Н.Цэрэнбат: Төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлдэг бол дэмжинэ, үгүй бол лицензийг цуцална

2020 оны 01 сарын 08

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбаттай ярилцлаа.


-“Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” хэлэлцүүлгийг МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярын тэргүүлдэг “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ болон “Эрс шинэчлэл” хөдөлгөөн, “Босоо хөх Монгол” ТББ нар хамтарч орон даяар зохион байгуулж байлаа. Сүүлд Төрийн ордон нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулж төр засагт үгээ хүргэсэн. Харин саяхан Засгийн газрын хуралдаанаар Экологийн цагдаагийн алба байгуулах шийдвэр гаргалаа. Энэ албыг байгуулах шалтгаан нь юу байв?

-Монгол Улсын Засгийн газраас хариуцлагагүй, хууль бус уул уурхайтай тэмцэж байгаа. Гэхдээ бид энэ чиглэлээр ажиллахад үнэхээр хүн хүчний нөөцийн дутагдалтай байна. Экологийн цагдаа байтугай хэв журам сахиулах цагдаагийн орон тоо ч их хэмжээгээр дутагдалтай байгаа шүү дээ. Засгийн газар эхний ээлжид байгаль орчны эсрэг гэмт хэрэг дээр тусгайлан анхаарч, Монгол Улсын иргэдэд Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүргийнхээ хүрээнд Экологийн цагдаагийн албыг байгуулж байгаа юм. Энэ алба байгаль орчны эсрэг гэмт хэргийг таслан зогсоох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэг бүртгэх, мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулна.

Ингэснээр цаашид байгаль орчны эсрэг гэмт хэргүүдтэй тэмцэх тусгайлсан хүн хүчний хувьд нэмэгдсэн, мэргэжлийн хувьд чадавхижсан алба болно гэж үзэж байгаа. Мөн энэ алба байгаль орчны эсрэг гэмт хэргүүд дээр тусгайлан хийх урт, богино хугацааны ажиллагаанууд дээр өргөн бүрэлдэхүүнээр орно. Өмнө нь ийм төрлийн ажиллагаанд Нийтийн хэв журам сахиулах албаны цагдаа нарыг дайчилдаг байлаа. Одоо бол эхлээд Экологийн цагдаагийн алба ажиллаад хүн хүч нэмэгдүүлэх шаардлагатай бол нийтийн хэв журам сахиулах цагдаагаас татан авч ажиллах зарчимтай болсон. Ингэснээр байгаль орчны эсрэг гэмт хэргүүд ирэх жил эрс буурна гэж үзэж байгаа.

-Засгийн газар хариуц­лагагүй уул уурхайтай тэмцэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ хариуцлагагүй уул уурхай гэдэг ганцхан хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас гадна лиценз олгож буй төрийн албанд ч хамаатай юм биш үү?

