ТОЙМ 2019| Дэлхий дахинд болсон ОНЦЛОХ ЗУРГААН сэдэв

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 30

 ZINDAA.MN сайтын “ТОЙМ 2019” цуврал Олон улсын онцлох үйл явдлуудаар танд хүрч байна.


ДЭЛХИЙГ ХАМАРСАН ЖАГСААЛЫН ЦУНАМИ: ХОНКОНГЧУУДЫН ТЭМЦЭЛ

Улирч буй 2019 онд дэлхий дахиныг жагсаалын цунами нөмөрсөн. Алжир, Венесуэл, Болив, Чили, Ливан, Ирак, Иран, Чех, Колумб, Индонез, Испани, ОХУ, Франц, Энэтхэг зэрэг дэлхийн олон оронд жагсаал цуглаан өрнөж, зарим оронд үргэлжилсэн хэвээр. Хамгийн хурц хэлбэрээр удаан үргэлжилж, дэлхийн нийтийн анхаарлыг татсан нь эргэлзээгүй Хонконгмийн жагсаал байлаа. Бүх зүйл хэрэгтэн шилжүүлэх тухай хуулийн төслөөс эхлэлтэй. Хуулийн төслийг эсэргүүцсэн жагсагчид өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн эмх замбараагүй байдал, үймэн самуун дэгдээж, орон нутгийн болон Бээжингийн эрх баригчдын тэвчээрийг шалгав. БНХАУ Улс тунхагласны 70 жилийн ойг тэмдэглэсэн өдөр буюу аравдугаар сарын 1-нд Хонконгт буун дуу анх гарав. Жагсагчдын нэгийг цагдаа буудаж шархдуулсан. Азаар цус асгаруулсан ноцтой хэмжээнд хүрээгүй. Хонконгийн эрх баригчид буулт хийж, хуулийн төслийг эргүүлэн татсан ч үймээн дэгдээгчид бууж өгөөгүй л байна. Жагсаалын оргил үе нь Хонконгийн Политехникийн их сургуулийн хотхонд жагсагчид, хууль хүчнийхний хооронд ширүүн мөргөлдөөн байлаа.  Бээжингийн зүгээс дотоод хэрэгт оролцохыг тэвчихгүй хэмээн хатуу анхааруулж байсан ч АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хонконгийн ардчиллыг хамгаалах тухай хуульд гарын үсэг зурсан. Энэ алхам Бээжингийн эгдүүцлийг хүргэж, хариу арга хэмжээ авна гэж анхааруулсан билээ.  Хагас жилийн хугацаанд тус хотод 900 гаруй жагсаал болж, нийт 5.8 мянга гаруй хүн баривчлагдаж, 932 жагсагчийн эсрэг хэрэг үүсгээд байгаа билээ. Жагсаал өнөө хэр үргэлжилсээр буй.


ЗАРТАЙ АЛАН ХЯДАГЧ АЛЬ БАГДАДИЙГ УСТГАВ

Дэлхийн номер нэг алан хядагч гэгдэж байсан “Исламын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадийг АНУ-ын хүчнийхний Сири улсад явуулсан тусгай ажиллагааны үр дүнд устгасан тухай АНУ-ын Ерөнхийлөгч Доанлд Трамп аравдугаар сарын 27-ны өдөр зарлав. Газар доорх хонгилд шахаанд орсон зартай алан хядагч бүсэндээ зүүсэн тэсрэх хэрэгсэл дэлбэлж, өөрийгөө болон хамт зугтаасан гурван хүүхдийн хамтаар хөнөөв. Түүний цогцсыг ДНК-ийн шинжилгээгээр мөн болохыг тогтоосон бөгөөд цогцсыг нь далайд хаясан. Толгой нь 25 сая ам.доллароор үнэлэгдэж байсан номер нэг алан хядагчийг устгах тусгай ажиллагаа Пакистаны Абботобад хотод дэлхийд зартай алан хядагч Усама бин Ладеныг устгах тусгай ажиллагааг санагдуулам төстэй байв. “Тусгай ажиллагаа яг л кино шиг байсан” гэж энэ ажиллагааны явцыг ажиглаж байсан Цагаан ордны тэргүүн үнэлсэн. Хэдхэн хоногийн дараа буюу аравдугаар сарын 31-нд “Исламын улс” алан хядагчдын бүлэглэл Абу Ибрагим аль-Хашеми аль-Курашийг өөрийн толгойлогчоор зарлав. Түүний талаарх мэдээлэл бага байдаг бөгөөд жихадистууд “жихадын ахмад дайчин”, “исламын шашны номлогч” гэж нэрлэдэг байна. Жинхэнэ нэрээ нууцалдаг ч түүнийг Курайшит овогтой холбоотой байж болзошгүй хэмээн таамагладаг. “Исламын улс” бүлэглэл баруун Африк, Ливи, Египетийн Синайн хойг, Афганистан, Филиппинд үйл ажиллагаагаа явуулж, Европ төдийгүй дэлхий даяар дэмжигчидтэй. Үүн дээр нэмээд Сири, Иракт 18 мянган алан хядагч бий гэсэн мэдээлэл бий.


