Б.Ганболд: Дагуул хотуудыг бүтээн байгуулснаар нийслэлийн нягтаршил буурна

2020 оны 01 сарын 31

Барилгын хөгжлийн төвөөс хэрэгжүүлж буй Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийн баримт бичгийн боловсруулах үйл ажиллагааны явцын талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 онд өөрийн биеэр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байсан. Монгол Улсын Засгийн газрын ажлын алба түүний дор удирдан зохион байгуулах үндэсний хороо захиалагчаар Барилга, хот байгуулалтын яам, захиалагчийн хяналтыг Газар зохион байгуулалт, геодизи зурагзүйн газар гүйцэтгэж байгаа уг төслийн үйл явц болон хот төлөвлөлтийн талаар Барилгын хөгжлийн төвийн тэргүүн дэд захирал Б.Ганболдтой ярилцлаа.

 

-Нийслэл Улаанбаатарын хүн ам анх төлөвлөж байснаасаа хэд дахин өсчихөөд байгаа. Хот төлөвлөлтийг гаргах үндэслэл болоод зарчим нь юу байдаг вэ?

-Өнгөрсөн 30 жилд бид барилга барьж сурлаа, харин одоо бид хот байгуулж сурах хэрэгтэй байна. Нийслэл Улаанбаатар хотын хүн ам огцом өсөж ачаалал хэтэрсэн асуудал бол хот төлөвлөлт гэхээс илүүтэйгээр хүн амын нутагшилт, суурьшлын бодлого алдагдсантай шууд холбоотой. Төвлөрсөн эдийн засагтай социалист нийгмийн үед Монгол Улсад хүн амыг зөв зохистой суурьшуулж чаддаг байсан. Нэгдсэн бодлоготой, нэг намын удирдлага дор байсан учраас тэр. Дөнгөж сургуулиа төгссөн мэргэжилтнийг хүний нөөцийн дутагдалтай газарт томилж, энэ аймаг тэр суманд очиж эмч, багш бол гэж шууд байдлаар томилдог. Энэ нь тухайн үедээ хүн амын “бланс”-ыг зөв зохистой хадгалаад ирсэн. Гэтэл 1990 онд чөлөөт эдийн засгийн Ардчилсан нийгэм гарснаас хойш хүн амыг нутагшуулах гэдэг зүйл алдагдчихсан. Өнөөгийн байдлын судалгаанаас дүгнэхэд Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоо алдагдаж, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл доройтсон.  Түүний гол илрэл нь жижиг сум суурин газруудын хүн ам цөөрсөөр зарим газар нь цус ойртолтоос эхлээд асуудлууд үүсээд эхэлсэн. Монгол Улсын нийт хүн амын 43 хувь нь нийслэл Улаанбаатар хотод дангаараа амьдарч байна. Үүнээс болж агаар хөрсний бохирдол, цэвэр ус, дулаан, эрчим хүчний хомсдол, замын түгжрэл,  өвчлөл, нийгмийн гаралтай стресс, бухимдал гээд энэ бүхний голомт болж байна. Тиймээс төр манлайлж,  хүн амаа зөв нутагшуулахын тулд “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”,“Ногоон хөгжлийн бодлого”,“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийн 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” болон “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг үе шаттай зохион байгуулах зорилтуудыг дэвшүүлсэн. Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл (ХАНСХЕТ) нь Монгол Улсын хот байгуулалтын салбарын бодлогын чухал суурь баримт бичиг юм. Монгол Улс оршин тогтнох гол үзүүлэлт бол газар нутаг мөн тэнд амьдарч буй монгол хүмүүс юм. Монгол улсын газар нутаг дээр иргэдийг хамгийн зөв зохистой суурьшуулах бодлогын бичиг баримт. Дээрх бичиг баримтыг үндэслэн хот төлөвлөлт хийж дэд бүтцээ байгуулж газар олголт хийж хот байгуулах зарчмаар шинжлэх ухааны судалгаа үндэслэлтэй төслүүдийг хэрэгжүүлэх зарчмаар явах ёстой. Хот төлөвлөлтийг Монгол Улсын нийт газар нутгийн хэмжээнд газрын гадаргуугаас доош 50 метр, газрын гадаргуугаас дээш 100 метрийн агаарын орон зайд бүхэлд нь хэвтээ болон босоо төлөвлөлт хийхийг хэлнэ.