-Бид ардчиллаа ч, хууль дүрмээ ч монголчилсоор хэтэрхий буруу хүсэл тэмүүллээр 20 гаруй жил явжээ. Замбараагүй байна. Тухайн бүс нутгийн ард иргэдийн эрх зөрчигдөж байна гээд хариуцлага тооцох гэхээр аж ахуйн нэгжийн эрх ашгийг нь хамгаалсан олон хууль баталчихсан байдаг. Энэ алдааг засч байгаа. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг шалгалт явуулсан. Ажлын хэсэг аль зөвшөөрөл одоо мөрдөгдөж буй ямар хуулиудыг зөрчсөн байна гэдгийг тодруулсан. Энэ асуудлууд удахгүй УИХ-аар ороод шийдэгдчих байх гэж бодож байна. Өөрийн чинь хэлээд байгаа Засгийн газар сайн ажиллаад байгаа юм шиг мөртлөө нөгөө талдаа хариуцлагагүй уул уурхай, элдэв лицензийг яагаад олон жил байлгасан юм бэ гэдэг асуудал бол өмнөх үеийн төр засгийн албан хаагчидтай холбоотой. Тэд цаг хугацааг аргацаасан байдлаар асуудалд хандаж, зоригтой шийдэж чадаагүй нь өнөөгийн Засгийн газрын өнгөрсөн оны сүүлийн таван сарын хугацаанд хийсэн хяналт, шалгалт, Сэлэнгэ, Архангай аймагт хийсэн ажиллагаанаас харагдаж байна шүү дээ. Ийм хяналт шалгалт тогтворжих юм бол цэгцэнд оруулах боломжтой гэдэг нь харагдлаа. Бидний хувьд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайнхныг дэмжиж байгаа. Үүн дээр ямар ч асуудал байхгүй. Гэхдээ олон зуун компанийн эрх ашиг гэж ярьдаг боловч хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа нь хэд байгаа юм. Байгаль орчин хамгаалах тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиараа хийх ёстой үүргээ биелүүлээгүй лиценз эзэмшигчид зөндөө байна. Эд нарыг цаашдаа зогсооно. Лиценз эзэмшигч хуулиараа байгаль орчныг нөхөн сэргээх үүрэгтэй. Лиценз худалдсан, худалдаагүй эсвэл хүнээс авсан байна уу хамаагүй. Тийм учраас байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн тодорхой хэмжээний лиценз эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд хэрэг үүсгэж өгнө үү гээд Цагдаагийн ерөнхий газарт хандсан. Үүний дагуу хэрэг үүсээд явж байгаа. Үнэхээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлдэг юм бол бид дэмжээд явна. Биелүүлэхгүй байх юм бол лицензийг нь цуцална. Түүнээс биш өмнөх шиг болоод байдаг байсан юм бол өнгөрсөн гэдгийг уул уурхайн хүмүүст хэлэх нь зөв байх. 

-Экологийн цагдаагийн албанд ажиллах цагдаа нар нь ямар мэдлэг туршлагатай хүмүүс байх вэ?

-ЦЕГ-аас тавьдаг шаардлагыг хангасан албан хаагчид байна. Тэднийг байгаль орчны чиглэлийн мэдлэг мэдээллээр хангах, урт богино хугацааны сургалтад суулгаад явах байх. Мөн тодорхой хэсэгт нь байгаль орчны мэргэжлийн хүмүүс авч ажиллуулах болов уу. Нөгөө талаас БОАЖЯ, ХЗДХЯ, ЦЕГ, Хууль сахиулах их сургууль хамтарч экологийн цагдаагийн албан хаагч нарыг сургах, байгаль орчны чиглэлийн мэдлэг, мэдээлэл өгөх чиглэлээр ажиллана.

-Та Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга. Нүдэнд харагдаж байгаагаар энэ өвөл утаа тодорхой хэмжээгээр буурсан байна. Ер нь яг хэдэн хувиар буурсан юм бол?

-Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргасан нэгдсэн албан ёсны мэдээлэл дээр Улаанбаатар хотын хорт утааны хэмжээ өнгөрсөн оноос 46.8 орчим хувиар буурсан тухай дурдсан байгаа. Миний хувьд энэ тоо баримтад итгэж байгаа. Монгол Улсын Засгийн газар үүнээс цааш ч утааг шат дараатай бууруулахаар ажиллана.

-Нийтийн тээврийн насжилт өндөртэй 400 автобусны янданд утаа шүүгч суурилуулах нь гэсэн сураг гарч байсан?

-Бид 202 мянган айлын яндангийн асуудал яриад байдаг гэтэл Улаанбаатар хотод 500 гаруй мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нөгөө хөдөлгөөнд орж байгаа тээврийн хэрэгсэл чинь айлын яндангаас хоёр дахин их байгаа байхгүй юу. Дээрээс нь тэдний 60-аас дээш хувь нь насжилт өндөртэй тээврийн хэрэгсэл байдаг. Тийм учраас бид эхний ээлжинд утаа хаядаг, насжилт өндөртэй нийтийн тээврийн автобуснуудад бүрэн шаталтыг дэмжих тоног төхөөрөмж тавихаар төлөвлөсөн. Эхний ээлжинд 19 автобусанд суурилуулж үзэхэд хорт утаа гадагшлуулах нь хоёр дахин буурсан гэдэг мэдээлэл өгсөн. Үлдсэн автобуснуудад суурилуулах ажлын үр дүнг хэвлэл мэдээллээр олон түмэнд танилцуулна.

