Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар чуулж байна

2020 оны 01 сарын 24
Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга замаа тодорхойлох, харилцан мэдээлэл солилцох, Засгийн газрын гишүүд аймгийн удирдлагуудад хэрхэн хамтран ажиллах талаар харилцан  ярилцах  зорилготой уг семинарыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай юм.


Семинарын эхний өдөр буюу өчигдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ аймаг, нийслэлийн удирдлагуудтай уулзаж, орон нутгийн өвөлжилтийн байдал, тулгарч байгаа бэрхшээл, хүндрэлүүдийн талаар санал солилцов. Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зүгээс шаардлагатай бүх талын бодлогын дэмжлэгийг үзүүлэхээ илэрхийлсэн юм. Мөн Ерөнхий сайдын 52 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсгээс боловсруулаад буй “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийн төслийг танилцуулав.
Тэгвэл семинарын хоёр дахь өдөр буюу өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар сонгуулийн хуулийн тухай танилцуулгыг хийж, аймгийн удирдлагуудын саналыг сонслоо. Оролцогчдын зүгээс зүгээс сонгуулийн санал хураах цагтай холбоотой саналыг ихэвчлэн хэлж байв. Тухайлбал сонгуулийн санал хураах цагийг 20.00 цагаар дуусгавар болгох нь учир дутагдалтай. Учир нь сонгуулийн өдөр хилийн  боомтуудыг хаадаггүй учраас Замын-Үүд гэх мэтчилэн хилийн боомттой сумдад иргэд 20.00 цагаас хойш саналаа олноороо өгдөг гэлээ.
Семинарын төгсгөлд Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар хамтран ажиллах тухай гэрээ байгуулж баталгаажуулах юм.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top