Хятадад дэгдсэн КОРОНАВИРУС хүнээс хүнд халддагийг зарлалаа

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 21

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шуурхай ажлын хэсэг маргааш буюу лхагва гарагт Женев хотноо хуралдаж, шинэ төрлийн титэм вирусийн халдвартай холбогдуулан олон улсын хэмжээний онц байдал зарлах эсэхийг хэлэлцэж шийдвэрлэхээр болжээ.

БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хороо шинэ төрлийн титэм вирус хүнээс хүнд халдварладаг байж болзошгүй гэж мэдэгджээ.

Үл мэдэгдэх вирус халдварласан хүнтэй харьцах тохиолдолд халдварладаг болохыг нотолсон бодит нотолгоо байгаа тул шуурхай арга хэмжээ авах шаардлагатай гэж тус хороо онцлоод, титэм вирусээр халдварласан өвчтөнүүдийг эмчилж байсан 15 эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар туссан болохыг баталжээ.

Одоогоор бүртгэгдээд буй тохиолдлуудын 95 гаруй хувь нь Ухань хоттой холбоотой байна.

Шинэ төрлийн вирус хүнээс хүнд халдварлах эрсдэл бий болох нь тогтоогдсоноор титэм вирустэй тэмцэх зорилтыг хүндрүүлж байна гэж шинжээчид сэрэмжлүүллээ.

Мягмар гарагт шинэ төрлийн вирусээр халдварлаж, амиа алдсан хүний тоо дөрөв болж өссөн тухай Ухань хотын эрүүл мэндийн хороо мэдээлсэн. Нас барсан өвчтөн 89 настай байжээ.

Одоогийн байдлаар, Ухань хотод энэ вирусээр халдварласан 169 өвчтөн эмчлүүлж байгаагаас 35-ынх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ. Нийт 224 тохиолдол Ухань, Бээжин, Шанхай хот, Гуандун мужид бүртгэгдээд байгаа бол Өмнөд Солонгос, Япон, Тайланд зэрэг улсад мөн бүртгэгдсэн билээ.

Үл мэдэгдэх вирусийн халдвар сүүлийн хэдхэн хоногт эрчимтэй тархаж буйтай холбогдуулан Ухань хотод энэ вирусээр халдварласан өвчтөнүүдэд зориулан есөн тусгай эмнэлэг байгуулжээ. Үүний зэрэгцээ тус хотын 61 эмнэлэг энэ вирусээр халдварласан байж болзошгүй өвчтөнүүдийг хүлээн авч байна.

11 сая хүн амтай Ухань хот нь тээврийн зангилаа хот бөгөөд Хятадын Цагаан сараар тус хотоос Хятадын бусад хот руу чиглэсэн нийт 2131 нислэг, олон улсын 205 нислэг хуваарьтай.

Лондонд төвтэй Дэлхийн халдварт өвчин судлалын төвийн эрдэмтэд Ухань хотод үл мэдэгдэх вирусээр халдварласан хүний бодит тоо албан ёсны мэдээллээс хамаагүй их буюу 1700 орчим байж болзошгүй гэж анхааруулжээ. Ухань хотын нийтийн тээврийн бүх хэрэгслүүдэд хүний биеийн халууныг хэмжих хэт улаан туяаны термометр суурилуулжээ.

Хонконг, Сингапур, Тайланд, Малайз, ОХУ, АНУ зэрэг улс нисэх онгоцны буудлуудад хөл хорионы өндөржүүлсэн дэглэм тогтоогоод байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн титэм вирус Австралид хүрсэн байж болзошгүй байна. Квийнслэнд мужийн эрх баригчид Ухань хотоос ирсэн нэгэн зорчигчоос амьсгалын замын халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн гэдгийг баталжээ. Өвчтөнийг тусгаарласан бөгөөд шинжилгээний хариуг хүлээж байгаа аж. Хятадын Ухань хотоос Сиднейд ирж буй бүх зорчигчдыг эрүүл мэндийн шалгалтад хамруулж эхэлжээ. Хятад улсаас тус улсад жилд нэг сая жуулчин аялдаг байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бяцхан төгөл хотхон(202.126.89.235) 2020 оны 01 сарын 21

Шарга морьт зусланд эрүүл агаарт бүх асуудлаа шийдсэн зуслангийн хотхонд /харуул хамгаалалттай, гэрэлтүүлэг камертай, машины зогсоолтой, гүний худагтай, 380-д холбогдсон, хашаандаа мод буттай, амрах сандал сүүдрэвчтэй, явган хүний зам талбайтай, хүүхдийн тоглоомын талбайтай, дотроо 00-той, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, цэвэр тохилог, дулаахан 1 ба 2 өрөө байрыг 2-3 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Жирэмсэн болон нярай хүүхэдтэй ээжүүдэд тохиромжтой. Бяцхан төгөл хотхон. Утас: 99118457

0  |  0
Top