Бяцхан охин Хятадын хоригдлоос цочирдом зурвас авчээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 23

Британийн “Tesco” сүлжээ супермаркет ил захидал үйлдвэрлэдэг Хятадын үйлдвэртэй тогтоосон хамтын ажиллагаагаа зогсоогоод байна. Учир нь Лондон хотод оршин суудаг Флоренс Уиддиком гэгч зургаан настай охины худалдан авсан Зул сарын баярын ил захидлууд дотор “Бид Хятадын Шанхай хотын Ксингпу шоронд хоригдож буй гаднын хоригдлууд байна. Биднийг албадан хөдөлмөр хийлгэж байна. Бидэнд туслаач, хууль сахиулах байгууллагад мэдээлж өгөөч” гэсэн үг бүхий зурвас олсон тухай өнгөрсөн ням гарагт ”Sunday Times” сонинд мэдээлжээ.

“Tesco” компанийн төлөөлөгч энэ цочирдом мэдээллийг аваад Хятадын үйлдвэрт өгсөн захиалгаа цуцалж, өөрсдийн шугамаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй талаар мэдээлэл хийжээ. Тус компани сүлжээ дэлгүүрээрээ хоригдлуудын хөдөлмөрийг мөлжих замаар үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн борлуулахгүй хэмээн онцлоод Хятадын ил захидал үйлдвэрлэгч “Zheijiang Yunguang Printing” үйлдвэр хоригдлуудыг албадан хөдөлмөрлүүлдэг нь нотлогдвол түнш байгууллагуудын жагсаалтаас хасах болно гэж мэдэгджээ.

“Tesco” компани өнгөрсөн сард Хятадын тус үйлдвэрт аудитын шалгалт явуулсан бөгөөд энэ үеэр хоригдлуудыг албадан хөдөлмөр эрхлүүлж буй шинж тэмдэг илрүүлээгүй байна. Тус сүлжээ Зул сарын ил захидлын борлуулалтаас жилд 300 мянган фунт стерлингийн орлого олдог бөгөөд энэ мөнгийг Британийн хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчтэй хүмүүст туслах сангуудад хандивладаг байна.

Зурвасыг бичсэн хүн Ксингпу шоронд өмнө нь хоригдож байсан сэтгүүлч Питер Хамфритэй холбогдохыг хүссэний дагуу Флоренс охины эцэг эх түүнд дамжуулжээ.

Энэ нь Хятадын хоригдлууд баруунд зарагдаж буй бараа бүтээгдэхүүнд зурвас дайн илгээж буй анхны тохиолдол бус юм. 2012 онд АНУ-ын Орегон мужийн Портлэнд хотын оршин суугч Жули Кит гэгч эмэгтэй Сүнсний баярыг тохиолдуулан авсан чимэглэл бүхий хайрцагт Хятадын хоригдлуудыг хэрхэн тамлаж буй талаар бичсэн зурвас мөн олж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top