-Барилгын хөгжлийн төвийн чиг үүргийн талаар болон сүүлийн үед ямар ажил дээр  хүч хаян ажиллаж байна вэ?

-Барилгын хөгжлийн төв нь Монгол Улсын хэмжээнд барилга байгууламжийг хөгжүүлэх талын бүхий л үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг Барилга, хот байгуулалтын яамны чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн өмчит үйлчилгээний газар юм. Манай төв дээр барилгын зураг төслийн болон өргөх байгууламж, барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн мэдээллийг нэгдсэн санд оруулан баяжуулалт хийх, тайлангийн баталгаажуулалт хийх барилгын материал бүтээгдэхүүнийг баталгаажуулах, барилгын норм нормативыг боловсруулж бат­луулах, барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори ажиллуулж, зураг төсөл болон геологи геодизын магадлалын дүг­нэлт гаргах, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй барилга байгууламж дээр угсралтын явцын техникийн хяналт хийх, барилгын салбарын инженерүүд болон болов­сон хүчнийг бэлтгэх сургах гэх зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн манай төв дээр 2018 оноос Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны 2016-2020 оны хөтөлбөрт багтсан  Монгол Улсын “хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг /ХАНСХЕТ/ боловсруулах ажлыг гүйцэтгэх, зохион байгуулах үүрэг бүхий Хүн амын нутагшилт бүс нутгийн судалгаа төлөвлөлтийн хэлтэс болон Хот суурин дэд бүтэц судалгаа төлөвлөлтийн хэлтсийг бай­гуулан үйл ажиллагаа явуулж байна.  Сүүлийн үед хот байгуулалтын салбарыг хөгжүүлэх тал дээр нэлээд хүч түрэн ажиллаж байна. Бид Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн төлөвлөгөөний эхний шатны ажил буюу судалгааны ажлаа 330 сумын хүрээнд маш өндөр нарийвчлалтай хийж дуусаад байна. Энэ сараас эхлээд салбарын эрдэмтэд зөвлөхүүд мэргэжлийн олон нийтийн байгууллагууд, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран өргөн хүрээнд төслийн үнэлгээ болон төлөвлөлт рүү ороод явж байна. Бид төлөвлөлтийн явцын дунд олон мэргэжлийн хэлэлцүүлэг хурал семинаруудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Мөн Хот байгуу­лалтын салбарын шинэчилсэн хуу­лийг батлуулж хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, нийслэл болон дагуул хотуудыг төлөвлөх, уул уурхай дагасан хот, аялал жуулчлалын хот, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аж үйлдвэрийн хот, чөлөөт бүс хилийн боомтуудын хот, эдийн засгийн кори­дор дагасан хотууд гэх зэрэг ирэх 30 жилд бүтээн байгуулах үйл хэргийн төлөвлөлт суурь бичиг баримтуудыг боловсруулах ажилд маш өндөр ач холбогдол өгч ажиллаж байна. 

-Өнөөгийн нийслэлийн дүр зургийг харахад гэр, хашаа, утаа униараасаа эхлээд салж байж  хот төлөвлөлтийг ярих ёстой юм болов уу?

