” гэж Помпео хэлжээ.

“Оросоос холдох нь”

ОХУ-ын улс төр судлаач Александр Асафов “RT” агентлагт ярихдаа Помпеогийн Беларусь, Казахстан, Узбекистан улсад хийсэн айлчлал нь АНУ Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан орнуудад нөлөөгөө бэхжүүлэх бодолтой байгааг харуулж байна гэв. Үүний зэрэгцээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын энэ удаагийн айлчлалын гол даалгавар нь Орос улстай сайн хөршийн харилцаатай байдаг орнуудыг ОХУ-гаас тусгаарлах явдал юм гэж хойд хөршийн Шинжлэх ухааны академийн аюулгүй байдлын асуудлын судалгааны төвийн шинжээч Константин Блохин ярьж байна. Гэхдээ шинжээч Минск, Нур-Султан болон Ташкент “Цагаан ордныг хайхрамжгүй дагахгүй” гэж онцлов. “Энэ гурван тоглогчийн нүдний өмнө барууныг дэмжсэн хүчнүүдийн оролцоотойгоор Украинд хэрэгжүүлсэн “улбар шар хувьсгал”-ын жишээ байна” гэж шинжээч тэмдэглэжээ.

Александр Асафов мөн Америкийн бүх “ялсан тайлан”-г үл харгалзан Помпеогийн айлчлал эдгээр бүгд найрамдах улсуудад АНУ-ын “хагалан бутаргах бодлого бүтэлгүйтсэн” болохыг харуулж байна гэлээ. “Энэхүү айлчлал тэрчлэн Америкийн Нэгдсэн Улс хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан төрийн эрх ашгаа эдгээр улсад төвлөрүүлж чадахгүйг харуулж байна” гэж шинжээч хэлэв.

Америкийн амлалт

Помпео эдгээр улсуудын Ерөнхийлөгчтэй уулзах бүртээ эдийн засгийн хөгжлийн талаар хэд хэдэн амлалт өгчээ. Минскт Помпео АНУ, Беларусь улсууд хөрөнгө оруулалтын чиглэлээр” түншлэл байгуулж, Беларусын тал “тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал”-тай байх болно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Лукашенкотой хэлэлцээ хийсний дараа АНУ-ын Төрийн департаментын тэргүүн сэтгүүлчдэд хэлэхдээ АНУ тус улсыг “газрын тосоор 100 хувь өрсөлдөхүйц үнээр” хангахад бэлэн байна гэсэн байна. Мөн АНУ Беларусьт “бүрэн эрхт улс болоход” нь туслахыг хүсэж байгааг дурджээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Нур Султанд хориг арга хэмжээний бодлогын нөлөөнөөс хамгаалахаа амласан тухай Казахстаны Гадаад хэргийн сайд Помпеотой хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдэв. “АНУ-ын Төрийн департамент Казахстанд манай хуулийн этгээдүүдийг хориг арга хэмжээний нөлөөнөөс хамгаалахад дэмжлэг үзүүлсээр байх болно” гэж Тлеуберди мэдэгдлээ. Казахстаны удирдлагууд өмнө нь АНУ-ын Оросын эсрэг хориг нь тус бүгд найрамдах улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлсэн талаар мэдээлж байсан юм. Энэ мэдэгдлийг 2019 оны нэгдүгээр сард Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Казахстаны Эдийн засгийн сайд асан Тимур Сулейменов хийж байв.

Эргэн санахад, Орост тавьсан хязгаарлалтын анхны багцыг Америкийн тал 2014 оны гуравдугаар сард Крымд болсон бүх нийтийн санал хураалтын дараа буюу тус хойг Орос улстай нэгдсэний дараа тавьсан юм. 2020 оны нэгдүгээр сарын сүүлчээр АНУ-ын Сангийн яам Оросын эсрэг хоригийг өргөжүүлсэн билээ.

Помпео Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевтой хийсэн уулзалтынхаа үеэр санхүүгийн асуудлыг ярьжээ. АНУ-ын Төрийн департаментын вэб сайтад мэдээлснээр Вашингтон Узбекистанд “тус улсын ерөнхийлөгчийн шинэчлэлийг дэмжих” зорилгоор Америкийн хөтөлбөрүүдээр дамжуулан 100 сая орчим ам.доллар хуваарилна гэжээ. “АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Узбекистанд явагдаж байгаа шинэчлэлийг, мөн улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг эрс дэмжиж байгаагаа цохон тэмдэглэсэн” гэж Америкийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсан байна. Тэгвэл Оросын улс төр судлаач Александр Асафов Беларусь, Казахстан, Узбекистаныг хөрөнгө оруулалт, газрын тосны нийлүүлэлтээр дамжуулан санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэх Помпеогийн амлалтыг хоосон гэж нэрлэв. “АНУ нэг бус удаа амлалт өгч, дараа нь үгээ буцааж авч байсан. Энэ тохиолдолд Помпеогийн ийм мэдэгдэл нь заавал биелэх ёстой гэсэн үг биш юм. Эцэст нь хэлэхэд, ийм амлалтыг ихэвчлэн улс төрийн хатуу нөхцөл байдал дагана” гэж шинжээч ярьж байна.

Үүний зэрэгцээ Узбекистанд 100 сая ам.доллар хуваарилах амлалтыг Вашингтон энэ улсын удирдлагатай тохиролцож чадаагүй явдал гэж үзэв. Ийм “хөрөнгө оруулалт” хийсний ачаар үнэнч байдалдаа хүрэхээр шийджээ гэж шинжээч өгүүлжээ. Гэхдээ шинжээч энэ хэмжээг “үнэн хэрэгтээ нэлээд бага байна” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top