ДЭЛХИЙН ТОЙМ: Трамп, Сири, Facebook-тэй 10 жил

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 24

Арабын хавар Сирид цус асгаруулж, дүрвэгсдийн их нүүдлийн гарааг эхлүүлж, жихадуудыг улам догшруулав. Обама Цагаан ордныг Трампт хүлээлгэн өгсөн бол Их Британи Европын Холбооноос гарахаар санаа шулуудав.

Дэлхийн даяар 2010-аад оныг дэлхий илүү тэнцвэртэй, илүү шударга болно гэсэн итгэл найдвартай угтсан ч энэ арван жил үндсэрхэг популизм руу хөтөлж байна. XXI зууны хоёр дахь арван жилийг тодорхойлсон гол гол үйл явдал, хүмүүсийг Франс Пресс агентлаг нэрлэснийг хүргэж байна.

Америкийн хуваагдал

АНУ 2020-иод оныг улс төр, нийгэм, эдийн засгийн хэрүүл тэмцэлд хуваагдсан байдалтай, Цагаан ордны зууван танхимдаа итгэл хүлээлгэх эсэх асуудалтай нүүр тулсан төрийн тэргүүнтэй угтах гэж байна. Үл хөдлөх хөрөнгийн магнатаас реалити шоуны од болсон нэгэн дэлхий дээрх хамгийн хүчирхэг их гүрнийг удирдана хэмээн 2016 оноос өмнө зарим хүн зүүдлээ ч үгүй. Гэвч Нью Йорк хотын уугуул, шингэн шаргал халимагтай нуруулаг эр олон хүний сэтгэлийг гонсойтол Ардчилсан намын Хиллари Клинтоныг ялж, АНУ-ын анхны хар арьстай ерөнхийлөгч Барак Обамагаас халааг нь авав. Тэр бол Доналд Трамп. АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшиж байсан бол Трамп “Дагалдан сурагч” телевизийн реалити шоуг хөтөлж байснаараа ялгаатай. Уур амьсгалын өөрчлөлтөд эргэлздэг, худалдааны протекционист, харин цагаачлалын хатуу бодлого баримталдаг Трамп уламжлалд баригдах дургүй нэгэн. Тэрбээр Цагаан ордныг өөрийн арга барилаар удирдана. “Өнөөдрөөс эхлэн бидний газар нутгийг шинэ зорилго, шинэ алсын хараа удирдах болно. Энэ мөчөөс эхлэн Америк нэн тэргүүнд байх болно” хэмээн 2017 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр тангараг өргөхдөө тэрбээр мэдэгдэж байв. Энэ зууны хоёр дахь арван жил төгсөх мөч ойртож буй энэ үед АНУ-ын эдийн засгийн амжилт ирэх жилийн сонгуульд түүний боломжийг нэмэгдүүлж байна. Харин хилийн гадна Трамп холбоотнууддаа хатуу хандаж, олон улсын гэрээ хэлэлцээрийг үл тоомсорлон, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун гэх мэт дарангуйллын засаг захиргаатай харилцаагаа өргөжүүлэхээс нэрэлхээгүй гэсэн имижтэй.

Урам хугалсан Арабын хавар

Энэ зууны хоёр дахь арван жилийг Арабын хавраар жигүүрлэн, итгэл найдвар тээн угтсан ч зарим улс орон өөрчлөгдөөгүй битгий хэл улам ч хүндэрсэн нөхцөл байдалд үдэж байна. 2011 оны нэгдүгээр сарын 14-нд Тунисийн дарангуйлагч Зине Эл Абидине Бин Алиг ерөнхийлөгчийг албан тушаалаас нь унагасан. Энэ бол хэдхэн долоо хоногийн өмнө бараг боломжгүй мэт байсан олныг хамарсан эсэргүүцэл, тэмцлийн үр дүн байв. Арабын хавар Ойрх Дорнод, Хойд Америкт өрнөсөн юм. Ливийн удирдагч Моамар Кадафиг НАТО-гийн дэмжлэг бүхий бослого, тэмцлийн үр дүнд тухайн онд мөн унагав. Египет улсад Каир хотын Тахрир талбайд өрнөсөн эсэргүүцлийн давлагаа Хосни Мубаракийн  ноёрхолд цэг тавьж чадсан ч тус улс генерал Абдел Фаттах аль-Сисигийн хатуу гарт орсноор өнгөрсөн арван жилийг үдэж байна. Сирийн олон сая хүний хувь заяа өөрчлөгдсөнгүй. Ассадын дэглэмийн эсрэг хөдөлгөөн цуст иргэний дайн болж хувирав. 2011 оны эхээр эхэлсэн мөргөлдөөн найман жилийн хугацаанд 370 мянган хүний аминд хүрч, олон сая хүнийг гэр орноо орхин дүрвэхэд хүргэсэн билээ. Харин мөргөлдөөн олон улсын шинжтэй болж хувирсан. ОХУ Башар аль-Ассадын нэрийг барин хөндлөнгөөс орж ирсэн бол Турк улс Сирийн хойд бүс нутаг руу оров. Сири, Иракийн газар нутагт тархаад буй “Исламын улс” бүлэглэлийн эсрэг барууныхан эвсэл байгуулсан энэ арван жил улиран одож байна.

