С.Чинзориг: МСҮТ-ийн оюутнуудын тэтгэлгийг хоёр дахин нэмсэн

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 04

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр /2020.02.04/ Засгийн газрын шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. 

2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудад суралцаж байгаа оюутнуудын тэтгэлгийг хоёр дахин нэмэгдүүлж, 200 мянган төгрөг болгожээ. 

Энэ талаар тэрбээр “Засгийн газраас ажилгүйдлийг бууруулах үндсэн арга бол МСҮТ-д суралцаж байгаа залуучуудыг сургах, мэргэжил эзэмших, ур чадвартай болох сонирхлыг нь дэмжих гэж үзэж байна. Энэ хүрээнд МСҮТ-д ажиллаж байгаа багш нарын ажиллах нөхцөлийн хангах чиглэлээр олон талын арга хэмжээ авсан. Тухайлбал, өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор МСҮТ-ийн багш нарын улсын зөвлөгөөнийг зохион байгуулсан. МСҮТ-д ажиллаж байгаа багш нарыг 100 хувь компьютероор хангах ажил хэрэгжээд эхэлж байна. МСҮТ-ийн багш нарыг мэргэжлийн ангийг шинэчилсэн. ЕБС-иудтай адилхан МСҮТ-ийн багш нарт улиралд 15 хувийн урамшуулал олгож байна.

Нөгөө талаас МСҮТ-ийн оюутнуудын тэтгэлгийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ жилийн улсын төсөвт 79 тэрбум төгрөгийг тусгаж, нэгдүгээр сарын 1-нээс эхлэн МСҮТ-ийн оюутнуудын тэтгэлгийг хоёр дахин нэмэгдүүлж, 200 мянган төгрөг болгосон. 

Өнгөрсөн жилийн МСҮТ-ийн оюутнуудын тэтгэлэг олгох журамд "МСҮТ-д суралцаж байгаа иргэдэд нас харгалзахгүй тэтгэлэг олгоно" гэж заасан байсныг энэ жилээс эхлэн МСҮТ-д суралцаж байгаа 45 хүртэлх насны иргэдэд олгож байхаар болсон. Мөн ажил олгогчдын захиалгаар залуучуудыг зургаа хүртэлх сарын хугацаатай МСҮТ-д сургаж байгаа бол эдгээр оюутнуудад мөн 200 мянган төгрөгийн тэтгэлгийг олгох нь зүйтэй гэж журамд өөрчлөлт оруулсан"  гэлээ. 

Улсын хэмжээнд 84 Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн 51 нь төрийн, 33 нь төрийн бус өмчийнх юм. Эдгээр МСҮТ-үүдэд 39 мянга орчим оюутан аж үйлдвэр, барилга, тээвэр, уул уурхай, үйлчилгээ зэрэг 16 салбарт 230 гаруй мэргэжлээр суралцаж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(43.242.243.113) 2020 оны 02 сарын 09

Энэ нэг шал худлаа шоучин нөхөр байна аа.Малчид,хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх хууль их хурлаас гарсан .гэтэл хэрэгжүүлэх журмандаа ямар ч нөхөн төлбөр хийх боломжгүй журам баталчихсан байгаа юм\n

0  |  0
Зочин(202.126.88.49) 2020 оны 02 сарын 08

Манай дүү энэ жильнэг ч удаа 200тбаытугай 100.000 тэтгэлэг ч аваагүй бна. Хэзээ өгөх юм бэ

0  |  0
Top