"Сүүгүй ямаа"-ны дуранд буусан монголчуудын 36 жилийн амьдрал

2020 оны 01 сарын 15

Япон Улсын гэрэл зурагчин Сүгияама Тэрүзонь нь “Улаанбаатар 1983” үзэсгэлэн, цомгийн нээлтээ өнөөдөр /2020.01.15/  Монгол-Японы төвд хийв. Сүгияама Тэрүзонь нь Монголын соёлын үнэт өв болон социалист засаглалтай үеийн улсын нийслэл Улаанбаатар хотын өнгө төрхийг өнөөгийн өнгө төрхтэй харьцуулан авч гэрэл зургийн хальснаа буулгаж, Монгол, Япон хоёр улсын найрамдалт харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулж буй гавьяатай хүн билээ.

Түүний үзэсгэлэнд Улсын их хурлын дэд дарга Л.Энх-Амгалан, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюки тэргүүтэй хүндэт зочид хүрэлцэн ирж баяр хүргэв.

Сүгияама Тэрүзонь үзэсгэлэнг нээж үг хэлэхдээ “Намайг Сүгияама  буюу монгол дуудлагаар найзууд маань “Сүүгүй ямаа” гэж дууддаг гэж хошигнон хэлээд Анх 1983 оны зун аяллаар Монголд ирж байсан. Анх Чойжин ламын сүмийг үзээд өвөрмөц сэтгэгдэл төрж буддын шашны сүм музейн зураг авах хүсэлтийг холбогдох яаманд гаргасан боловч зөвшөөрөөгүй. БНМАУ нь социалист засаглалтай, нийслэл Улаанбаатар хот нь нам гүм бөгөөд хараа хяналт ихтэй, чөлөөтэй биш, хаагдмал нийгэм намайг угтаж байлаа. Түүний дараа 1984 онд ЮНЕСКО-ийн төслийн дэмжлэгтэйгээр Монголын урлагийн нийгэмлэгийн даргатай хамтарч соёлын өвийн зураг авалтын ажлыг эхлүүлэх завшаан олдсон" гэж дурсан өгүүлэв. Улсын их хурлын дэд дарга Л.Энх-Амгалан “Сүгияама бол “Сүүгүй ямаа” биш “Сүүтэй ямаа” шүү. Маш их сүү, ноолуур сайтай, өгөөжтэй “ямаа”. Түүний Монгол Улсад элэгтэй сэтгэлийг үнэхээр бахдаж байна. Амьдралынхаа 36 жилийг Монголын гэрэл зургийн хөгжилд зориулж, маш олон ном бүтээл, өв соёл бүтээж олны хүндлэлийг төрүүлсэн хүн. Түүний зүрх нь үргэлж Монголын төлөө цохилдог гэдэг нь бүтээлийнх нь амьсгал бүрээс мэдрэгддэг” гэв.

 

Монголчуудад ухаарал, сэхээрэл авчирсан соён гэгээрүүлэх үйлстэй энэхүү номыг бүтээхэд Монгол-Японы парламентын бүлгэмийн дарга, Уул, уурхайн сайд Д.Сумъяабазар ихээхэн хувь нэмрээ оруулсан бол Монголын гэрэл зурагчдын холбооны удирдах зөвлөлийн дарга Л.Ганзориг ном бүтээх ажлыг удирдан зохион байгуулж ажиллажээ. “Улаанбаатар 1983” номд 3000 орчим зургаас 226 зургийг  шилж оруулсан бөгөөд Улаанбаатар номын сан, Үндэсний номын сангуудад бэлэглэх тул оюутан залуус зорьж очиж, үзэж сонирхох боломжтой юм.

 

Амьдралынхаа 36 жилийг Монголын гэрэл зурагт зориулсан Сүгияама Тэрүзонь 1987 онд “Монгол зураг” /Монголын шашны зураг/, 1988 онд “Монголын дүрслэх урлаг”, 1990 онд “Монголын сүм хийд” болон архитектур”, “Монгол уран баримал” /Монголын цутгамал бурхдын зураг/, мөн онд Монголын түүх болон дүрслэх урлагийн түүвэр, 1992 онд Монголын нүүдэлчид, 1996 онд Монголын зохиогч нь тодорхойгүй өвийн олдвор ба Чингис хааны талын тэмдэглэл, 1996 онд “Монголын нууц эрдэнэс”, 1998 онд “Монголын шашны урлаг” гэрэл зургийн цомог тус тус гаргаж, 2016 онд “Дэлхийд түгсэн Монголын соёлын өвүүд” /1983-2016 он хүртэлх/ гэрэл зургийн үзэсгэлэнгээ Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гаргаж байсан.  “Алтан гадас” одон болон, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулж байжээ.

