Баялгийн сангийн төгс хувилбарыг  хайх зуур ядуурал ХАВТГАЙРАХ НЬ

2020 оны 02 сарын 04

Дэлхийн улс орнуудын эдийн засгийн цаашдын төлөв коронавирусийн тархалтаас хамаарах тухай сэдэв ид хүчээ авсан цаг үед манай Ерөнхийлөгч Норвегийн Баялгийн сантай газар дээр нь танилцаад ирлээ. Хэчнээн хүчирхэг эдийн засаг байлаа  гээд дархлаа нь эрэлт, нийлүүлэлтийн даяаршлаас хамаарч байгаа шүү гэдгийг шинэ өвчин улс орнуудад сануулж байгаа билээ. Ийм эрсдэлийн өмнө хэн нугарахгүй, нурахгүй, тодорхой хугацаанд дархлаагаа барьж чадах вэ гэдэг асуултад нөөц баялгаа зөв засаглаж, эдийн засгийн дотоод эх үүсвэрээ бий болгож, хадгалж, хурааж чадсан улс орнууд бичигдэж таарах юм. Тийм ч учраас Ерөнхийлөгчийн туршлага судлаад ирсэн цаг хугацааг коронавирустэй холбож энд дурдаад байна л даа. Уг нь бол Норвеги улсыг зорьсон Монгол Улсын анхны  Ерөнхийлөгч тэр биш. Найман жилийн өмнө Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хувиар Норвегид очиж Баялгийн сантай нь танилцаж байсан юм. Магадгүй, Х.Баттулгын дараа Ерөнхийлөгч болох хүн ч Норвеги улсаас туршлага судалж мэдэх юм. Учир нь хөрсөн доорх үүц баялгаа хэрхэн, яаж хүртээмжтэйгээр зарцуулах вэ гэдэг асуудлыг төрд байгаа нөхөд  бүгд л ярьж, туршлага судлах боломжийг ашигладаг. Харин тэр туршлагаа  нутагшуулах болохоор дорвитой юм хийдэггүй нь өнөөдөр  Монгол Улсын хүн амын 1/3 нь ядуу амьдарч байгаагаас  харагдана. Ядуурлын шугамд ойрхон дахиад 400 мянган хүн байгааг Дэлхийн банк, Үндэсний статистикийн хорооны сүүлийн судалгаа харуулж буй.

Баялаг хийгээд боломжийг тэгш хуваарилах тухай асуудлыг иргэн бүр хөндөх, ярих эрхтэйг сануулъя.

 Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд: Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш, шударга хүртээхэд чиглэнэ гээд тусгаад өгчихсөн.

Тэгвэл Монгол Улс хөрсөн доороо хэдий хэмжээний байгалийн баялаг агуулж байгаа вэ гэдгийг тодотгоё.

 Өнөөгийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр 80 гаруй төрлийн ашигт малтмал бүхий 1000 гаруй орд газар, 8000 гаруй илрэл бүртгэгджээ. Тэдгээрээс алт,  мөнгө, төмрийн хүдэр, коксжих нүүрс, эрчим хүчний нүүрс, цайр, зэс, хайлуур жонш, газрын тос, уран, фосфорит, молибдени, газрын ховор элемент, цагаан тугалга, хар тугалга, гянт болд гэсэн 17 нэр төрлийн  ашигт малтмалын нөөцийн одоогийн үнэлгээ 3.1 их наяд ам.доллартай тэнцүү байна. Энэ нь нэг хүнд нэг сая ам.долларын байгалийн баялгийн нөөц ногдож буй гэсэн үг аж. 