-Хот төлөвлөлтөө ярихаасаа өмнө бид бодлогын бичиг баримт, алсын хараа, хөгжлийн үндсэн зарчмуудаа тодорхой болгосон байх хэрэгтэй. Бодлогын бичиг баримт бол ХАНСХЕТ болон хот байгуулалтын хууль, Хот төлөвлөлтийн стандарт норм дүрмүүд багтана.  Алсын хараа,  хөгжлийн үндсэн зарчим гэдэг дээр бидний давуу тал, онцлог, өгөгдөл, чадвар дээр суурилан төлөвлөх хийх хэрэгтэй. Аливаа хувь хүн өөрийн дутагдалтай талаа засах гэхээсээ илүү давуу талаа хөгжүүлэх нь амжилтын үндэс болдог. Тиймээс бид Монгол улсын онцлог давуу тал, түүх соёл, ёс заншил, байгалийн өгөгдөл дээр суурилан Хот байгуулалтын хөгжлийн гарц алсын хараа үндсэн зарчмаа тодорхойлох нь чухал юм. Монгол улс нь нэг хүнд ноогдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд нэг дүгээрт ордог. Мөн унаган байгаль нүүдэлчин аж ахуйн соёлтой хүмүүс. Тиймээс хүн амыг аль болох тараан нутагшуулан суурьшуулж байгальд ээлтэй ногоон техник технологи ашиглан энерги болон эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчээр дор бүрнээ бие даасан байдлаар шийдэх. Хот суурин газруудыг холбосон дэд бүтэцтэй байх. Дэлхийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг сонгон суурьшуулах замаар хот төлөвлөлт хийх нь ирээдүйн үнэ цэнийг бий болгоно. Нийслэлийг дахин төлөвлөлтөөр гол төвлөрлийг хагалж сааруулах зорилгоор дагуул хотуудыг байгуулах Монгол Улсын Засгийн газар болон нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар Улаанбаатар 2040 гэсэн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулаад явж байна. Дагуул хотуудаас онцолбол Төв аймгийн Хөшигийн хөндийн Шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн “Эйро Сити” хотыг байгуулахаар БХБЯ боловсруулж байгаа. Төлөвлөлтийн хилийн хязгаар нь 12 мянган га талбайд, 34 мянган хүн амтай, есөн мянга гаруй өрхтэй, 40 мянган ажлын байртай хотыг 2018-2038 онд бүтээн байгуулна. Мөн“Майдар” хот нь 300 мянган хүн амтай, 25 мянган ажлын байртай  бөгөөд 30 жилийн хугацаанд бүтээн байг уулна. Эдгээр шинээр байгуулах дагуул хотуудыг эхнээс нь дээрх хөгжлийн үндсэн зарчмаар хот төлөвлөлт хийж бие даасан энергийн эх үүсвэртэй, ногоон хотууд байхаар төлөвлөж байгаа.

-Ард иргэдийг орон нутагтаа сайхан амьдаръя гэдгийг уриал­сан бүтээн байгуулалтыг хэрэгжүүлбэл хотын нягтаршил саарах нь ээ?

-Тийм. Япон Улс хөгжих явцдаа манай нөхцөл байдлыг туулаад үзсэн туршлага бий.  Аливаа чөлөөт зах зээлтэй ардчилсан нийгэмтэй хөгжиж буй улс орнууд бүгд л нийслэл хотдоо хүн амын хэт төвлөрөл үүсдэг. Түүний адилаар Япон улс хүн амын төвлөрлийн асуудлаа шийдэхийн тулд тухайн үеийн Ерөнхий сайд асан Танака какуеэ нь “Япон арлыг шинэчлэн бүтээн байгуулах онол”-ийг 1972 онд гаргасан байдаг. Тэр онол нь орон нутгууд муж хотуудыг нийслэлтэйгээ хурдны авто зам, хурдны галт тэрэг, томоохон арлуудыг холбосон гүүр, тунелүүд гэх мэт дэд бүтцээр холбох юм. Энэхүү онолыг хэрэгжүүлэн бүтээн байгуулалтуудыг амжилттай хэрэгжүүлсэн байдаг. Үүний үр дүнд ард иргэдийн сэтгэл зүйд эергээр нөлөөлж чадсан. Жишээ нь аймаг, мужаас нийслэл рүү ажил руугаа цаг гаруй яваад ажлаа хийгээд буцаад ирэх боломжтой юм байна гэдгийг ойлгуулж өгсөн. Тодруулж хэлбэл цагт 300 км хурдалдаг гал тэрэг бүтээснээрээ 300-600 км цаана хөдөө орон нутагт амьдарч байгаа хүн 1-2 цагийн дотор Токиод ирж ажлаа хийгээд буцаад гэртээ харих боломжтой. Ингэснээрээ агаарын бохирдол, хүн ам их, стресс, өртөг өндөр хотод ажиллангаа, амьдарч зовоод яах вэ нутагтаа сайхан амьдаръя гэдэг сонголтыг иргэдэд олгосон. Төр засгаас ингэж ард иргэдээ нутагтаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлсэн. 330 сум 21 аймгаар бид судалгаа хийж явахад тухайн орон нутаг болгон өөрийн гэсэн онцлогтой түүнийг нь эдийн засгийн эргэлтэд оруулах, үйлдвэр ажлын байр бий болгох, тухайн нутгийн бүтээгдэхүүн бий болгох, аялал жуулчлал, уул уурхай, инновац, эрчим хүчний гээд олон нөөц боломжууд их харагдсан тиймээс бид ХАНСХЕТ-ийн төлөвлөлтдөө тусгаж орон нутагтаа өрсөлдөх чадвартай бие даасан эдийн засгийн өндөр бүтээмжтэй байхаар тусгах болно. Түүний дараа тус бодлогын бичиг баримтаа үндэслэн тухайн орон нутгууд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө боловсруулж эхэлнэ. 

