Орон нутгийн сонгуулиар 20:00 цагт хүртэл САНАЛ АВНА

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 30

УИХ-ын чуулганы өнөөдөр /2020.01.30/-ийн нэгдсэн хуралдаанаар орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, 83.3 хувийн саналаар баталлаа. Чуулганаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй 11 саналаар санал хураалт явуулсан юм.

Тухайлбал, төслийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсгийг “Сум, дүүргийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшигч нь аймаг, нийслэлийн Хурлын Төлөөлөгчид зэрэг нэр дэвшиж болно” гэж өөрчлөн найруулж, төслийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсгийн “нэр дэвшигч” гэсний өмнө “Энэ хуулийн 6.5-д зааснаас бусад тохиолдолд” гэж, төслийн 33 дугаар зүйлийн 33.1.6 дахь заалтын “нэгээс илүү тойрогт” гэсний өмнө “энэ хуулийн 6.5-д зааснаас бусад тохиолдолд” гэж тус тус нэмэх, төслийн 9 дүгээр зүйлийн 9.13 дахь хэсгийн “төрийн албанаас хална” гэсний өмнө “Төрийн албаны тухай хуулийн 48.1.4-т заасны дагуу” гэж нэмэхээр тогтов. Мөн төслийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсгийн “дөрөвдүгээр сарын 1-ний” гэснийг “наймдугаар сарын 1-ний” гэж, төслийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг, 65 дугаар зүйлийн 65.15 дахь хэсгийн “22:00” гэснийг “20:00” гэж өөрчлөхөөр боллоо. Ингэснээр төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн холбогдох бусад албан тушаалтнууд нь орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвших бол наймдугаар сарын 1-нээс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх, орон нутгийн сонгуулийн санал авах өдрийн 20:00 цагт сонгогчдын бүртгэлийг зогсоохоор тусгаад байгаа юм.

Түүнчлэн төслийн 28 дугаар зүйлд “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн агуугатай 28.8 дахь хэсгийг нэмэх, төслийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг “сумын хүн амын тоо нь 5000-аас дээш бол нэмж сонгуулийн тойрог байгуулж болно” гэж өөрчлөхөөр тогтлоо. Мөн төслийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийн “аймгийн төв 3000-аас дээшгүй, нийслэлийн дүүрэгт 4000-аас дээшгүй” гэснийг “аймгийн төвийн сум болон дүүрэгт 3000-аас илүүгүй” гэж өөрчлөх, төслийн 78 дугаар зүйлийн 78.2, 20 дугаар зүйлийн 20.8 дахь хэсгийг тус тус хасахаар боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top