Долоон тэрбум жилийн настай сансрын тоосонцор илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 14

Эрдэмтэд манай нарны аймгийн одоогоор хамгийн эртнийд тооцогдох материйн ул мөрийг 1969 онд Австралийн Мерчисон хот орчим олдсон алдарт Мерчисон солир дотор илрүүлжээ.

Долоон тэрбум жилийн настай сансрын энэ тоосонцрыг судалснаар хөрш оддын амьдрал, мөхлийн түүхийг нээх боломжтой болно гэж АНУ-ын Чикагогийн их сургуулийн дэд профессор Филипп Хэк мэдэгджээ. Тэрбээр “Бид гартаа оддын чулуужсан хэсгийг барьж байна гэж хэлж болно. Оддын тоосонцрын бичил хэсгүүд олон тэрбум жилийн өмнө солирын дотор хадгалагдаж, нарны аймаг үүсэхээс ч өмнө төгсгөл болсон эрин үеийн ул мөрийг хадгалсан цаг хугацааны төгс архив болжээ” хэмээжээ.

Дэлхий болон бусад гарагс нарны адил ойролцоогоор 4.5 тэрбум жилийн өмнө од хоорондын хий, тоосонцроос бүрдсэн материйн үүлний агшилтын үр дүнд бүрэлдэн тогтжээ. Нарны аймгийн энэхүү анхдагч материйн ул мөр хамгийн эртний солир, жижиг гарагсын хэвлийд хадгалагдсан байх учиртай гэж эрдэмтэд таамаглаж байна. Эдгээр солир, жижиг гарагсын хэсгүүдийг энэ арван жилд “OSIRIS-Rex”, "Хаябуса-2” сансрын хөтөлбөрийн хүрээнд дэлхийд авчрах юм. Нарны салхины халуун плазмаас бүрдсэн хийн мандал бий болсон тул хожим нь  нарны аймаг руу чиглэсэн материйн урсгал зогсжээ. Хийн мандал нарны аймгийн бүх гараг, ойр орчмыг хүрээлж, сансрын тоосонцрыг өөртөө нэвтрүүлэлгүй, задгай сансар руу буцааж түлхдэг байна. Үүний ачаар нарны аймгийн изотоп болон химийн бүтэц од хоорондынхоос мэдэгдэхүйц ялгагддаг аж.

Олон эрдэмтэд одод тогтмол хурдаар Сүүн замд бүрэлдсэн гэж үздэг. Харин энэ солир болон сансрын тоосонцрын ачаар үүнийг үгүйсгэх нотолгоо анх удаа гарч иржээ. Долоон тэрбум жилийн өмнө сансар огторгуйд шинэ одод үүсэх явцыг эрс түргэтгэсэн нэгэн үйл явдал болжээ гэж Хэк онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top