 -2020 онд Японд болох олимпыг япончууд нисдэг машинаар нээх гээд төлөвлөчихсөн байна шүү дээ. Гаднын улсын хот төлөвлөлтийн ямар, ямар жишиг байдаг вэ? Энэ нь манай оронд хэр нутагших боломжтой вэ?

-Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотууд олон жилийн өмнө Орос улсын төлөвлөлтөөр анх баригдсан. Гэтэл өнөөдөр цаг хугацаа дэлхийн хөгжил, үзэл баримтлал маш хурдацтай хөгжиж дэлхийн дулаарал, хүн амын өсөлт зэргээс шалтгаалан эрчим хүчний хэмнэлттэй ногоон технологийг түлхүү ашиглах, ухаалаг хэрэглээг нэвтрүүлэх гэх мэт хүн төрөлхтний хэрэгцээ шаардлагад асар их өөрчлөлт бий болсон. Тиймээс бид улсын хэмжээнд шинэчлэлийг хийж илүү орчин үеийн хотод амьдрах нийгмийн шаардлага үүсээд байгаа. Өнөөдөр даяаршсан нийгмийн дэд бүтцүүд бий болж технологийн хөгжил цаг минутаар хэмжигдэж байна. 5G, AI, Lot, Cloud, Big data, Block chain гэх технологи хойшид хүмүүсийн амьдралд яаж нөлөөлөх вэ тэрийгээ дагаад нийгэм суурьшлын бүс хотууд ямар байх вэ гэсэн төсөөлөл судалгаан дээр тулгуурлан бид хот төлөвлөх хэрэгтэй. Технологийн хөгжлийг дагаж нисдэг машин, алсын удирдлагатай тээврийн хэрэгсэл, дрон зэрэг төхөөрөмжүүд нийгэмд аюулгүй зэрэгцэн оршихын тулд тэдгээрийн аюулгүй ажиллагааны дэд бүтэц байх ёстой. Япон улс европын холбоотой нэгдээд агаарын орон зайн дэд бүтцийг бүтээгээд эхэлсэн байна. Газрын гадаргуугаас дээш 1-500 метрийн агаарын орон зайг хиймэл дагуул болон “Airvehicle” нисдэг хөлөг онгоц өндөр хүчин чадалтай камерын тусламжтай бүхэлд нь зураглал хийж агаарын зам, сүлжээ, зэрэг бүх мэдээллийг боловсруулан дэд бүтцийг бэлтгэж байна. Манайх шиг хүн ам цөөтэй газар нутагтай, том алслагдсан суурьшлын бүстэй улсад хурдны авто зам, төмөр зам зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт хийвэл ашиглалтын үр бүтээмж муу өндөр зардал гарна. 10-100 тн хүртэлх ачааг тээвэрлэх боломжтой  “Airvehicle” онгоцыг Монголд хөгжүүлэх боломжтой.  Бид зам бариад, онгоцны буудал бариад асар их мөнгө зарцуулж байхын оронд “Airvehicle” онгоцыг нэвтрүүлбэл асар их мөнгө, цаг хугацаа хэмнэнэ. Энэ онгоц нь жолоочгүй, алсын удирдлагатай, хиймэл дагуулаас бүх хэмжилтийг хийгээд байж байдаг өндөр технологи юм. Мөн ”Sony” гэдэг цахилгаан бараа үйлдвэрлэдэг компани автомашины зах зээл рүү орж байгаа бол “Toyota” машин үйлдвэрийн компани хот байгуулалтын бизнес рүү орж байна. “Тоёота” компани Фүжи уулын хажууд “Toyota Woven City” смарт хот байгуулаад эхэлсэн төдийгүй цаашид дэлхийн өнцөг булан бүрд смарт хотыг барьж байгуулах болно.

-Дэлхий дахинд хөгжил хурдсахын хэрээр онгон дагшин байгалиа аварч үлдэх, жишиг хотоо эко ногоон хот болгохын төлөө зорьж байна шүү дээ?

