Монголын жүдо бөхийн холбоо “Хаан Хүнс”-тэй хамтран ажиллана

2020 оны 01 сарын 31

Өнөөдөр /2020.01.31/ Спортын төв Ордонд Монголын жүдо бөхийн холбоо, хүнсний манлай үйлдвэр “Хаан Хүнс” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулах ёслол боллоо.

Тус ёслолд БТСГ-ын Үндэсний шигшээ багийн албаны ерөнхий дасгалжуулагч, Ардын багш, Хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатар, “Хаан хүнс” ХХК-ийн ерөнхий захирал Б.Энхболд, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар нар оролцлоо.

Хамтын ажиллагааны энэхүү гэрээг ирэх дөрөвдүгээр сард Монголд болох жүдо бөхийн Ази, номхон далайн аварга шалгаруулах тэмцээн, долоодугаар сард Токиод болох Зуны олимпын наадмын өмнө байгуулж байгаагаараа онцлог юм. Манай улс хамгийн сүүлд 2001 онд жүдогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авч байв.  

“Хаан Хүнс” ХХК нь спортын олон тэмцээнийг ивээн тэтгэхээс гадна хөлбөмбөг, самбо, жүдо бөхийн багтай спортод элэгтэй хамт олон юм. Тус компани жүдо бөхийн холбоог дэмжин ажиллахаас гадна Монголд болох Ази, Номхон далайн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажиллана. Талууд нийт 3 жилийн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Гэрээнд Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатар, “Хаан хүнс” ХХК-ийн ерөнхий захирал Б.Энхболд нар гарын үсэг зурав.

Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатар “Манай холбооны уламжлалт түнш “Хаан Хүнс” ХХК 2020 оноос эхлэн дахин хамтран ажиллах болсонд бид баяртай байна. Монголд зохион байгуулах Ази, Номхон далайн аварга шалгаруулах тэмцээн болон Монголын жүдо бөхийн холбооны Цомын тэмцээн, улсын аваргын тэмцээнүүдэд ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллах боллоо. “Хаан Хүнс ХХК-ийн удирдлага, ажилчид, бүх хүмүүст маш их баярлалаа гэж хэлье. Та бүхнийхээ итгэл найдварыг алдахгүй, Монголын жүдочид тив, дэлхийд өндөр амжилт үзүүлэх болно гэж хэлье”  гэлээ.

“Хаан хүнс” ХХК-ийн ерөнхий захирал Б.Энхболд “2020 оны Ази, Номхон далайн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд зохион байгуулагдах болсонд манай компанийн хамт олон, монголчууд их баяртай байгаа. Бид энэ тэмцээнд ерөнхий ивээн тэтгэгчээр оролцохоос гадна цаашдаа 2022 он хүртэл хамтарч ажиллана. Манай компани бөхийн спортоос гадна хөлбөмбөгийн спортод хөрөнгө оруулалт хийдэг. Манай компанийн хөлбөмбөгийн баг өсвөрийн лигээс Үндэсний дээд лиг хүртэл арван жил лигийн тэмцээнд тогтмол оролцож байна. Б.Сумъяа агсны нэрэмжит тэмцээнийг сүүлийн  гурван жил ивээн тэтгэж байгаа. Бид хүүхэд багачуудад спортын хүмүүжил, бие бялдрын хөгжил олгож, тэдний ирээдүйд хөрөнгө оруулалт хийх гол зорилготой. Монголын жүдо бөхийн холбооны зорилго, үйл ажиллагаатай ижил зорилготой юм. Манай улсын жүдочдын амжилтыг монголчууд сайн мэднэ. Маш олон хүүхэд багачууд тэднийг харж, үлгэр дуурайлал авч байдаг. Жүдо бөхийн холбоотой өнөөдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулж байгаадаа баяртай байна. Монголын ард түмний өмнөөс та бүхэнд спортын улам их амжилт хүсэн ерөөе” хэмээлээ.

Ардын багш, Хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох “Монголын хүнсний хэрэгцээг хангаж байгаа “Хаан Хүнс” ХХК-тай гэрээ байгуулсан нь сайхан үйл явдал боллоо. Энэ хамтын ажиллагааны гэрээ бол зөвхөн энэ жилийн Ази, Номхон далайн аваргын тэмцээн биш цаашид олон зүйлд хамтран ажиллахад тустай гэрээ юм. Токиогийн олимпын наадам болоход 175 хоног үлдээд байна. Ийм чухал үед баг тамирчдыг дэмжиж, тусалж байгаад тамирчид, дасгалжуулагч, Биеийн тамирын байгууллагынхаа өмнөөс талархсанаа илэрхийлье. Та бүхний ажилд амжилт хүсье” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Khatan(59.153.112.73) 2020 оны 01 сарын 31

Sn bnaa

1  |  0
Top