Р.Отгонцэцэг: “Саятан талархлын аян”-ы хүрээнд 3000 азтан тодруулна

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 23

-Импортын бүтээгдэхүүнийг хяналтгүй оруулж ирж байгаа нь бидэнд маш том бэрхшээл болдог-

“Хөгжил трейд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Отгонцэцэгтэй ярилцлаа.


-“Хөгжил трейд” ХХК гэхээр “Ариун” брэнд шууд бодогддог. Танай компани бизнесийн ямар чиглэлд үйл ажиллагаа явуулж байна вэ. Энэ талаараа ярихгүй юу?

-“Хөгжил трейд” ХХК 23 дахь жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, Монголын бизнесийн салбарт тодорхой хэмжээнд өөрсдийн байр суурийг бий болгосон. 1996 оноос импорт болон үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг эхэлсэн. Харин 2002 оноос үйлдвэрлэлийн салбар руу орсон. Монголчуудын хэрэглэж заншсан ариун цэврийн бүтээгдэхүүн буюу “Ариун” нэрийн бүтээгдэхүүнийг 17 дахь жилдээ үйлдвэрлэж байна.

-Монгол Улсад ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүд олон байдаг уу. Танай компани энэ салбартаа яах аргагүй анхдагч гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Өрсөлдөөн хэр байдаг вэ?

-Таны хэлсэнчлэн манай компани яах аргагүй салбартаа анхдагч. Өнөөдрийн байдлаар ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хэд хэдэн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Гэсэн ч манай компани шиг хуурай, нойтон салфетка, ариун цэврийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч цогц үйлдвэр одоогоор алга.

Мэдээж бизнесийн салбарт өрсөлдөөн байлгүй яахав. Өрсөлдөөнгүй бизнес хөгжихгүй. Өрсөлдөөн бий болсноор хэрэглэгчдийн сэтгэл ханамжид нийцэх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн төлөө компаниуд үйл ажиллагаагаа улам сайжруулаад явдаг нь бизнесийн зарчим.

-“Ариун” нэрийн доор олон бүтээгдэхүүн байдаг. “Хөгжил трейд” компани хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?

-Манай компани 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдийг хангаж байна. Үүн дотроо хуурай, нойтон сальфетка гэхэд өнгөний сонголтоосоо шалтгаалаад 100 гаруй нэр төрөл байх жишээтэй. Тухайлбал, хуурай ариун цэврийн цаас нэг ширхэгтэйгээс 80 ширхэг хүртэл савлагаатай, хуурай салфетка гэхэд тоо ширхэг, сав баглаа боодлоос шалтгаалан маш олон төрлөөр үйлдвэрлэгддэг. Хэрэглэгчид таалагдах сав баглаа боодол, савлагаанаас эхлээд сэтгэл ханамжийг бий болгох тэр бүхий л бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг зорьж байгаа. 

-“Хөгжил трейд” компани үндэсний үйлдвэрлэгч гэдэг утгаараа иргэд бүтээгдэхүүнийг авч хэрэглэдэг байх. Гэхдээ танайтай өрсөлдөхүйц импортын олон төрлийн бүтээгдэхүүн манай зах зээлд борлуулагддаг. Үүнээс ялгарах онцлог хийгээд үнийн бодлогоо хэрхэн тодорхойлж байгаа вэ?

-Өрсөлдөөн дундаас ялгарна гэдэг бизнес эрхэлж буй хүн бүрийн зорилго байдаг. Манай компани дундаж ба дунджаас доош үнийн бодлогыг барьж байгаа. Импортын бүтээгдэхүүн сүүлийн жилүүдэд маш ихээр нэмэгдсэн. Үүний сацуу монгол хаяг шошготой ч БНХАУ-д үйлдвэрлээд манай зах зээлд үндэсний нэрийн бүтээгдэхүүн мэт борлуулагдаж байгаа бүтээгдэхүүнүүд газар авах боллоо. Үнийн өрсөлдөөнөөс гадна чанарын өрсөлдөөн байх ёстой. “Хөгжил трейд” компани маань үнийн бодлого, чанарын шаардлагаа тэргүүн зэрэгт тавьж ажиллаж байна. Хэрэглэгчид маань манай бүтээгдэхүүний үнийг дотоодын бусад бүтээгдэхүүнтэй харьцуулж, чанарыг импортын дэлхийн брэндүүдтэй харьцуулдаг. Энэ харьцуулалт одоо ч гэсэн хэвээрээ. Тиймээс “боломжийн үнээр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлээч” гэсэн хэрэглэгчдийнхээ хүсэлтийн дагуу үйлдвэрлэлээ явуулдаг.

