ПРОКУРОР: Хар тамхи давтан хэрэглэсэн этгээдүүдийн ялыг биеэр эдлүүлэхээр боллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 26

Энэ оны 10 дугаар сард Нийслэл, дүүргийн прокурорын газруудаас Цагдаагийн Ерөнхий газрын  Хар тамхитай тэмцэх газартай хамтран шүүхээс согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, үүрэг хүлээлгэсэн хүмүүсийг дахин энэ төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг гэнэтийн байдлаар шалгаж, шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулсан.

Тус шалгалтаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтанд байсан таван хүн шүүхээс хязгаарлалт тогтоосон хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас дээрх таван хүний албадлагын арга хэмжээг  хүчингүй болгуулахаар прокурорын  дүгнэлт бичиж тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхээс хүн тус бүрт 2 жилийн хорих ял  оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Тус прокурорын газраас өнгөрсөн 11 дүгээр сард Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, дүүргийн Цагдаагийн газартай  хамтран дээрх шалгалтыг дахин явуулсан байна. Шалгалтаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэг хүнээс илэрсэн тул уг зөрчлийг шалгуулахаар дүүргийн Цагдаагийн газарт шилжүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top