МАХН: Ерөнхийлөгчийг сонгуулийн хуульд хориг тавихыг уриалав

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 25

МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан Сонгуулийн хуульд хориг тавихыг уриаллаа. Уг уриалгыг МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга нар өнөөдөр /2019.12.25/ олон нийтэд зарласан юм.

Уриалгад "Саяхан УИХ Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Улс төрийн намууд МАН хүч түрэн Сонгуулийн хуулийг дангаараа өөртөө ашигтай байдлаар боловсруулан батлах гэж байгааг шүүмжлэн зарчмын чанартай хэд хэдэн санал оруулахыг хүсэн албан ёсоор хүргүүлсэн боловч тэд гол гол саналыг хүлээн авсангүй. Сонгуулийн хууль нь бүхэлдээ өмнө нь болсон шударга бус сонгуулиудын үеэр байсан алдаа дутагдлыг зассангүй, тэр ч бүү хэл хүний эрхийг зөрчсөн, сонгуульд оролцогчийн эрх зүйн байдлыг дордуулсан ухралт хийсэн шинж чанартай болсон гэж үзэж байна.

Сонгуулийн хуулинд оруулсан нэмэлт, өөрчлөлт МАН-тай холбоотой 2016 оны УИХ-ын сонгуулиас эхлэн шуугиан дэгдээсэн “60 тэрбумын гэх асуудал”, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар шуугиулсан “Төрийн банкны 20 гаруй тэрбум”-ын хэрэг зэрэг төрийн эрхийг хууль бусаар авах, авахаар завдсан гэх гэмт хэрэг дахин гарахгүй байх, АН-аас 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө АН-аас нэр дэвшихийг хүссэн хүн бүр эрэгтэй нь 100 сая төгрөг, эмэгтэй нь 50 сая төгрөг АН-д тушаах ёстой гэсэн зохицуулалтыг хориглох эрх зүйн зохицуулалтыг хийсэнгүй, харин ч МАН ба АН гэсэн хоёр нам улс төрийн бусад намуудаас илэрхий давуу эрхтэйгээр сонгуульд орох байдлыг хуульчилсан гэж дүгнэж байна.

Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлт 2020 оны УИХ-ын сонгууль шударга бус сонгууль болох аюултай нөхцөл байдлыг бодитойгоор бий болгожээ. Энэ нь Үндсэн хуулийн 3-р зүйлийн 3.1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, 3-р зүйлийн 3.2-т “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэж тогтоон заасныг зөрчиж байна.

Учир иймд МУ-ын Ерөнхийлөгч Та бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хуулийн 31-р зүйлийн 31.1.1-д тогтоосны дагуу Сонгуулийн хуулийн дараах утга санаа бүхий зохицуулалтад хориг тавихыг хүсч байна. Үүнд:

  1. МАН-ынхан өмнө нь Сонгуулийн хуулинд зохицуулж байсан гадаадад оршин сууж байгаа Монгол Улсын иргэд УИХ-ын сонгуульд санал өгөх боломжтой гэсэн утга санаа бүхий зүйл заалтыг Сонгуулийн хуулинаас хасчээ. Ингэснээрээ тэд Монгол Улсын Үндсэн хуулийн 3-р зүйлийн 3.1-ийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, ҮХ-ийн 16-р зүйлийн 16.9-ийн “шууд болон төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг 18 наснаас эдэлнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчжээ.

Өнөөгийн эрх баригчдын улс төр, нийгэм, эдийн засгийн харалган бодлогын уршгаар Монгол Улсад ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, амьдралд нь хүрэлцэхүйц орлого олдохгүй, орон сууцанд суух боломжгүй зэрэг бодит шалтгааны улмаас өөрийн эрхгүй гадаад улс оронд сурч боловсрон, ажил хөдөлмөр эрхлэн оршин сууж байгаа МУ-ын иргэдийг санаатайгаар ялгаварлан гадуурхаж Үндсэн хуулинд тодорхой зааж тогтоосон эрх, эрх чөлөөг нь эдлүүлэхгүй байгаа нь ноцтой зөрчил мөн гэж үзэж байна. Тийм учир Сонгуулийн хуулинд гадаадад оршин сууж байгаа МУ-ын иргэд УИХ-ын сонгуульд оролцож сонгох эрхээ эдлэх зохицуулалт заавал тусах ёстой гэж үзэж байна.

  1. МАН-ынхан Сонгуулийн хуулийг түч түрэмгийлэн дангаараа батлахдаа жендерийн тэгш байдлыг харгалзан үзсэн зохицуулалт хийсэнгүй. Тухайлбал Сонгуулийн хуулийн 30-р зүйлийн 30.2-т “Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 20-иос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна” гэсэн томъёолол оруулсан нь аль нэг хүйсийн, үнэн хэрэгтээ эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн, жендерийн тэгш биш байдлыг хуульчилан баталгаажуулсан алдаатай зохицуулалт болсон гэж үзэж байна. Гэтэл Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой бодлогын баримт бичигтээ жендерийн тэгш байдлыг хангах үүрэг хүлээж, тухайлбал УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн нам, эвслийн нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байхаар хуульчлана гэж тусгаснаасаа ухарчээ.