Монгол Улсын ашигт малтмалын НӨӨЦИЙН ҮНЭЛГЭЭ 

 

►708 тонн алтны нөөцийн зах зээлийн үнэлгээ 29.9 тэрбум ам.доллар

►460 сая тонн төмрийн хүдрийн үнэлгээ 32.1 тэрбум ам.доллар

►1.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцийн үнэлгээ 296.4 тэрбум ам.доллар

►31.5 тэрбум тонн эрчим хүчний нүүрсний үнэлгээ 1.9 их наяд ам.доллар

►79.5 сая тонн зэсийн нөөцийн үнэлгээ 529.5 тэрбум ам.доллар

►101.6 сая тонн хайлуур жоншны нөөцийн үнэлгээ 39.6 тэрбум ам.доллар

►332.6 сая тонн газрын тосны нөөцийн үнэлгээ 21.8 тэрбум ам.доллар

►11.5 сая тонн молибдений нөөцийн үнэлгээ 277.1 тэрбум ам.доллар /үүний 30 орчим сая тонн нь Оюу толгой ордод хамаарна/  тус тус бүрдүүлж байна.

 

Өөрөөр хэлбэл, байгалийн баялгаа оновчтой удирдаж, эдийн засгийн эргэлтэд оруулж, “зөв” хөрөнгө оруулалт хийж чадвал тогтвортой өсөлт, хөгжилд хүргэх  арвин их нөөц Монгол Улсын газрын хэвлийд байна гэдгийг дээрх тоонууд харуулж байгаа юм.

Гэвч үе үеийн Засгийн газрууд баялгийн хуваарилалт, Баялгийн сан гэсэн ойлголтуудыг давтан ярьж өдийг хүрснээс биш суурь алхмуудыг хийсэнгүй. Баялгаа засаглахдаа дандаа алдаа гаргаж өдийг хүрчээ. Уг нь эрдэс баялгийн орлогыг хуримтлуулах зорилгоор үндэсний баялгийн хоёр сан  байгуулж өдийг хүрсэн намтар бидэнд бий. Нэг нь уул уурхайгаас хамаарах орлогын өсөлт бууралтын үед түшиг болж байх учиртай эрсдэлийн сан болох Төсвийн Тогтворжуулалтын сан бол нөгөө нь баялгийн орлогыг хойч үедээ үлдээхийг зорьсон Ирээдүйн өв сан. Энэ хоёр сан одоо ч бий л дээ. Гэвч байгаа хоёр сангаа бүрэн утгаар нь ашиглаж чадаагүй хэр нь Баялгийн сангийн сонгодог хувилбарыг хайсан хэвээрээ л байна.

Дэлхийн улс орнуудын жишгийг харахад Баялгийн сангийн 70 гаруй тогтолцоо бий аж. Тэдгээрээс өөрийн онцлогтоо тохируулан хөрсөн дээр буулгасан жишээнүүд байх аж. Байгалийн баялаг гэдэг зүйл хэмжээ хязгаартай учраас, илүү урт хугацааны ашиг шим авч үлдэхийн тулд л хуримтлуулах, илүү найдвартай орчинд “эргэлдүүлэх” сан хэрэгтэй болдог. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Норвегийн Тэтгэврийн сан зэрэгтэй адил баялгийн сан байгуулж, улс төрөөс ангид байлгаснаар стратегийн ач холбогдолтой ордуудын үр өгөөжийг иргэд түлхүү хүртэнэ” гэж хэлснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн байна.

Одоо тэгээд хурааж, хадгалах боломжийг гадаад, дотоод аль аль нөхцөл байдал бидэнд олгохгүй нь харагдаж байна. Коронавирусийн  дэгдэлт дэлхийн эдийн засагт шинэ сорилтыг тулгаж, түүхий эдийн эрэлт буурч, ханш буурах бодит эрсдэл туллаа. Монгол Улсын төсвийн дансанд мөнгө авчирдаг зэсийн ханш уруудсан. Нүүрсний эрэлт ч буурах төлөвтэй байна. Дотоод нөхцөл байдлаа харахаар улсын төсвийн зарлага 14 их наяд шүргэх тооцоололтой. Хэдийгээр эдийн засгийн идэвхжилийг өсгөх их мөнгөний хэмжээ ч гэлээ нөгөөх эрсдэл даах дархлаагаа сайжруулах тухай олон жилийн дундардаггүй сэдэвтэй  зөрчилдөж байгаа юм л даа.

