ОХУ-ын хамгийн тууштай ЕРӨНХИЙ САЙД Д.Медведевийн КАРЬЕР

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 16


ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн тэргүүлж асан Засгийн газар өчигдөр /2020.01.15/ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо.

Д.Медведев ОХУ-ын шинэ түүхэнд Засгийн газрыг хамгийн удаан хугацаанд тэргүүлсэн Ерөнхий сайд юм.

Тэр нийт долоон жил, найман сарын хугацаанд Засгийн газрыг тэргүүлсэн байна (2012 оны тавдугаар сарын 8-нд Засгийн газрын тэргүүнд томилогдсоноос хойш хоёр мянга 808 өдөр).

Д.Медведевийн одоогийн танхим 2018 оны тавдугаар сарын 18-нд 10 орлогч дарга, нэг шадар сайд, 22 сайдын бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр болсон явдлын дараа Засгийн газрын гишүүдэд шинэ танхим бүрэлдэх хүртэл үүргээ гүйцэтгэж байхыг даалгасан билээ.


Д.МЕДВЕДЕВИЙН НАМТАР ба КАРЬЕР
 

Дмитрий Анатольевич Медведев 1965 оны есдүгээр сарын 14-нд хуучнаар Ленинград (Одоогийн Санкт-Петербург) хотод төржээ. Түүний эцэг Анатолий Афанасьевич (1926-2004) Ленинградын технологийн дээд сургуулийн профессор байсан бөгөөд эх Юлия Вениаминовна (1939 онд төрсөн) Ленинградын багшийн дээд сургуульд багшилдаг байжээ.

1987 онд Дмитрий Медведев Ленинградын улсын их сургуулийн хууль зүйн сургууль, 1990 онд Санкт-Петербургийн их сургуулийн хууль зүйн магистрантурыг төгсжээ.

1982 онд Лениградын технологийн дээд сургуульд лаборантаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан Медведев 1999 онд төрийн албанд оржээ. Тэрбээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд тэргүүнээр ажиллаж байгаад 1999-2000 онд Ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч даргаар ажиллаж байв. 2000-2005 онд Ерөнхийлөгчийн тамгын газрын нэгдүгээр орлогч дарга, дарга, 2000-2008 онд “Газпром” хувьцаат нийгэмлэгийн ТУЗ-ийн гишүүн, дарга, 2004-2008 онд Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, 2012 оноос тус зөвлөлийн байнгын гишүүн, 2005-2008 засгийн газрын орлогч дарга, 2008-2012 онд ОХУ-ын Ерөнхийлөгч, 2012 онд ОХУ-ын засгийн газрын тэргүүнээр сонгогдож, 2018 онд ерөнхий сайдын албан тушаалд улиран сонгогдсон байна.

Д.Медведев 2018 онд есөн сая 918 мянган рублийн орлого олсон гэж орлогын мэдүүлэгтээ мэдүүлж байв.

Дмитрий Медведевийн эхнэр Светлана Владимировна Медведева 1965 оны гуравдугаар сарын 15-нд Ленинград мужийн Кронштадт хотод төржээ. Тэрбээр Ленинградын санхүү, эдийн засгийн дээд сургуулийг төгссөн байна. Хүү Илья 1995 оны наймдугаар сарын 3-нд төрсөн. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгсжээ.

Дмитрий Медведев гэрэл зургийн хоббитой, Санкт-Петербургийн “Зенит” хөл бөмбөгийн багийг дэмждэг, “Deep Purple”, “Black Sabbath”, “Led Zeppelin” зэрэг рок группийн дуунуудыг сонсох дуртай. Тэрбээр Оросын өндөр албан тушаалтнуудаас интернетийн хамгийн идэвхтэй хэрэглэгч бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа 2010 онд твиттер хаяг нээж байжээ.

Тэрбээр Оросын төрийн алба хаагчдаас хамгийн анх микроблог хөтөлсөн бөгөөд твиттерт тэрбээр 4.78 сая дагагчтай бол Facebook-т 1.38 сая, Инстаграмд 2.5 сая дагагчтай аж.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөрхөн Ерөнхий сайдын албаас буусан Д.Медведевт Аюулгүй байдлын зөвлөлийн Дэд тэргүүн гэсэн албан тушаал зориулах тухай хэвлэлүүд мэдээлж байгаа билээ.
 

Хүү Илья Медведев

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top