Шатахууны үнийн өсөлтийг хазаарлах нэг ч төгрөггүй Эрсдэлийн сан

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 20


Гадаад зах зээл дээр газрын тосны үнэ өсөх нөхцөл хэдийнэ бүрдчихсэн гэдгийг шинжээчид ам уралдан мэдээлж буй энэ үе Монголд шатахууны үнэ тогтуун байгааг дотоод гадаадын хэд хэдэн зүйлтэй холбон ойлгож болохоор байна.

Засгийн газраас АИ-92 төрлийн үнийг шатахууны үнийг тогтвортой байлгах үүднээс Эрсдэлийн сан буюу олон улсын нэршлээр Hedge fund байгуулахаар шийдвэрлэж, үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх бодлогын арга хэмжээ авaхаар болсон. Улмаар шатахууны үнийг тогтворжуулах эрсдэлийн хуримтлал бий болгох хэджинг гэрээ байгуулах эрхийг Уул уурхайн, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт олгоод байгаа. Сингапурын BDO сантай хамтран шатахууны үнэ тогтворжуулах хэджингийн хэлцэл хийх бэлтгэл ажлыг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам хангасан. Өнгөрсөн арванхоёрдугаар сард  Сингапурын биржийн тухайн өдрийн ханш 64 ам.доллар дээр олон улсын хэджинг буюу биржийн нөхцөлөөр шатахуунаа нийлүүлэх зохицуулалтыг анх удаа хийсэн.

Ингэснээр шатахууны үнэ дэлхийн зах зээлд хэд ч болж байсан дотооддоо жижиглэнгээр 1,830 төгрөгөөр авах боломж бүрдүүлсэн гэдгээ салбарыг сайд онцолж байгаа. Энэ гэрээг долоон сарын хугацаатай байгуулсан бөгөөд ирэх парламентын сонгууль дуустал шатахууны үнийн өсөлтөд санаа зовох шаардлагагүй гэж ойлгож болох нь. Хэджинг бол нэг төрлийн даатгал. Барааны үнийн савлагаанаас хамгаалах даатгалыг хэджинг (hedging) гэж тайлбарладаг. Үүний гэрээг байгуулснаар тодорхой үнийн түвшин дээр тохиролцоо хийнэ.

Гэрээний хугацаанд  үнэ өөрчлөгдсөн ч тохирсон үнээрээ л бараа авна, эсвэл зарна. Энэ үйлчилгээг авахын тулд тодорхой төлбөр эхлээд төлдөг. Шатахуунаа 100 хувь ОХУ-аас худалдаж авдаг Монгол Улсын хувьд газрын тосны үнэ буурах тусам бага өртөг гаргана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, газрын тосны үнэ бага байх тусам Монгол Улсын Засгийн газраас шатахууны арилжаанд төлөх мөнгө төдий чинээгээр буурна. Үүнээс хэрэглэгч бидний халааснаас гарах мөнгө төсвөөс гарч байгаа нь ойлгогдож байгаа байх. Тэгэхээр нэг төгрөгийн хуримтлалгүй Эрсдэлийн сангийн хөрөнгийг хаанаас яаж бүрдүүлэхээ нэн яаралтай тодорхой болгомоор байгаа юм. Шинжээчдийн хэлж буйгаар Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнээс олж буй орлогоороо Эрсдэлийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх боломжтой. Мөн зэс, нүүрсний илүү орлогоос бүрдүүлдэг мөртлөө төсвийн цоорхойг нөхөөд дуусгадаг Ирээдүйн өв сангийн хөрөнгийг ч ашиглах боломжтой аж.  Ямартай ч шатахууны үнэ Монгол Улс анхныхаа хэджингийг гадаадын сантай хамтран хийснээр тогтвортой байна. Уг нь хэдхэн хоногийн өмнө газрын тосны ханш нэг баррель нь 70 ам.долларт хүрэхэд л шатахууны үнэ савлаж мэдэхээр байсан. Хэрэв ийм арга хэмжээ аваагүй бол АИ-92 төрлийн шатахууны импортын татварыг тэглэчихсэн Засгийн газар ямар ч арга хэмжээ авч чадалгүй суух байсан биз. Өнгөрсөн оны эхэнд Засгийн газраас А-80, АИ-92 төрлийн шатахууны Онцгой албан татвараас чөлөөлж,  нефтийн үйлдвэр барихаар шийдвэрлэсэн учраас үнэ нэмэгдэхгүй гэж мэдэгдэж байлаа. Гэвч шатахууны худалдаа эрхлэгчид шатахууны жижиглэнгийн борлуулалтын үнийг гурван удаа нэмэгдүүлэхэд  ямар ч арга хэмжээ авч чадаагүй. Тухайн үед дотоодын шатахууны үнийн бүрдлийг эцэслэн тогтоох зайлшгүй шаардлага бий болсон талаар зарим төрийн байгууллагын зүгээс мэдээлсэн төдий өнгөрсөн. Гэвч газрын тосны бүтээгдэхүүний зах зээлийн хувьд 2019 оны байдлаар зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч тогтоогдоогүй учраас төр шатахууны үнийг шууд хянах эрх байхгүй гэдэг шалтгаанаар гар мухардсан.