-Автобусны янданд шүүл­түүр суулгахад хэчнээн төгрөг зарцуулахаар байна?

-400 автобусны төхөөрөмжид багцаагаар 276 сая төгрөг зарцуулна.

-Гайгүй л сонсогдож байна?

-Сүүлийн үед шинжлэх ухаан, технологийн ололтын үнэ өртөг буурчихсан учраас харьцангуй гайгүй байгаа байх.

-Манайхан чинь утаатай тэмцэх ажлуудыг хэний бизнес вэ гэж харах гээд байдаг шүү дээ?

-Харин харьцангуй больчихсон юм биш үү. Утааны эсрэг хэрэгжүүлж байгаа ажлууд эхнээсээ үр дүнд хүрээд ирэхээр иргэдийн харах өнцөг өөрчлөгдөж байна. Өмнө бол нэгдүгээрт ажил нь хэрэгждэггүй. Хэрэгжүүлээгүй байж өндөр зардал гаргачихсан учраас ард иргэдийн шүүмжлэл байсан. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд Засгийн газар, Орчны бохирдол бууруулах үндэсний хорооноос хийсэн ажлын үр дүнд иргэдийн хандлага эерэг байна.

-Айлуудад угаар хэмжигч суулгана гээд байсан?

-Би мөнгийг нь шийдсэн. Хотын удирдлагууд зохион байгуулах ажлыг нь хийж байгаа.

-Сүүлийн үед зарим хэвлэлээр танай яамыг шонхорын наймаагаар мөнгө босгож байна гэсэн мэдээлэл цацагд­сан байна лээ. Үүнийг тайлбарлах уу?

-Би тайлбарлаад л байгаа шүү дээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгодог бүх тусгай зөвшөөрлүүд хуулийн дагуу олгогдож байгаа. Нэгдүгээрт, нүүдлийн шувуу гэдгийг ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт, бид зохистой юмны харьцаанд нь байх ёстой. Нийтдээ арав гаруй мянган нүүдлийн шонхор шувуу тоологдсон. Монгол Улс жилдээ 300-400 орчмыг аялал жуулчлалын зорилгоор арабын орнуудын хүмүүст, олон улсын дипломат харилцаа, Монгол Улсад хийж байгаа хөрөнгө оруулалт, цаашдын хамтын ажиллагааг үндэслэж соёлын журмаар өгдөг. Энэ хэмжээндээ явж байгаа. Цаашдаа ч үргэлжилнэ гэж бодож байна. Хүн бүр хардах эрхтэй, гэхдээ гүтгэх хэрэггүй. Үнэхээр итгэж байгаа бол хууль хяналтын байгууллагад өгөх хэрэгтэй. Зүгээр үүгээр шалтаг гаргаж далайлгаж өөрийнхөө асуудлыг шийдүүлэх гэсэн зарим нэг аж ахуйн нэгжийн л санаа явагдаж байгаа юм.