 Эргэн саная. Монгол Улс 2006-2008 он хүртэл дэлхийн зах зээл дээрх  зэс, алтны үнийн өсөлтийг дагаж, төсвийн данс дүүрэхэд сан байгуулж, тооцсоноос давж гарсан мөнгөө хураах тухай ярьсан ч, чадаагүй. Эсрэгээрээ  төсвийн зарлагаа  600 гаруй тэрбумаар давуулан пологтож байлаа. Дараахан нь 2009 оны хямралын шуурганд өртөж, 2011 оноос хөрөнгийн урсгал сая нэг нэмэгдэж байсан билээ.  Эдийн засгийн нөхцөл байдал илааршаад эхэлсэнтэй зэрэгцэн Төсвийн Тогтворжуулалтын санг байгуулан  алт, зэсийн дэлхийн зах зээлийн үнэ улсын төсөвт тусгаснаас давж гараад байвал, тэрийг нь  “хадгалъя”  гээд хууль  баталсан ч, сан жинхэнэ утгаараа үүрэг гүйцэтгээгүй. Уг сангийн орлого нь эрдэс бүтээгдэхүүний үнээс хамаарсан төсвийн нэмэлт орлого, төсвийн ашиг, Засгийн газрын нөөц ба эрсдэлийн сангуудын үлдэгдэл, сангийн санхүүгийн үйл ажиллагааны цэвэр ашиг, мөн парламентаас тогтоосон бусад орлогоос бүрдэхээр заасан ч, төсөв дандаа алдагдалтай гарч байсан тул Тогтворжуулалтын санд үүрэг гүйцэтгэх боломж олгоогүй гэхэд болно. Нэг ёсондоо Баялгийн сангийн үр шимийг хүртэх боломжийг үе үеийн эрх баригчид өөрсдөө л үгүй хийж байсан гэсэн үг.

Энэ онд Тогтворжуулалтын санд 125.2 тэрбум,  Ирээдүйн өв санд 976.9 тэрбум төгрөгийн хуримтлал үүсгэнэ гэж төсвийн тухай хуульд тусгасан. Түүхий эдийн ханш цаашдаа дорвитой сэргэхгүй бол Тогтворжуулалтын сангийн хуримтлал боломжгүй болно. Ирээдүйн өв санд ч мөнгө хадгалах эрх баригчдын төлөвлөгөө бүтэлгүйтнэ. 2019 онд нүүрсний экспорт зургаан сая тонноор тасалдсан. Аз болж нүүрсний үнэ өсөлттэй байсан учраас л эрх баригчид аврагдаад өнгөрсөн. Тэгвэл энэ онд экспортын хэмжээ дахиад тасалдахын сацуу үнэ нь уруудвал төсвийн орлого дагаад уруудна гэсэн үг шүү дээ. За тэгээд энэ жилээс эхлээд том том өрүүдээ дахин санхүүжүүлэх шаардлага үүсээд байдаг. Саарал жагсаалттай холбоотойгоор гуравдагч зах зээлүүдээс  манайд хөрөнгө оруулах сонирхол буурсан нөхцөл байдалтай байгаад байна. Дотоод, гадаад аль аль талд эрсдэл ноёлж буй ийм үед бид Баялгийн сангийн тухай байнгын сэдвээ ярьсан хэвээрээ л байх юм. Асуудлыг цагийг нь олж ярихаас гадна ажил хэрэг болгох ёстой байдгийг нөхцөл байдал хангалттай  л харуулж байна, уг нь. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(49.0.147.33) 2020 оны 02 сарын 04

оюу толгой таван толгойгоос юу ч олж долоогоогүйээ .одоо ухаагүй шорооноос юу хүртэхвэдээ.боддоо. нөгөө сайхан хоолны нэр хэлбаа би савхдая гэдэг л болж байна.түүний оронд жил бүр сонгууль болоосой л гэжбоддог боллоо. нас минь хүрэх нь үү үгүй юу

0  |  0
havtgai mongol(66.181.178.95) 2020 оны 02 сарын 04

mongoonuudiin 80% n gorshok ch ugui yaduu gudamjind sheej baagaad transheind amidardag iom bishuu

0  |  0
Top