Европын тогтворгүй байдал

“Исламын улс” алан хядах бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдади 2014 оны зургаадугаар сард Сирийн Алеппо хотоос Иракийн Дияла муж хүртэлх газар нутгийг хамарсан “Исламын халифат улсыг” байгуулсан тухай зарлан тунхаглалаа. Ингэж алан хядах энэ бүлэглэл Аль-Каидаг бүдгэрүүлж, шинэ хэлбэрийн хүчирхийллийн давлагааг эхлүүлэв. “Исламын улс” бүлэглэл есдүгээр сарын 11-нийх шиг нарийн зохион байгуулалтай бус харин энгийн хэлбэрээр алан хядах ажиллагаа явуулахыг дагалдагчиддаа уриалсан. 2015 оны арваннэгдүгээр сард алан хядагчид Парис хотын концертын танхим, бар, ресторан, “Stade de France” спортын талбайд тэсрэх бөмбөг дэлбэлж, гал нээсний улмаас 130 хүн амиа алдав. Сүүлийн арван жил Франц, Бельги, Дани болон Их Британи бүгд жихадистуудын халдлагад өртсөн. Аймшигт халдлагууд Африк, Азийн зарим бүс нутгийг ч тойрон гарсангүй. Гэхдээ дэлхийн улс орнууд гар хумхисангүй. АНУ, Европын улс үндэстнүүд холбоотнуудтайгаа хамтран “Исламын улс” бүлэглэлд хариу барьж, энэ оны гуравдугаар сард алан хядах бүлэглэлийг устгасан хэмээн зарласан юм. Энэ оны аравдугаар сарын 27-нд “Исламын улс”-ын толгойлогч Багдади АНУ-ын тусгай хүчний ажиллагааны үеэр алуулав.

Дүрвэгсдийн эмгэнэл

Сирийн хямрал хүчирхийллийг экспортлохоос гадна аюулгүй байдал, илүү сайхан амьдралын эрэлд гэр орноосоо дүрвэсэн сая сая дүрвэгсдийн хөлд Европ дарагдахад хүргэв. “Хэрэв Европ дүрвэгсдийн асуудлыг шийдэж чадахгүй бол, хэрэв хүний эрхийг хамгаалж чадахгүй бол бидний хүссэн тэр Европ байхаа болино” гэж 2015 оны наймдугаар сарын 31-нд Германы канцлер Ангела Меркель мэдэгдэж байсны дагуу Герман улс Сирийн олон зуун мянган дүрвэгчийг хүлээн авсан. Үл тасрах дүрвэгсдийн урсгал Францыг тойрсонгүй. Тус улсын хойд хэсэгт бөөгнөрсөн дүрвэгсэд цааш Британи руу чиглэв. Газар дундын тэнгист аргаа барсан дүрвэгсэд хойд Африкаар дамжин, Европ руу чиглэсэн эрсдэлтэй аялалд гарцгаалаа. Олон дүрвэгч амьд гарч чадаагүй. АНУ-ын Мексикээр дамжин түүний зүг чиглэх хууль бус цагаачидтай нүүр тулгарч, хилийн хана босгох асуудал тавигдав. Их Британийг Европын Холбооноос гаргах эсэх асуудлаар 2016 онд явуулсан санал асуулга тус тивийн ирээдүйн дүр төрхийг өөрчлөх эхлэлийг тавилаа.