Учир иймд улс төрийн намууд жендерийн тэгш байдлыг хангахын тулд УИХ-ын сонгуульд нам, эвслийн нийт нэр дэвшигчийн 30-иас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх зохицуулатыг Сонгуулийн хуулинд тусгах нь зүйтэй гэж үзэж байна.

  1. Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Сонгуулийн хуулийн 29-р зүйлийн 29.8-д “Авлига, албан туушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэж зохицуулжээ. Энэ нь наанаа ард иргэдэд таалагдах томъёололтой боловч үнэн хэрэгтээ МАХН-ын дарга Н.Энхбаярын эсрэг оруулсан заалт байна хэмээн олон түмэн үзэн шүүмжилж байна. Олон түмний дунд Н.Энхбаярыг “шударга бус шүүхийн хонгил”-оор оруулан хэлмэгдүүлсэн гэсэн ойлголт байдаг бөгөөд бид эрх баригчид Сонгуулийн хуулинд нэг хүнд зориулж түүний эрх зүйн байдлыг дордуулж, эрх, эрх чөлөөг нь хязгаарласан аливаа зүйл, заалт оруулж болохгүй гэж үзэж байгаа юм. Ингэснээр зөвхөн шүүх хүний гэм буруутай эсэхийг Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, заалтын дагуу тогтоодог байтал энэ зарчим зөрчигдөж Сонгуулийн хууль Эрүүгийн хуулийг давж хүнд нэмж ял тогтоож, хүний гэм буруутай байдал түүний насан туршид үргэлжилхээр болгосон нь хүний эрх, эрх чөлөөг бүдүүлгээр зөрчсөн хууль болсон гэж үзэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна.

Гэтэл Сонгуулийн хуулинд Эрүүгийн хуулийн 10-р бүлгийн 10.1-р зүйлийн “Хүнийг алах”, ЭХ-ийн 12-р бүлгийн 12.1-р зүйлийн “Хүчиндэх”, ЭХ-ийн 19-р бүлгийн 19.1-р зүйлийн “Эх орноосоо урвах”, ЭХ-ийн 19-р бүлгийн 19.12-р зүйлийн “Төрийн нууцыг задруулах”, ЭХ-ийн 20-р бүлгийн 20.7-р зүйлийн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” зэрэг гэмт хэрэг хийсэн нь шүүхээр тогтоогдсон хүн УИХ-д нэр дэвшиж болохоор зохицуулжээ.

Ингэсэн нь Монгол Улсын ҮХ-ийн 14-р зүйлийн 14.1-ийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 16-р зүйлийн 16.9-д “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийн удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ... Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно”, 16-р зүйлийн 16.10-т “... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно” гэсэн зүйл, заалтуудыг ноцтой зөрчжээ.

Тэгээд ч ҮХЦэц 2008 оны 5 сарын 14-ний хуралдаанаараа Сонгуулийн хуулийн ижил утга санаатай зохицуулалтыг авч хэлэлцээд Үндэслэлдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийн улс төрийн эрх буюу УИХ-ын гишүүнээр сонгогдох эрхийг ял шийтгүүлсний дараа бүх насаар нь хязгаарлаж байгаагаараа Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулсан байна” гээд Дүгнэлтдээ: “ҮХ-ийн 16.9-ийн “төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, 21.3-т “УИХ-ын гишүүнээр Монгол Улсын 25 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэжээ. УИХ ҮХЦэцийн энэхүү Дүгнэлтийг хүлээн авч Сонгуулийн хуулинд Үндсэн хуулинд зааж тогтоосон хүний “сонгогдох эрх”-ийг зөрчсөн заалтыг хүчингүй болгосон байна. Гэтэл өнөөгийн УИХ Сонгуулийн хуулийг хэлэлцэн батлахдаа Үндсэн хуулийг зөрчсөн зүйл заалтыг мэдсээр байж санаатайгаар нэмж оруулж байгаа нь Үндсэн хуулинд халдсан бусармаг үйл явдал боллоо гэж үзэж байна. 

  1. МАН-ынхан дангаараа хүч түрэмгийлэн баталсан Сонгуулийн хуулийн 49-р зүйлийн 49.2-т “Сонгуулийн зардал дараах хөрөнгөнөөс бүрдэнэ:
      1. Хандив
      2. Намын өөрийн хөрөнгө
      3. Нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө.”

