АНУ, БНХАУ чухал баримт бичиг байгууллаа

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 16

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар сайд Лю Хэ нар лхагва гарагт хоёр талын худалдааны маргааныг шийдвэрлэх гэрээний эхний үе шатны баримт бичигт гарын үсэг зурлаа. Цагаан ордонд болсон гарын үсэг зурах ёслолд 300 орчим албаны хүн оролцжээ.

Худалдааны гэрээний эхний үе шатны хэлэлцээр АНУ-ын оюуны өмчийн аюулгүй байдлыг хангах, технологийг албан хүчээр шилжүүлэх явдлыг зогсоох, Америкийн хөдөө аж ахуйн салбарыг өргөжүүлэх, тус улсын санхүүгийн салбарт тулгарч буй саад тотгорыг арилгах, Хятадын валютын манипуляцыг зогсоох, хоёр улсын худалдааны харилцааны тэнцвэртэй байдлыг хангахад чиглэж байна гэж Цагаан ордон мэдээлжээ. Энэхүү хэлэлцээрийн өртөг нь 200 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа бөгөөд жил бүр өснө гэж Трамп мэдээлжээ. Баримт бичигт тоон үзүүлэлтүүдийг 2017 оныхтой харьцуулсан байна. Хятад улс АНУ-ын бараа бүтээгдэхүүний импортын хэмжээг эхний жилд 32.9 тэрбум ам.доллароор нэмэгдүүлж, хоёр дахь жилд 44.8 тэрбум ам.доллароор нэмэгдүүлнэ. Бүхэлдээ хэлэлцээрт  Хятадын талд АНУ-ын бараа үйлчилгээний худалдан авалтын хэмжээг эхний хоёр жилд 200 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэхийг уриалсан байна. Түүнчлэн, “Visa”, “Mastercard”, “American Express” зэрэг компаниуд Хятадын төлбөр тооцооны зах зээлд нэвтрэх эрх олж авч байна.

Харин Америкийн тарифыг цуцлах тал дээр, АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер гаалийн татварыг хоёр дахь үе шатны хэлэлцээний үеэр хэлэлцэнэ гэжээ. Хэлэлцээр гарын үсэг зурсан өдрөөс хойш 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.
Лю Хэ энэхүү баримт бичгийн харилцан ашигтай гэж дүгнэжээ. Эл хэлэлцээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгож, хоёр улсын үйлдвэрлэгч, хэрэглэгч, хөрөнгө оруулагчдын эрх ашигт нийцэж буйг илэрхийлжээ. Түүнчлэн энэ нь Дэлхийн худалдааны байгууллагын дүрэмт нийцэж буйгаас гадна гуравдагч талын хууль ёсны эрх, эрх ашгийг зөрчихгүй гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top