-Орчин үеийн дэвшилтэт техноло­гитой хөл нийлүүлж хөгжихийн зэрэгцээ унаган байгалиа авч үлдэх нь чухал юм. Монгол Улсын хот байгуулалтын гол тулгуур нь нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд нэгт явдаг учраас эсрэгээрээ намхан барилгууд барьж маш их тараан суурьшуулах хэрэгтэй. Сингапур, Дубай, Хонконг, Нью-Йоркийг дуурайгаад өндөр барилга бариад байх шаардлагагүй. Дэлхийн хамгийн өндөр барилга байгууламжтай гэдгээрээ дээрх хотууд танигдсан бол эсрэгээрээ дэлхийн хамгийн нягтаршилт багатай хамгийн намхан барилгуудтай байгальд ээлтэй хот зөвхөн Монгол байна гэдэг бол ирээдүйд түүнээс их үнэ цэнтэй байх болно. Дэлхий хамгийн дэвшилтэт технологийг унаган байгальтай хослуулсан хот бол хамгийн үнэ цэнтэй хот байдаг. Бид үүнийг л нэгдэж хамтдаа бүтээх хэрэгтэй.

 

-Нэг үе аймгаас нийслэл рүү шилжих хөдөлгөөн ихсэж байсан бол сүүлийн үед хотоосоо дайжиж хөдөө рүү тэмүүлэх үзэгдэл мэр сэр гарах болж. Хот төлөвлөлтийг аймаг, орон нутгийн онцлог дээр нь суурилж хөгжүүлэх тал дээр хэрхэн төлөвлөж байна вэ?

- Аймаг тус бүр дээр онцлог давуу тал дээр тулгуурлан төлөвлөнө. Зарим орон нутагт хэрэгжиж эхэлсэн хот байгуулалтын төслөөс дурдвал Өмнөговь аймгийн Цогтцэций сум нь нүүрсний арвин их нөөцтэй уул уурхай хөгжиж байгаа бөгөөд байршлын хувьд БНХАУ-ын хилтэй ойр байдаг. Мөн салхи ихтэй тул байгаль цаг уурын давуу талаа ашиглан салхины цахилгаан станцуудыг байгуулж эрчим хүч экспортлон эдийн засгийн орлого бүрдүүлэх боломжтой.  Цогтцэций сум нь хамгийн хуурай уур амьсгалтай газар бөгөөд нарийн тоосжилт өндөр, уул уурхайн олборлолт, хөрс хуулалтаас шалтгаалж тоосжилт бохирдолтой орчинд сумын иргэд болон ажилчид гэр бүлээрээ ажиллаж амьдарч байна. Үндэсний болон хувийн аж ахуйн нэгжүүд олноор уул уурхайн үйл ажиллагаа явуулж байна. Байгаль орчны аюултай нөхцөл байдал үүссэн тул Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тус суманд шинэ хот байгуулах захирамж гарсан. 150 га талбайд уул уурхайд түшиглэсэн эко хот барихаар манай салбарынхан шинэ хотын төлөвлөлтөө хийж байна. Үүнээс гадна Ханбогд сумыг дулаан ресорт маягаар бүтээн байгуулж, өвлийн улиралд дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Мөн аялал жуулчлал дагасан хотыг Хэнтий аймагт, Цагаан нуур, Замын Үүд, Алтанбулагт чөлөөт бүсийн хотыг байгуулах. Хөгжлийн гол тулгуур болсон уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй дээрээ түшиглэж хотууд байгуулснаар тэнд ажлын байр, амьдрах орчин бүрдэнэ гэж харж байна. Нөгөө талаар баруун аймгийн жижиг сумдаар хүн амын хомсдолд ороод байна. Тухайн сумын онцлогт тохирсон хөгжлийн гарцыг олох хэрэгтэй. Жишээ нь Израйльд ямаачин айлын хүүхэд жижигхэн отго дотроо айпад ажиллуулаад, сүүлийн үеийн аппликэйшныг хийгээд сууж байна шүү дээ. Булган, Дундговь зэрэг  аймгууд нь том хотын таталцалтай учраас хөгжил хоцрогдмол байдаг. Хүн амын таталцал гэдэг нь дэд бүтэц хөгжсөн газартай ойр байдаг учраас Булганд буудаллахаар Эрдэнэтэд очъё, Дундговьд хооллохоор Өмнөговийг зорьё гэх зэргээр арай хөгжингүй газрыг нь хүмүүс сонгоод байдаг. Тэгэхээр дээрх газруудад гаднаас урсах мөнгөний урсгал орж ирдэггүй. Дундговь аймгийн тухайд дуу хуур, айраг, өв соёл дээр нь тулгуурлаж, байгалийн өвөрмөц тогтоцтой газар дээр нь түшиглэж үндэсний урлагаа дэмжсэн гол түшиц аймаг болгож аялал жуулчлалыг хөгжүүлж болно. Мөн байгалийн онцлогт нь тохируулж ус, нар, салхины эрчим хүчийг ашиглах боломжтой.