ДОНАЛД ТРАМП ИТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЭСЭХ АСУУДАЛТАЙ НҮҮР ТУЛЛАА

Доналд Трамп АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш л итгэл үзүүлэх эсэх асуудалтай эрт орой хэзээ нэгэн цагт тулгарна гэсэн яриа гардаг байв. Гэхдээ Украины залуу Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьсан яриа нь Цагаан ордны тэргүүнийг энэ асуудалтай бодитоор нүүр тулах шалтаг нь болно гэж хэн хүн төсөөлөөгүй л болов уу. Нэрээ нууцалсан мэдээлэгч хонх дуугаргав. Доналд Трамп 2020 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд түүний гол  өрсөлдөгч гэгдэж буй Жо Байден, түүний хүү Хантер Байдены эсрэг Украинд явуулж буй үйл ажиллагаатай нь холбоотой хэрэг үүсгэвэл цэргийн тусламж үзүүлнэ гэсэн болзол тавьжээ. Төлөөлөгчдийн танхимд олонхын суудал авсан Ардчилсан намынхан Доналд Трампт итгэл үзүүлэх эсэхийг шийдэх тэмцэлд ханцуй шамлан орж, түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Конгрессын үйл ажиллагаанд саад учруулсан гэсэн хоёр хэрэг тулган буруутгав. АНУ-ын Үндсэн хуульд заасанчлан, Төлөөлөгчдийн танхим ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураасны дараа Конгрессын дээд танхим Сенат хэлэлцэж, төрийн тэргүүнийг суудалд нь үлдэх эсэхийг шийддэг. Гэхдээ үүний тулд Сенатын гуравны хоёр санал шаардлагатай. Сенатад Бүгд Найрамдах нам олонхыг бүрдүүлдэг тул Доналд Трампыг ерөнхийлөгчийн албан тушаалаас буулгах асуудал магадлал тун бага байна.


ДЭЛХИЙ ДАЯАР БОИНГ 737 МАХ ОНГОЦНООС ТАТГАЛЗАВ

Гуравдугаар сарын 10-нд “Ethiopian Airlines” агаарын тээврийн компанийн “Боинг 737 МАХ” онгоц хөөрснөөсөө хойш зургаан минутын дараа Этиопын нийслэл Аддис-Абеба хотоос 60 км зайд сүйрэв. Нийт 157 зорчигчийн амийг авч одсон энэ осол таван сарын дотор “Боинг 737 МАХ” загварын онгоцны хоёр дахь осол байв. 2018 оны аравдугаар сард энэ загварын онгоц Индонез улсад мөн сүйрсэн билээ. Хоёр дахь том ослын дараа дэлхийн томоохон иргэний агаарын тээврийн компаниуд шил дараалан 737 МАХ загварын онгоцоор нислэг үйлдэхээс татгалзаж, 40 улс орон өөрийн газар нутаг дээгүүр энэ төрлийг онгоцоор нисэхийг хориглолоо. “Боинг 737 МАХ” загварын онгоцноос татгалзсаны улмаас дэлхийн иргэний агаарын тээврийн салбар нийт 4.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээгээд байна. Энэ сарын 16-нд “Боинг” корпорац 2020 оны нэгдүгээр сараас эхлэн 737 МАХ загварын онгоцны үйлдвэрлэлийг зогсоохоор болсноо зарлав.