Тоон мэдээллээр, Монгол Улсын шатахууны импорт өнгөрсөн онд мөнгөн дүнгээрээ буурсан ч биет хэмжээрээ өссөн дүнтэй гарчээ. Автомашин, механизмын импортоо дагаад ирээдүйд шатахуун, түлшний хэрэглээ улам бүр тэлнэ. Дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш тэнгэрт хадвал, бүр илүү ам.доллар гадагшлуулж таарна. Хамгийн сүүлд л гэхэд дэлхийн хамгийн том түүхий эдийн хэрэглэгч Хятадын эдийн засгийн өсөлт 6.1 хувьд хүрч 29 жилийн доод хэмжээндээ хүрсэн ч газрын тосны ханш төдийлөн буурсангүй.  Энэ нь БНХАУ, Америк худалдааны хэлэлцээрт энэ долоо хоногт гарын үсэг зурснаар эдийн засагт өөдрөг хүлээлт үүссэнтэй холбоотой аж. Хятад, АНУ нэгдүгээр шатны худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа Брент маркийн газрын тосны ханш нэг хувиар өссөн байх жишээтэй.  Үүнтэй зэрэгцэн Олон улсын эрчим хүчний агентлаг газрын тосны зах зээлийн 2020 оны тодорхой бус төлөв байдлын талаар санал солилцсон талаар мэдээлэл бий. Тус агентлагийн таамаглалаар ОПЕК,   ОХУ-тай нийлүүлэлтээ танахад тохиролцсон ч гэлээ ОПЕК-ийн нийлүүлэлт эрэлтээсээ илүү байна гэж дүгнэжээ. Мөн ОПЕК 2020 оны нэгдүгээр улиралд үйлдвэрлэлийн таналтаа нэмэгдүүлэх эсэх нь дараагийн том нөлөөг үзүүлэх шийдвэр байх болно гэдгийг тодотгожээ.  Газрын тос олборлогч орнууд эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх зорилгоор 2017 оноос хойш   олборлолтдоо хязгаарлалт тогтоож ирсэн юм. ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус орнууд үйлдвэрлэлээ танах хэлэлцээрээ өнгөрсөн сарын хурлаараа сунгаж энэ оны I улирлыг дуустал хэрэгжүүлэх шийдвэрт хүрсэн. Тус улсууд  өдрийн үйлдвэрлэлээ 500 мянган баррелиар бууруулахаар тохиролцсон. Цаашид ОПЕК-ийн үйлдвэрлэлээ танах хэлэлцээр үргэлжлэх мэдээ бий. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын олборлолт нэмэгдэх хүлээлт, дэлхийн эдийн засгийн өсөлт удааширснаар газрын тосны эрэлтэд сөргөөр нөлөөлөхөөр байгаа зэрэг нь 2020 онд ханшийг 60 ам.долларт хэвээр үлдээх төлөвтэй гэдгийг шинжээчид онцолсон байна. 

Энэ нь импортлогч орнуудын хувьд сайн мэдээ боловч Монголын шатахуун импортлогчдын зүгээс ам.долларын ханшийн өсөлтөд дөрөөлөн үнээ тогтоож ирсэн гэдгийг мартаж болохгүй. Учир нь ам.долларын ханшид 100 орчим төгрөгийн хэлбэлзэл үүсэхэд нэг литр шатахууны үнэд 60-70 төгрөгийн савлагаа үүсдэг гэх судалгаа бий.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top