-Хотын дарга ойрын хугацаанд тээврийн хэрэгслийг шинэчилж, агаарын дүүжин тээвэр нэвтрүүлнэ гэсэн. Мөн 150 мянган айлын орон сууцны төсөл ч яригдаж байсан. Энэ бүхэн мэргэжлийн хүний хувьд амьдралд хэр ойр сонсогдож байна вэ?

-Ямар нэгэн технологи тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, арчил­гаа, тордлогоог байнга хангаж хариуцдаг удирдлага зохион байгуулалттай менежментийн баг байх нь чухал бөгөөд дэлхийн олон улсад амжилттай хэрэгжсэн тээврийн хэрэгсэл тул замын түгжрэл шийдэх, нийтийн тээврийн нэг гэж бодож байна. 150 мянган айлын орон сууцны төслийн тухайд БХБЯ хэрэгжүүлж буй үндэсний хөтөлбөр юм л даа. Үндэсний гэхээр зөвхөн улс хийх юм биш хувийн хэвшилд ч хамаатай. Гэр хорооллыг багасгахын тулд хийж байгаа ч хот байгуулалт, дэд бүтцээ л зөв хийх хэрэгтэй бөгөөд тухайн орон сууцанд амьдарч буй хүмүүс хотын төв рүү чиглэн түгжрэл үүсгэхгүй хэмжээнд тухайн орчиндоо сурч боловсроод, ажиллаж амьдраад байх орчныг л бүрдүүлэх хэрэгтэй. Дахиад л нэг Зайсан, Яармагийн орон сууц шиг хэсэг бүлэг мөнгөтэй хүмүүсийн бизнес биш байгаасай. Яг үнэндээ гэр хорооллын иргэд урьдчилгаа 30 хувийн мөнгөний боломж тааруу, орлогын найдвартай эх үүсвэр байхгүйгээс болж орон байр авч чадахгүй байгаа. Энэ асуудал дээр тулгуурлаж гэр хороололд амьдардаг, байртай болохыг хүссэн зорилтот бүлгийн хүмүүст нь хүрээсэй гэж бодож байна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн (66.181.188.211) 2021 оны 04 сарын 29

хаха МАЙДАР ХОТ орох уу\n

0  |  0
zochin(202.55.188.45) 2020 оны 02 сарын 01

yasan goy be yostoi goy manai uls teleed tomroxnee ta nar shuu mglchuud uxaantai chadaltai xumuus oyunlag daguul xot bosvo ajiliin bair bi bolno mashintai uls tend ochood amdarnaa!! tugjrelgui boloxnee!!

0  |  0
энгүүн(59.153.115.77) 2021 оны 04 сарын 29

Сайхан сайхан хоолны нэр хэл ваа.\n

2  |  0
ДАШ(103.212.119.69) 2020 оны 02 сарын 01

АЭРОСИТИ-Г НЭГЧ ГЭРГҮЙ ЖИНХЭНЭ ХОТ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ, ТЭГЭХГҮЙ БОЛ ЭНД ТЭНДЭЭС ГЭРЭЭ ЧИРСЭН ЮМНУУД ОЧООД Л УТААГААР, БААСААР БУЛЧИХАНА ШҮҮ

0  |  0
Иргэн(192.82.72.167) 2020 оны 01 сарын 31

Аэросити гэж байгаа. Эйро сити гэж мэдэхгүй.

0  |  0
Зочин(192.82.72.167) 2020 оны 01 сарын 31

Аэросити шүү. Эйро гэж байхгүй. Амжилт

0  |  0
иргэн(202.70.34.70) 2021 оны 04 сарын 29

Майдар гэсэн мөнгө угаах гэсэн балай мөрөөдлөөсөө одоо салмаар юм. Налайх, Төв аймаг гээд бэлэн өргөжүүлээд явж болохоор газар байхад чинь эзгүй хээр баахан мөнгө булах гээд

3  |  0
Top