Монголын мал аж ахуйн салбарт канад компани блокчейн технологи нэвтрүүлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 12

Канадын Торонто хотод төвтэй “Convergence.tech” компани блокчейн технологид суурилсан ноолуурын бүртгэл хийх аппликейшн хөгжүүлж буйгаа зарлалаа.

Этерум систем дээр суурилсан дээрх аппликейшн нь малчдад ноолуурын борлуулалтаа хянах, хэрэглэгчдэд тухайн ноолуурын гарал үүслийн талаарх мэдээллийг тодорхой болгох юм.

Монгол малчид тэр дундаа ноолуурын салбарт байгаль цаг уурын хүнд нөхцөл, дэд бүтэц зэргээс шалтгаалсан тогтворгүй нөхцөл байдал үүсдэг тул үүнийг зохицуулах зорилгоор дээрх аппликейшнийг хөгжүүлэх аж.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр дээрх төслийг хамтран хэрэгжүүлэх юм. 

“Монголын нүүдэлчин соёлын өв болсон малчин түмэн онцгой. Гэвч тогтмол бус орлоготой байдаг. Тиймээс малчдын хамгийн том эх үүсвэр болсон ноолуурын салбарт технологийн дэвшлийг ашиглан өөрчлөлт авчрахыг зорьж байгаа. Малчид болон хэрэглэгчдэд бодит үр нөлөөгөө үзүүлнэ” гэж “Convergence.tech” компанийн Гүйцэтгэх захирал Чами Акмемана ярьжээ.

Тус компанийн зүгээс андройд үйлдлийн систем бүхий гар утсанд зориулсан аппликейшн хөгжүүлж байгаа аж. Малчин түмний дийлэнх нь андройд систем бүхий ухаалаг утастай тул компанийн зүгээс андройд хувилбарыг сонгосон байна.

Блокчейн технологид суурилуулахдаа тухайн малчинтай гэрээ хийсний үндсэн дээр малд нь чип суурилуулж улмаар нэгдсэн мэдээллийг өгөгдлийн санд оруулах юм. Ингэхдээ байгаль орчны судалгаанд ашигладаг радио давтамж бүхий үелзлийг ашиглан дата боловсруулах ажээ.

Төсөл хэрэгжүүлж буй “Convergence.tech”  компани 2018 онд байгуулагдаж, Энэтхэгийн Харяна муж болон Афганистан улсад блокчейн технологийн чиглэлээр төсөл хэрэгжүүлж байжээ. Тухайлбал Энэтхэгийн Харяна мужид газрын бүртгэлийг, Афганистанд цагдаагийн ажилтны цалингийн системийг блокчейн технологид тус, тус амжилттай шилжүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.21.141) 2020 оны 01 сарын 13

Мал маллахаа маркс энгелсээр заалгахгүй гэж нэг үг бий дээ

0  |  0
Т(117.111.26.90) 2020 оны 01 сарын 12

Юугаа хийдгийн далд ямач санаатай юм билээ

0  |  0
Top