Иргэд хөдөлж эхэллээ

2019 онд Шведийн нэгэн өсвөр настан уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон нийтийн ухамсар, тэмцлийн дүрмийг шинээр бичлээ. Олон сая залуус 16 настай Грета Тунбергээр өөрсдийгөө төсөөлж, өмнөх үеийнх нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөө манай гарагийг золиосонд гаргаж байна гэж зэмлэх болов. “Та нар яаж зүрхлэв” гэж өсвөр настан НҮБ-ын индэр дээрээс дэлхийн удирдагчдыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хуруугаа ч хөдлөхгүй байна гэж шүүмжилсэн. Японд газар хөдлөлт, цунамигаас үүдэлтэй цөмийн ослоор эхэлсэн энэ арван жилд дэлхий дахин олон арван байгалийн гамшигт үзэгдлийн гэрч болж, тэдгээрийн үр дагаврыг арилгахад бүхий л хүчин чармайлтаа дайчлав. Харамсалтай нь хүн төрөлхтөн энэ бүхний учир шалтгаан болсон хүлэмжийн хийг багасгах уралдаанд ялалт байгуулж чадахгүй байсаар энэ арван жилийг үдэж байна. 2010-аад он эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бие биедээ хандах хандлагыг сорив. Холливудын продюсер Харви Вайнштайны эсрэг бэлгийн дарамтын хэрэг гарахтай зэрэгцэн эхэлсэн “#MeToo” хөдөлгөөн эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн хүчирхэг эрчүүдтэй тэмцэх зориг өгсөн. Хүйсийн асуудал өнгөрсөн арван жилийн эхээр гарч ирж, эмэгтэй, эрэгтэй хүн гэдэг нь хэн болохыг дахин тодорхойлж, бүр аль ч хүйсэнд хамаарахгүй гэдэг нь юу болохыг гаргаж тавив. “Тэд” буюу хоёрдмол хүйс гэсэн үг Merriam-Webster's толийн 2019 оны үгээр тодорсон юм.

Хүн төрөлхтөн: Холбогдов

Эх дэлхийнхээ төлөө тэмцэгч сургуулийн сурагчаас авахуулаад бэлгийн дарамт үзүүлэгч этгээдүүдийг халз тулаанд дуудах эмэгтэйчүүд хүртэл, ардчиллын төлөө тэмцэж буй иргэдээс авахуулаад терроризмыг дэмжигч жихадууд хүртэл бүгд нэгэн нийтлэг зүйлтэй болсон. Тэр нь олон нийтийн сүлжээний хамаарал. Хоёр тэрбум 400 саяыг төсөөлөхөд ч бэрх асар их тоо хэдий ч энэ бол дэлхийн хамгийн том олон нийтийн сүлжээ болох Facebook хэрэглэгчид. 2011 онд тэд 500 сая гаруйхан байсан. Технологи бидний амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчиллөө. Цахим ертөнцөд бид болзож, нөхөрлөж, мэдээ авч, улс төр хийж, хөгжим сонсож, банкны үйлчилгээ авч, дэлгүүр хүртэл хэсэж, илүү урт хугацааг дэлгэц рүү ширтэн өнгөрүүлэх болжээ. Зөвхөн Facebook төдийгүй Google, Twitter, Amazon, Apple,  WhatsApp зэрэг брэндүүд бидний амьдралыг өөрчлөв. Тэд олон тэрбум ам.доллар хийж, бидний хувийн мэдээлэлд нэвтэрч, хувийн нууцад заналхийлсээр.

АНУ, БНХАУ-ын мөргөлдөөн

Тэнгэрт тулсан өсөлтдөө дулдуйдан Хятад улс 2010 дэлхийн хоёр дахь том эдийн засаг болж, Японыг ардаа орхин, АНУ-ыг нэхэж байна. Дэлхийн “цех” Вашингтоны стратегийн өрсөлдөгч болохоо “тунхаглав”. Өнгөрсөн арван жилийн дунд үеэс эхлэн Хятад улс технологийн салбарт том бооцоо тавьж, робот технологи, мэдээллийн технологи, цэвэр эрчим хүчний салбарт дэлхийн тэргүүлэгч болохоор шамдаж байна. Бээжинд дэлхийн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “өлгий” байх нь хангалттай биш болжээ. Харин АНУ түүний ноёрхолд өрсөлдөгч гарч ирж буйг мэдэрсэн бөгөөд Трампын үед энэ түгшүүр ил гарч ирлээ. Бүгд найрамдахчуудын тэргүүн Хятад улстай худалдааны дайн эхлүүлж, оюуны өмчийн хулгайд тус улсыг буруутгав. 2018 онд Трамп “Худалдааны дайн нь сайн зүйл ба ялахад хялбар” гэж бардамнаж байсан. Тэрбээр Хятадын бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулсан бол Бээжин ч зүгээр суусангүй саванд нь самбаа хийж, хариу барив. Хэдийгээр тус хоёр улс худалдааны гэрээний эхний үе шатны тохиролцоонд гарын үсэг зурсан ч тэдний гар барилдаан ирэх арван жилийг тодорхойлох нь дамжиггүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top