ТЦА: Баяр дөхөх тусам ОСОЛ, ХЭРГИЙН ТОО нэмэгдэж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 27

Өнгөрч буй долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1443 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 1192 нь  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас 23 хүн гэмтэж бэртсэний гурав нь хүүхэд байжээ. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 139 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон найман хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Эдгээр өдрүүдэд гарсан ноцтой зам тээврийн ослоос дурдвал, энэ сарын 23-ны шөнийн 01:34 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын замд гурван автомашин мөргөлдөж, дөрвөн хүн хүнд гэмтжээ. Мөн энэ сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтын замд “Toyota Prius” маркийн автомашин хашаа мөргөж, зорчигч 18 настай гурван эмэгтэй, 35 настай нэг эрэгтэй гэмтэж ГССҮТ-д хүргэгджээ. Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 19,5 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 27,2 хувиар өссөн, гэмтсэн хүн 13.0 хувиар, гэмтсэн хүүхэд 33,3 хувиар  тус тус буурсан байна.

Иймд, шинэ жилээ тэмдэглэх үедээ архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, өөрийгөө хянах чадваргүй болсон хүмүүс танхай, хулгай, дээрэм гэх мэт гэмт хэрэг, зам тээврийн ослын хохирогч, холбогдогч болох, осгох хөлдөх зэрэг байдлаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдолд цөөнгүй гарч байгаа тул байгууллага, хамт олон баяр, ёслолын үйл ажиллагааг зохион байгуулахдаа оролцож буй иргэдийн аюулгүй байдлыг хангаж нэгдсэн унаагаар үйлчлэх, найдвартай дуудлагын жолооч дуудах, такси үйлчилгээнд суулган гэрт нь хүлээлгэн өгөх зэрэг аюулгүй ажиллагааг дотооддоо зохион байгуулж ажиллахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top