ЛОЗАНН-2020: Б.Номин-Эрдэнэ 61-р байрт орлоо

Админ | Zindaa.mn
2020 оны 01 сарын 22

“Таван цагариг”-ийн сурвалжлагч Э.Гуамарал

Швейцарийн Лозанн хотноо болж буй залуучуудын Өвлийн III наадмын гүйлтийн цанын тэмцээн Vallee de Joux Cross Country Centre-d өндөрлөлөө.

Өчигдөр (2020.01.21) гүйлтийн цанын классик буюу сонгодог техникээр эмэгтэйчүүд 5км , харин эрэгтэйчүүд 10 км -т уралдсан.

Эмэгтэйчүүдэд 82 цаначин мэдүүлгээ өгснөөс 77 тамирчин гараанаас гарлаа. Манай Б.Номин-Эрдэнэ 18 минут 08.7 секундийн амжилтаар 61 дүгээр байрт орсон бол Д.Урангоо маань харамсалтай нь барианд орж чадсангүй хоёр тамирчны нэг болов. Манай тамирчин мөсөн дээр халтирч унан, эмнэлэгт хүргэгдсэн байна. Биеийн ерөнхий байдал гайгүй боловч шинжилгээнүүд хийлгэж байгаа ажээ.

Эмэгтэйчүүдийн 5 км-т Шведийн М.Русенберг 14:15.7 амжилтаар алтан медаль хүртлээ.Энэ нь түүний “Лозанн-2020” -оос хүртэж буй гурав дахь медаль бөгөөд Русенберг ийнхүү залуучуудын олимпын алт, мөнгө, хүрэл цогц медальтай болов.

Мөнгөн медалийг Швейцарын Ш. Виггер 14:28.4 амжилтаар хүртлээ. Түүний хувьд энэ нь мөн л гурав дахь медаль нь бөгөөд Виггер өмнөх уралдаануудад хоёр алтан медаль хүртээд байсан юм.

14 минут 36.3 секундын амжилт үзүүлсэн АНУ-ын К.Крамер энэ зайд хүрэл медалийн эзэн боллоо.

Эрэгтэйчүүдийн уралдаанд 85 тамирчин мэдүүлгээ өгсөн ч гараанаас 79 гарсан. Манай цаначин О.Золбаяр 10 км-ийн зайг 30 минут 03.7 секундэд туулж, 38 дугаар байрт орлоо. Манай тамирчны ард Украин, Швейцар, АНУ, Канад, БНСУ гэх мэт улсын 41 тамирчин бичигдлээ.

Мөн Б.Хонгор 32 мин 06.6 сек амжилтаар 61 дүгээр байрт оров.

Энэ зайн алтан медалийг ОХУ-ын И.Трегубов 26:40.5 амжилтаар хүртсэн бол мөнгөн медалийг Германы Э.Кех 27:25.5 , хүрэл медалийг АНУ-ын У. Кох 27:29.5 амжилтаар хүртлээ.

Дашрамд дурдахад манай цаначин хоёр охин хоёулаа дөнгөж 15 настай бол Б.Хонгор 16, О.Золбаяр 17 настай юм.

Гэрэл зургийг OIS/ Chloe Knott, Joel Marklund

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top