Монгол Улс тахианы мах, махан бүтээгдэхүүн импортлохыг ХОРИГЛОЛОО

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 05


Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас Монгол Улсыг шинэ коронавирусийн халдвар тархах өндөр эрсдэлтэй бүсэд багтаагаад байгаатай холбогдуулан Улсын онцгой комисс шуурхай хуралдлаа. 

Хурлаар БНХАУ-аас гахай, тахианы мах импортлохыг хориглох, коронавирусийн халдвар орж ирсэн тохиолдолд эмнэлэг, ор бэлэн байлгах зэрэг асуудлыг хэлэлцжээ. Түүнчлэн баар, цэнгээний газруудыг хаах тухай саналыг хэлэлцсэн байна. 

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал энэ талаар мэдээлэл хийв. 

Тэрбээр "Нөхцөл байдал ярвигтай болж байна. Коронавирусын халдвар олон улсын хэмжээнд хоног хоногоор өсч байгаа. Халдвар авсан хүний тоо хоногт 1000-аар, нас барж буй хүний тоо 60 орчмоор нэмэгдэж байна. Мөн БНХАУ-д шувууны томуугийн өвчин илэрсэн. Тиймээс Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанас тахианы мах, махан бүтээгдэхүүн импортлохыг хориглох шийдвэр гаргалаа. Мөн иргэд нэвтэрч буй дөрвөн хилийн боомт дээр Улсын онцгой комиссын ажлын хэсгүүд ажиллахаар боллоо.

Маргааш Улсын онцгой комисс дахиж хуралдана. Ингэхдээ салбар дундын төлөвлөгөөг баталж, хэрхэн ажиллахаа тодорхой болгоно. Үүнд санхүүжилт шаардлагатай. Эрүүл мэндийн салбараас ихээхэн хэмжээний санхүүжилт шаардлагатай гэсэн санал орж ирсэн. Энэ асуудлыг маргааш ярина. Эмнэлэг бүр онцгой нөхцөл байдалд ажиллахаас илүү нэг эмнэлгээ дагнаж ажиллуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Эрүүл мэндийн яам энэ талаар судалж, аль эмнэлгийг бие даан ажиллуулахаа шийднэ. Үүний дараа асуудлыг Улсын онцгой комиссын хурлаар хэлэлцэнэ" гэлээ. 

ВИДЕО:

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
margaash(90.143.30.200) 2020 оны 02 сарын 05

Margaashiin hural gej hoishluulalgui shuud haamaar yum . Mongoliin margaash duusahgui

1  |  0
Top