 гэж тусгасан байна. Сонгуулийн зардал сонгуулиас сонгуульд өсөн нэмэгдэж   байгаа тул энэ зохицуулалт төр засгийн эрхийг авахын төлөө өрсөлдөж  байгаа нам, эвсэл сонгуулийн хөрөнгө мөнгө босгохын тулд хандивлагчдаас ихээхэн хараат байдалд орох, нэр дэвшигчээ сонгон шалгаруулахдаа мэдлэг боловсрол, ёс суртахууныг нь харгалзахын оронд мөнгөтэй эсэхээр нь шалгуур хийх, улмаар нэр дэвшигчид сонгогдвол сонгуульд гаргасан хөрөнгө мөнгөө буцаан олж авахын тулд хууль бус үйл ажиллагаа явуулах, тухайн нам эвсэл хандивлагчиддаа ашигтай шийдвэр гаргах зэрэг алдаа дутагдал гаргахын үндэс болж байна гэж үзэж байна. Түүнчлэн нам, эвсэл сонгуульд өөрийн хөрөнгө зарцуулахын тулд бизнесийн үйл ажиллагаа явуулахаас өөр аргагүй байдалд орж байна. Гэтэл Улс төрийн намын тухай хуулинд улс төрийн нам бизнесийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг билээ. Ийнхүү Улс төрийн намын тухай хуулинд хориглосон зүйл, заалтыг Сонгуулийн хуулинд хориглохгүйгээр тусган оруулж байгаа нь эрх баригч намд ашигтай байдлыг бий болгох, сонгуульд оролцож байгаа нам, эвслийн гарааны тэгш байдал алдагдах, шударга бус сонгууль явуулах нөхцлийг бүрдүүлэх аюултай.

Учир иймд улс төрийн намууд Сонгуулийн хуулийн Сонгуулийн зардал гэсэн 8-р бүлгийн зохицуулалтад улс төрийн нам, эвслийн сонгуульд оролцох гарааны нөхцөл ижил тэгш байдалтай байхыг хангахын үүднээс болон МАН-тай холбоотой “60 тэрбумын хэрэг”, “Төрийн банкны 20 тэрбумын хэрэг” зэрэг асуудал дахин давтагдахгүй байх нөхцлийг бүрдүүлэхийн тулд “сонгуулийн зардлын эх үүсвэрийг гагцхүү улсын төсвөөс хариуцан нам, эвсэлд тэнцүү хуваарилна”, “нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлыг өөрийн хөрөнгө болон хандиваас гаргахыг хориглоно” гэх зэрэг зарчмыг тусгасан байх нь шударга сонгууль явуулах үндсэн нөхцөл болно гэж үзэж байна. Харамсалтай нь МАН-ынхан Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дангаараа хүч түрэмгийлэн хийхдээ зөвхөн хөрөнгө мөнгөтэй баян хүмүүс нэр дэвших, улсын төсвийг захиран зарцуулах эрх бүхий улс төрийн нам, эвсэл бусад нам, эвсэлтэй харьцуулвал сонгуульд давуу байдалтайгаар оролцох, ингэснээр сонгууль шударга бус болох зэрэг өмнө нь байсан алдааг огт засаагүй нь өөрсөддөө давуу байдал бий болгох гэсэн оролдлого мөн бөгөөд ингэсэн нь ҮХ-ийн 3-р зүйлийн 3.2-ын “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэж тогтоосныг зөрчиж байна.

Тэр ч бүү хэл Монгол улсын нэгдэн орсон НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Олон улсын гэрээ, Иргэний болон улс төрийн эрхийн тухай Фактын зүйл, заалт утга агуулгыг ноцтой зөрчсөн асуудал юм. Энэ нь олон улсын түвшинд Монгол улс хүний эрх зөрчсөн  тухай асуудал хөндөгдөх нөхцөл болж байна.

МУ-ын Ерөнхийлөгч Та дээрх саналуудыг анхааралтай судлан үзэж 2008 оны УИХ-ын шударга бус сонгуулийн дараа нийгэмд үүссэн бухимдалтай байдлыг дахин бий болгохгүйн тулд шударга сонгууль явуулахад хамгийн чухал үүрэгтэй Сонгуулийн хуулийн алдаатай заалтуудыг хүчингүй болгох, тус хуулинд оруулалгүй орхигдуулсан чухал зүйл заалтуудыг нэмж тусгах зайлшгүй шаардлагын үүднээс бүрэн эрхийнхээ дагуу Сонгуулийн хуулинд бүхэлд нь болон холбогдох зүйл, заалтуудад хориг тавихыг хүсч энэхүү албан бичгийг хүргүүлж байна.

Энэхүү хүсэлтийг Танд хүргүүлж байгаа улс төрийн намууд 2020 оны УИХ-ын сонгууль шударга болох нь манай өнөөгийн нийгмийн улс төр, нийгэм, эдийн засгийн хямралт байдлаас гарах угтвар нөхцөл мөн гэж үзэж байгаагаа илэрхийлж байна" гэжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Даваажав(192.82.67.38) 2019 оны 12 сарын 25

Ер нь энэ Н Энхбаяр номоо орчуулаад хэл амгүй амар тайван гэртээ байжээ байвал яасан юм бэ Ямар их албан тушаалын донтон бэ

0  |  0
zochin (202.55.188.86) 2019 оны 12 сарын 25

xuvsgalt namixan nd boloxgui bolson ulsaa yer yax be bid denduu xaruitslgaggui muu amdarch bna shuu uls ornoo zuv udirdax tmxetsuu bish shuu

0  |  0
Top