-Засгийн газраас тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Үүнийг зөв, буруу гэсэн янз бүрийн байр сууриуд нийгэмд өрнөлөө. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ-ын 2016 оны сонгуульд оролцохдоо МАН мөрийн хөтөл­бөртөө тэтгэврийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэдэг зүйл заалт гаргасан. Энэ бодлогын нэг хэсэг гэж харж байгаа. Соотон нохой чимээнээр, сохор нохой дүйвээнээр гэдэг шиг бид нэг асуудал гарахаар бүгдээрээ шүүрч аваад зөв, буруу үнэн худал гээд давхичихдаг. Жишээлбэл, манай намын мөрийн хөтөлбөрийн 1.5-д “Тэтгэвэр авагч ахмадуудын 86 хувь нь тэтгэврийн зээлтэй байна. Сүүлийн жилүүдэд ахмадын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой арга хэмжээ аваагүйгээс тэдний ихэнх нь тарчиг амьдралтай болжээ. Харж хандах хүнгүй ганц бие ахмадуудын байдал улам хүндэрлээ. Иймд төрөөс ахмадын талаар баримтлах бодлого гаргаж ач санах хуулийг батлан хэрэгжүүлнэ” гэсэн байдаг. Үүний л нэг хэсэг шүү дээ. Бүх юмаа эхлээгүй байхад нь шүүмжлээд зогсоох гээд байх хэрэггүй. Ганц энэ ч биш байгаль хамгаалах, уул уурхайг хариуцлагажуулах гээд бүх юмыг нийтэд хамруулж яриад унагах гээд байх нь зохимжгүй. МАН бол зүүний чиглэлийн нам. Халамж үзүүлэх хэсэгтээ халамж үзүүлээд явна. Иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг хангах ёстой. Тэтгэврийн зээлийн хувьд банкныхан амьжиргаандаа хэрэглэх гэж зээл авч байгаа. Гэтэл банкныхан бизнесийн зээлтэй адил өндөр хүүтэй өгч байна. Ерөнхийдөө хэрэглээнд тулгуурласан зээлийг Монголын банкны систем 20 гаруй жил дэмжиж ирсний л үр дүн, энэ. Ийм учраас Засгийн газар, УИХ цаашид тэтгэврийн зээл гэж байхгүй шүү гэж байгаа юм. Энэ бол барьцаалдаж, хүүтэй авдаг мөнгө биш. Тухайн гавьяандаа суусан ахмад өдөр тутмынхаа амьдралд зарцуулах учиртай мөнгө шүү дээ.

-Ийм төрлийн зээлийг хаачихаар мөнгө хүүлэгч нарт ханддаг болоод бүр дордох юм биш үү?

-Бид санхүүгийн сахилга баттай болж төлөвших ёстой. Ер нь хэрэггүй хэрэглээний зээлийг дэлхийн улс орнууд хориод эхэлсэн. Үүн рүү явах хэрэгтэй. Тиймээс иргэн болгон өрхийн санхүүгийнхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй байна. Би бол нэн шаардлагагүй хэрэгцээгүй зүйл дээр хэрэглээний зээл гаргадаг байдлыг бүрэн зогсоох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Харин ажлын байр буй болгож буй хүмүүстээ энэ зээлээ өгөх ёстой. Хэрэглээний зээлийг танаад ирэхээр хүмүүс зээл авах нь багасна. Ингээд түүнд гаргаж байсан мөнгө ажлын байр бий болгох үйлдвэр рүү зарцуулагдах юм бол бүгд ажилтай орлоготой болно. Энэ өнцгөөс нь харах ёстой. Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг нам, УИХ-ын гаргаж байгаа зүйл гэхээсээ илүүтэй Монгол Улсын банк санхүүд байгаа нэг гажуудлыг засаж, сахилга батыг нь сайжруулж байна гэж ойлгох хэрэгтэй. Сүүлийн 20 гаруй жил банкууд дур дураараа хүүтэй зээлийн бүтээгдэхүүн гаргаж ирлээ. Намайг компанид ажиллах байх үед банкныхан ирээд танилцуулга хийж л байсан. Урьдчилгаа төлбөргүйгээр цахилгаан бараа, машин, гар утас авах хүртэл зээлийг банкууд явуулж байсан шүү дээ. Тэр нь авахад амар ч эргээд иргэдэд дарамт болдог. Тийм учраас цаашдаа Монгол Улсын хэрэглээний зээлийн бодлого дээр эрс өөрчлөлт хийх ёстой гэсэн байр суурьтай байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэл амар(202.9.46.41) 2020 оны 01 сарын 08

Нинжа болноо би.татвар, шалгалт,ажилчдын цалин,орон нутгийн сангийн хандив,нөхөн сэргээлт,ханш уналт,лицензын дуудлага худалдааны үнэ бүгд чөтгөр лүүгээ сайд руугаа тонилог

0  |  0
Top