 ФРАНЦЫН ТҮҮХ ШАТЛАА: ПАРИСЫН ДАРЬ ЭХИЙН СҮМ ГАЛД АВТАВ

 Франц улсын гол бэлэг тэмдгийн нэг болсон Парисын Дарь эхийн сүмд дөрөвдүгээр сарын 15-ны орой гал гарч, сүмийн орой, дээвэр нурж, хана туурга нь галд өртлөө. 500 орчим гал сөнөөгчид есөн цаг тэмцсэний эцэст галыг унтрааж чадсан. Сүмд хадгалагдаж байсан ихэнх хосгүй урлагийн бүтээл, шашны эд зүйлсийг галын аюулаас аварчээ. 182 жилийн турш баригдсан Парисын Дарь эхийн сүмд сүүлийн 200 жилд анх удаа Исүс Христийн мэндэлсэн өдөр буюу Зул сарын баяраар мөргөл үйлдээгүй. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Францын түүх өөрөө шатаж байна” гээд “Нотр Дамыг илүү гоёмсог болгож, сэргээн засварлана. Таван жилийн хугацаанд засварлана хэмээн мэдэгдэж байв.  Түүх, соёлын үнэт өвийг сэргээн засварлахад зориулж ЮНЕСКО зэрэг олон байгууллага, хувь хүн хандив өгөхөө амласан. Готик загвараар барьсан Парисын Дарь Эхийн сүмийг сэргээн босгох олон янзын санаа гарав. Сүмийн дээвэр дээр хүнсний ногоо, жимс бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн бий болгох, далайгаас гаргаж авсан хуванцраар оройг нь хийхийг хүртэл санал болгож байсан ч Францын парламент зургаадугаар сард галд өртөхөөс өмнөх тэр хэлбэр, загвараар нь барих шийдвэр гаргасан билээ. Хүн төрөлхтний хосгүй өвийг сэргээн засварлахад зориулж нийт 850 сая еврогийн хандив амласан ч одоогийн байдлаар 80 сая евро цуглараад байна.


 ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАМГААЛАХ ЗАЛУУ ҮЕ: ГРЕТА ТУНБЕРГ

Тэрбээр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн дахины хөдөлгөөнд хүч нэмсэн. Тунберг нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамгийн чухал асуудлаар дуугарсан хамгийн чанга дуу хоолой болсон. Тэрбээр залуусын идэвх нэмэгдэж буйн илэрхийлэл болоод зогсохгүй манай цаг үеийн соёлын нэгэн чухал үзэгдэл болсон гэж “Time” сэтгүүлийн ерөнхий редактор Эдвард Фелзентал түүнийг тодорхойлсон. Шведийн иргэн, 16 настай Грета Тунбергийг “Time” сэтгүүл “Оны хүн”-ээр тодруулсан билээ. Тус сэтгүүлийн “Оны хүн”-д нэр дэвшиж байсан Доналд Трамп үүнийг дуугүй өнгөрүүлсэнгүй. Тэрбээр “Инээдтэй юм. Грета уур хилэнгээ удирдаж сурах хэрэгтэй. Дараа нь найзтайгаа хамт хуучны сайхан кино үзэх хэрэгтэй. Тайвшир, Грета, тайвшир” хэмээн жиргэж байсан юм.  “Та нар яаж зүрхэлж байна вэ. Та нар хоосон үгээрээ миний мөрөөдлийг, миний бага насыг хулгайлсан. Хүмүүс зовж шаналж байна, хүмүүс үхэж байна, экосистем бүхлээрээ сүйрч байна. Гэтэл та нарын ярьж чадах зүйл бол мөнгө, эдийн засгийн өсөлтийн тухай үлгэр” хэмээн Грета Тунберг  НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт дээр дэлхийн удирдагчдыг шүүмжилсэн.  “Уур амьсгалын төлөөх хичээл хаялт” хөдөлгөөнөөр алдаршсан швед охиныг PR бүтээгдэхүүн хэмээн зарим нь шүүмжилдэг ч түүнийг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлж, олон улсын олон шагнал хүртээж, түүнийг дэмжин олон сая хүн дэлхий даяар жагсаж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж чадсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.79.219.209) 2019 оны 12 сарын 31

Өглөөний мэнд хатагтай, эрхэм ээ\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

0  |  0
Top