CINEMA ROOM | Кино урлагийн эргэн тойронд

Ж.Сондор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 24

Монголын кино урлаг нэг үеэ бодвол өрсөлдөөн ихтэй болоод байна.Шинэ кино бүтээлүүд ар араасаа нээлтээ хийж танхим дүүрэн үзэгчдийг цуглуулах болсон энэ үед үзэгчид ч мөн гаднын кино бүтээлүүдээс илүүтэй Монгол уран бүтээлчдийн киног түлхүү үзэх сонирхолтой болсон нь илт.Ингээд он гарснаас хойш нээлтээ хийсэн шинэ кинонуудыг танилцуулж байна.


Солонго үүл: “Донна филмс”, “Oi entertainment”-ын анхны уран бүтээл “Солонго үүл” хэмээх энэхүү кино эмэгтэй хүний амьдралд тохиолдож болох гунигт түүхийг өгүүлдэг.Адал явдалт, гэмт хэрэг, уянгын төрлийн энэхүү киноны гол дүрд жүжигчин Б.Одончимэг, Г.Нарансолонго, С.Болд-Эрдэнэ, А.Баттүшиг, Г.Эрхэмбаяр, Т.Нямдорж нар тогложээ.Насны ангиллын хувьд +13 хэмээх заалт бүхий тус кино нийтдээ зуун минут үргэлжилнэ.Сонирхуулахад тус киноны продюсероор жүжигчин Б.Одончимэг ажилласан байна.Өөрийн гэсэн студиэ байгуулан кино урлагт шинэ уур амьсгал оруулж ирж байгаа түүний бүтээлийг бүх кино театрын дэлгэцээс үзэх боломжтой.

 

               

Буруу өрөг: Адал явдалт, драма төрлийн энэхүү кино найруулагч О.Бат-Өлзийн бүтээл.Тус кино нийтдээ 120 минут үргэлжлэх бөгөөд зохиолчоор Т.Бум-Эрдэнэ ажиллажээ.Насны ангиллын хувьд +16 гэсэн заалттайгаар үзэгчдийн хүртээл болж байгаа энэхүү уран бүтээлийн гол дүрийг жүжигчин Б.Барслхагва, М.Баярбат, Б.Одончимэг нар амилуулжээ.Гэмт хэргийн мөрөөр яваа мөрдөгч залуус санаанд оромгүй эргэлтэд орох бөгөөд тухайн хэргийг хэрхэн тайлахыг бүх кино театрын дэлгэцээс үзэх боломжтой.

 

               

Single Ladies 4: “U Film”-ийн уран бүтээл “Single ladies” кино дөрөв дэх ангиа үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ. Ирэх сарын хоёрны өдөр нээлтээ хийх тус кино хоёр өөр цаг хугацаанд үргэлжилнэ.Магадгүй ганц бие бүсгүйчүүдийн ганцаар яваа шалтгаан өнгөрсөн үеэс эхлэлтэй ч байж мэднэ.Үүний учгийг тус кинон дээр тайлна.Киноны гол дүрүүдэд бага зэрэг өөрчлөлт орсон ч өмнөхөөсөө илүү адал явдал дүүрэн байх тухай кино бүтээлчид дурдаж байсан удаатай. Харин ямар гол дүр шинээр гарч  ирж, үзэгчдийн сэтгэлийг булаах нь одоогоор нууц хэвээр байна.

 

 

1990: Энэ нэрийг сонссон хэн бүхний санаанд тухайн цаг мөчид болж байсан нийгмийн өөрчлөлт санагдах нь дамжиггүй.Харин энэ үед гурван найз хэрхэн гэр бүлийнхээ төлөө тэмцэж, амьдралаа өөрчлөх бол?Энэхүү түүхийг та дараах киноноос үзэх боломжтой.Адал явдалт төрлийн тус киноны гол дүрийг дуучин Д.Лхагва, А.Хишигдалай нар бүтээсэн.Сонирхолтой нь энэхүү киноны найруулагч болон продюсероор жүжигчин, дуучин Д.Лхагва ажиллажээ.Кино нийтдээ 105 минут үргэлжилнэ.Насны ангиллын хувьд ямар нэгэн хязгаар заагаагүй байна.

 

 

Таарсан хоёр: Инээдэм, адал явдал хосолсон тус киног “Fill Studio”,”Bat media”, “Telmen film”, “Sponsor consulting film”, “Lanz sound” нар хамтран бүтээжээ. Киноны гол дүрийг жүжигчин Ж.Баярмагнай, Д.Баттөмөр, Э.Урангоо, Ц.Мичидмаа, Б.Гэгээнсар, Б.Ариунцэцэг, Д.Гүрсэд, А.Цэгмэд, Б.Батзаяа нар бүтээсэн бөгөөд кино нийтдээ 90 минут үргэлжилнэ.Харин киноны продюсероор жүжигчин Д.Баттөмөр, Б.Батзаяа нар ажиллаж кино зохиолыг Ж.Оргил бичсэн байна.Тус киног бодит явдлаас сэдэвлэн бүтээжээ.Харийн оронд ажиллаж байгаад ирсэн нэгэн залуу эх орондоо ирснээр кино эхлэх бөгөөд түүний амьдралаа өөрчлөх төлөвлөгөө нурснаар киноны жинхэнэ адал явдал эхэлнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top