ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 06

Өнөөдөр 2020.02.06. Энэ оны 37 дахь өдөр бол он дуусахад 329 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 14 минутад мандлаа. 17 цаг 59 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -10 хэм, шөнөдөө -20 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Тажикистанд Цагдаагийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Францын жүжигчин Жак Вильре, Оросын хөгжмийн зохиолч, “Любэ”, “Иванушки International”, “Корни”, “Фабрика” хамтлагуудыг үүсгэн байгуулагч Игорь Матвиенко, “Guns N’ Roses” хамтлагийн дуучин Эксл Роуз, Канадын хоккейч Адам Хенрике, Их Британийн жүжигчин Чарли Хитон, Английн хөл бөмбөгч Сэм МакКүин зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1931 оны энэ өдөр Нутаг дэвсгэр, засаг захиргааны хуваарилалтыг өөрчлөх хууль батлагджээ. Уг хуулиар хошууны зохион байгуулалтыг устгаж, таван аймаг, 72 хошуу, 525 сум байсныг газар нутаг, хүн амын талаар харьцуулан тэгшитгэж, 12 аймаг, 324 сум болгов. Мөн Архангай, Говь-Алтай, Завхан, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Ховд, Увс, Хэнтий, Дорнод гэсэн 12 аймаг байгуулагджээ.

Мөн оны энэ өдөр бүх албан газрын тамга тэмдэг, ном, зохиолын хавтас чимэглэл, албан газруудын хаяг зэргийг латинчлах компанит ажил өрнөж байлаа.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлуудаас дурдвал:

1989 оны энэ өдөр Варшавт Бүгд Найрамдах Польш Ард Улсын Сайд нарын зөвлөлийн байранд Польшийн засаг болон сөрөг хүчний хооронд хэлэлцээ эхэлжээ.

1998 оны энэ өдөр Вашингтоны үндэсний олон нисэх буудлыг Рональд Рейганы нэрэмжит үндэсний нисэх буудал гэж нэрлэв.

2000 оны энэ өдөр Финландын Гадаад хэргийн сайд Тарья Халонен тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болжээ.

-Зарим улс оронд шашин болон ёс заншлаас үүдэлтэйгээр эмэгтэйчүүдийн бэлэг эрхтэнд мэс хүргэх нь байсаар байна. Тэгвэл өнөөдөр энэ үйлдлийг эсэргүүцэх олон улсын өдөр тохиож байна.

Энэ өдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаа үйл хэрэгт болгоомжтой хандаарай. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Энэ өдөр мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин газар хагалах, ус, булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад таагүй. Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top