 

 

Сүгияама ТэрүзоньСоциализмын үеийн Улаанбаатар тайван амгалан байсан бол өнөөгийн Улаанбаатар эмх цэгцгүй, бухимдалтай болжээ

Өөрсдийнхөө анзаардаггүй, тоодоггүй зүйлс бусдын нүдэнд сонин содон, үнэ цэнтэй байдаг гэдгийг харуулсан тус гэрэл зургуудын хальс бүхэн үнэхээр л үнэ цэнтэй, өөрийн гэсэн үүх түүхтэй харагдаж байлаа. Сүүний очер, квасны цэг, дээлтэй хүүхнүүд, морин тэрэг, Жанрайсиг бурхан, номын худалдаа, цагаан утас, улаан бүчтэй сурагчид, цагаан хаалга зэрэг 1980,1990-ээд оны дүр зураг, ахуй амьдралыг гэрэл зургийн хальснаа буулгаж он цаг улирахын хэрээр хүмүүсийн амьдрал хэрхэн өөрчлөгдөж буйг харьцуулан үзүүлсэн “Улаанбаатар 1983” гэрэл зургийн үзэсгэлэн, цомгийн эзэн Сүгияама Тэрүзонь эрхэмтэй цөөхөн хором хөөрөлдөх завшаан тохиосон юм.

 

-Юуны өмнө таны сэтгэлийг соронздон татсан Монгол орон болон  монголчуудын өвөрмөц онцлог, шинж чанарыг онцолж хэлнэ үү?            

-Нэгдүгээрт монгол , япон хүмүүсийн найрсаг, зочломтгой зан нь адилхан санагдсан. Хоёрдугаарт буддын шашны соёл нь ойролцоо байсан учир сэтгэлд тун дотно санагдаж өөрийн эрхгүй татагдан тэмүүлсэн.  Монголчуудын амьдрал, уламжлал, үндэсний хувцас, ёс заншил гээд Япончуудаас огт өөр ертөнц надад маш сонин санагдсан. Энэ л ер бусын амьдралыг сонирхон судалж явсаар өдгөө 36 жилийн нүүрийг үзэж байна даа.

-Социалист нийгмийн цаг үед Монгол орны ирээдүйг хэрхэн төсөөлж байсан бэ?

-“Монголын соёлын өв соёл” хэмээх дөрвөн цуврал гэрэл зургийн цомог хэвлүүлж, дэлхийд анх Монгол гэрэл зургийн томоохон бүтээл болж өндрөөр үнэлэгдсэн нь маш их урам хайрласан. 1990-ээд онд социалист засаглалаас ардчилсан хувьсгал руу шилжин орж буй эгзэгтэй үеийн амьдралыг гэрэл зургийн хальснаа буулгасандаа баяртай байдаг. Ардчилсан нийгэм рүү шилжсэнээр монголчууд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй болсон нь цаашид энэхүү улс хөгжин мандана гэсэн итгэлийг төрүүлсэн.

-Тухайн үеийн Улаанбаатар, өнөөгийн Улаанбаатар хэрхэн өөрчлөгдсөн гэж харагддаг вэ?

-Анх Монголд ирэхэд социалист нийгмийн хаалттай цаг үе байсан ч ард түмэн нь амар амгалан хот байсан. Өнөөгийн Улаанбаатарын нийгэм нь эрх чөлөөтэй сайхан болсон мэт боловч хэтэрхий шавааралдсан, эмх замбараагүй төлөвлөлттэй, бухимдал ихтэй харагддаг. Барилга байшин, машин тэрэг нь хөл гишгэх зайгүй болжээ. Би өдөр тутмын энгийн амьдралыг түлхүү авахыг хүсдэг.  Тэр үеэс хойш Монгол Улс хөгжсөн байна. Тэр үед Улаанбаатар хот эмх цэгцтэй сайхан хот байсан. Өргөн саруул цэцэг гудамжаар нь адуу мал, буга согоо бэлчсэн амар амгалан хот байсан. Тухайн үед байсан Элдэв-Очир кино театр, Байгалийн түүхийн музей зэрэг олон түүхэн газрууд өдгөө үгүй болжээ. Гэрэл зурагт л мөнхрөн үлдэж дээ. Тиймээс л байсан бүхэн байхгүй болоход мөнхлөн үлддэг гэрэл зураг гэдэг ийм үнэ цэнтэй зүйл юм шүү дээ.

-Та өөрийнхөө олон жилийн нөр их хөдөлмөрийн үр шимийг юу байгаасай гэж боддог вэ?

-Энэхүү бүтээлүүд маань одоогийн Улаанбаатар болон ирээдүйн Улаанбаатар хотыг төлөвлөхөд шинэ санаа, сэдэл төрүүлэх байх гэж найдаж байна. Улаанбаатарын хөгжилд бага ч гэсэн хувь нэмэр оруулж, хожмын түүх судлаачдад хэрэгтэй гарын авлага болно байх гэж хүсэж байна.

-Цаашид нүүдэлчин монгол ахуйг харуулсан гэрэл зургаар цомог гаргах уу?

-Би одоо 74 настай. Эх орондоо очоод жаахан амрангаа гэрэл зургуудаа нягталж үзээд шинэ цомог гаргах тухай бодно. Монголын буддын соёлын өвөөр гэрэл зургийн цомог гаргах бодолтой байгаа.

-Монгол орноор аялж явахад сэтгэлд хоногшин үлдсэн хамгийн сайхан газар нь ямар газар байсан бэ?

-Улаанбаатараас 100 орчим километрийн зайтай “Улаанхэрэм” гэдэг газраас булшны үзмэрийн зураг авахаар явж байсан минь гүн сэтгэгдэл төрүүлсэн.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top