ӨВӨРХАНГАЙ: Хүчилтөрөгчийн үйлдвэр ашиглалтад орлоо

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 06

Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг түшиглэн эмнэлгийн байгууллагыг хүчилтөрөгчийн хийн системээр бүрэн  хангах хүчин чадал бүхий “Хүчил төрөгчийн үйлдвэр” байгуулагдлаа. Тус систем нь хүчилтөрөгчийн зөөврийн баллон цэнэглэх хүчин чадалтай бөгөөд  бүсийн  таван аймгийн нэгдсэн эмнэлэг болон шаардлагатай сумдыг  хүчил төрөгчөөр ханган ажиллах боломжтой. Хүчилтөрөгчийн үйлдвэрт гурван төрлийн систем нэгэн зэрэг ажиллаж байна. Тодруулбал  БОЭТ-ийг 93-99 хувийн хүчилтөрөгч, цэвэршүүлсэн өндөр даралттай агаар,  вакуумаар хангана. Мөн БОЭТ-ийн төрөх эмэгтэйчүүд, мэс засал, хагалгааны нэгдсэн хэсэг, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, дотор, хүүхэд, хөнгөвчлөх  зэрэг хүчилтөрөгчийн хэрэгцээ шаардлага ихтэй тасгуудад байршуулсан нь учирч болохуйц хүндрэлээс урьдчилан сэргийлж байгаа юм. Тус үйлдвэрийг Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны 350 сая төгрөгийн санхүүжилтээр байгуулсан бөгөөд Хүчилтөрөгчийн үйлдвэртэй болсноор Улаанбаатар хотоос  тээвэрлэх тээвэрлэлтийн зардлыг  хэмнэхээс гадна олон давуу талууд бий болж байгаа юм.

Орон нутагт хүчилтөрөгчийн хийн системийн үйлдвэр байгуулагдсанаар хуучин төмөр баллоныг өвчтөний орны дэргэд байрлуулж, эрсдэл үүсгэдэг технологийг халж, хүчилтөрөгчийн дутагдалд орсон өвчтөнд түргэн шуурхай хүчилтөрөгч өгч, эмнэлгийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг бий болгож, өвчтөнд хийх эмчилгээний аюулгүй байдал алдагдахгүй, эмч ажилчдын ажиллах нөхцөлд сайтар тохирсон зэрэг онцлог давуу талтай юм.

Мөн өндөр өтгөрөлттэй хүчилтөрөгчийн ханын хийн системтэй болсноор эмнэлэгт хоног болоогүй нас баралтыг бууруулах, эрчимт эмчилгээний тасагт яаралтайгаар ирсэн эрхтэн тогтолцооны хүндрэлийг эмчлэхэд маш чухал ач холбогдолтой аж. Ялангуяа амьсгалын зам, хоол боловсруулах, тархи, нуруу нугас зэрэг эрхтэн тогтолцооны хүнд эмгэгийн үед хүчилтөрөгчийн дутагдалд орсноос хүний бие махбодийн амин чухал эрхтэнд эргэшгүй өөрчлөлтөд орохоос сэргийлэх, хүчилтөрөгчийн дутагдлаас гаргахад чухал ач холбогдолтой ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top