-Бизнесийн салбарын нэг чухал судалгаа нь хэрэглэгчдийн сэтгэл ханамж дээр тулгуурладаг. Сэтгэл ханамжийн судалгааг хийж байна уу?

-Манай бүтээгдэхүүний хувьд хэрэглэгчдийн сэтгэл ханамжид байнга нийцсээр ирсэн. Өрсөлдөгч үйлдвэрүүдээсээ нэг алхмын урд явах, дэлхийн жишигт бүтээгдэхүүнээ хүргэх үүднээс бид энэ тал дээр маш ихээр анхаарч ажилладаг. Үүний нэг жишээ нь бид техник тоног төхөөрөмждөө байнгын шинэчлэлт хийдэг. Одоогийн байдлаар манай үйлдвэрийн 70-80 хувь нь бүрэн автомат болсон. 2019 онд гэхэд гол нэрийн бүтээгдэхүүн болох ариун цэврийн цаасны үйлдвэрлэлдээ том хөрөнгө оруулалт хийж тоног  төхөөрөмжөө бүрэн автомат болгосон. Ингэснээр бүтээгдэхүүний тасалдал үгүй болж илүү чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх бүрэн боломжтой болсон. 

-Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжье, дотоодын бүтээгдэхүүнээ худалдаж авъя гэдэг асуудал яригдаад багагүй хугацаа өнгөрлөө. Хэрэглэгчид дотоодын бүтээгдэхүүнээ худалдан авъя гэдэг байдал үйлдвэрлэгч та бүгдийн хувьд хэр мэдрэгдэж байна вэ?

-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа иргэдийн худалдан авалт мэдрэгдэлгүй яах вэ. Гэхдээ дотоодын бүтээгдэхүүн чанар муутай, хэрэглэгчдийн итгэлийг алдаад байна гэдэг ойлголтыг л байхгүй болгохыг бид хүсдэг. Тиймээс хэрэглэгчдэдээ зориулан чанартай, сайн бүтээгдэхүүнийг нийлүүлэхийг зорьж ажиллаж байна.

-“Хөгжил трейд” ХХК үйлдвэрлэл эрхлэхээс өмнө импортын үйл ажиллагаа явуулж байсан гэсэн. Ямар чиглэлээр, хаанаас ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бэ?

-Анх бид Герман, Унгар, Польш улсаас чихэр, вино, шүдэнз импортолж байсан. Одоо бол ариун цэврийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа.

-Бүтээгдэхүүний гол түүхий эдийг хаанаас авдаг вэ?

-Түүхий эдээ бид БНХАУ-аас оруулж ирдэг. Учир нь бидний авдаг түүхий эд хамгийн чанартай, найдвартай гэдэгт эргэлзэх хэрэггүй. Манай компани ганц хоёр жил ашигтай ажиллаад зогсох биш урт хугацаандаа ажиллах зорилготой тул чанар бидний эрхэм зорилт. Чанартайгаа уялдаад хэрэглэгчдийн худалдан авалт шалтгаалдаг тул бид үргэлж сайн чанарын түүхий эдийг ашигладаг. Монголдоо түүхий эдээ боловсруулах үйлдвэртэй боллоо ч одоогийн нөхцөлд урд хөршид үйлдвэрлэдэг шиг чанартай байж чадахгүй байгаа юм.

-Танай компани хэчнээн ажилтантай вэ. Байгууллагын хүний нөөц хамгийн чухал шүү дээ?

-Одоогоор таван албанд 120 гаруй ажилтан ажиллаж байна. Компанийн гол үндэс нь үйлдвэрлэл, борлуулалт гэсэн хоёр хэсэгтэй. Жил ирэх тусам ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллагсдаа ажилтай, орлоготой байхад анхаарч ажиллаж байгаа.

-Үйлдвэрлэл эрхэлж байгаа байгууллагын хувьд давхар борлуулалт хийхэд хүндрэл гардаг гэж сонсож байсан. Энэ тал дээр танайх хэрхэн зохицуулалт хийдэг вэ?

-Монголд тээвэр зууч, ложистик төгс чанараараа хөгжөөгүй байгаа тул түгээлтээ өөрсдөө хийхээс өөр аргагүй. Хэрэглэгчдийн үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хэрэглэе гэсэн хандлага нэмэгдсэнтэй холбогдуулан бид 2019 бүтээгдэхүүнээ илүү өргөн сүлжээгээр хүргэж эхэлсэн. Учир нь манай бүтээгдэхүүн өргөн хэрэглээнийх. Хэрэглэгчид хэрэг болсон тохиолдолд өөрт хамгийн ойр байрлах дэлгүүр, худалдааны төв рүү ороход байх ёстой гэдэг үүднээс борлуулалтын багаа илүү хүчирхэг, чадварлаг болгосон.

-Түгээлтийн системийн талаар ярьж болох уу. Нэрийн барааны дэлгүүрээс эхлээд мэдээж ярих зүйлс бий байх?

-Бид зах худалдааны төвийн харилцагч, бүх сүлжээ дэлгүүрүүд, зургаа болон найман нэрийн дэлгүүрийн харилцагч нараар бүтээгдэхүүнээ хүргэж байгаа. Одоогийн байдлаар Улаанбаатар хот, орон нутгийг хамарсан нийт 4000 орчим цэгт хүрч ажиллаж байна.

-2019 он  “Хөгжил трейд” ХХК-ийн хувьд хэр өгөөжтэй жил байв. Мөн хэрэглэгчдэд зориулан “Талархлын аян”-ыг зохион байгуулж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Улиран одож буй 2019 он бидний хувьд амжилт бүтээлээр дүүрэн байлаа. Борлуулалтын бүтэц бүрэлдэхүүнээ сайжруулж илүү өргөн сүлжээгээр хүрч ажилладаг болсон. Борлуулалт сайжирсны хэрээр үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүллээ. Манай бүтээгдэхүүн олон хэрэглэгчид хүрч байгаатай холбогдуулан “Саятантай талархлын аян” хөтөлбөр эхлүүлээд явж байна. Арванхоёрдугаар сарын 10-аас 2020 оны хоёрдугаар сарын 10 хүртэл манай үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авснаар 10, 20, 50, 100 мянган төгрөгийн бүтээгдэхүүн авах эрхийн бичиг болон супер шагнал болох нэг сая төгрөгийн эрхийн бичиг бүтээгдэхүүн дотроос гарч ирнэ. Өөрөөр хэлбэл үйлдвэрээс гарч буй нийт бүтээгдэхүүний гурван мянгад нь эрхийн бичиг байгаа гэсэн үг. Хоёр сая бүтээгдэхүүн дотроос 3000 азтан тодорно. Манай бүтээгдэхүүнийг хэрэглэдэг 50 азтан өдөр бүр тодрох юм. 

-Компаниудын үйл ажиллагааг дагаад нийгмийн хариуцлага гэж яригддаг. “Хөгжил трейд” ХХК энэ тал дээр хийж хэрэгжүүлж байгаа ямар ажлууд байна вэ?

-2019 онд хог хаягдлыг бууруулах чиглэлээр манай компани түлхүү анхаарч ажилласан. Улаанбаатар хотыг тойрсон гурван хогийн цэг бий. Харамсалтай нь 80-аас дээш хувийн дүүргэлттэй болсон байдаг юм билээ. Тиймээс “Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо”-той хамтарч ажиллаж эхэлсэн. Уг холбоо нь хог хаягдлыг дахин боловсруулахын тулд ангилан ялгалт хийдэг. Манай зүгээс өнгө өнгийн хогны уутаараа хамтарч ажилладаг. 2020 оноос эхлэн миний бие “Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллана.

-Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор нийлэг уутыг худалдаанд гаргахыг хориглосон. Тиймээс Засгийн газрын тогтоолын хүрээнд ажиллаж таарна. Энэ тал дээр танай компани ямар бодлого барьж байна вэ?

-Засгийн газрын тогтоолоор 3.5-аас доош микрометртэй нийлэг уутыг худалдаанд гаргахыг хориглосон. Тиймээс бид цэвэр байгалийн гаралтай, байгальд бүрэн задардаг хогны уутаа худалдаанд гаргасан. Энгийн нийлэг хогны уут байгальд 200 жилийн хугацаанд задардаг бол манай био хогны уут нь цэвэр эрдэнэшишийн сүрлээс гаргаж авсан учир 1.5-2 жилийн хугацаанд байгальд задардаг.

-“Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо”-ны талаар мэдээлэл өгөхгүй юу. Цаашдаа танай компанитай дахин хамтарч ажиллах өөр ямар боломжууд байгаа вэ?

-“Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо” нь  хогийг шууд хаяхаа болъё, дахин боловсруулах боломжтой бүхнийг боловсруулъя гэсэн зорилготойгоор ажиллаж байна. Ингэхийн тулд хогоо эх үүсвэр дээр нь буюу айл өрх, албан байгууллагууд  цаас, гялгар уут, хуванцар сав, шил гэх мэтээр ангилан ялгаж дахин боловсруулах үйлдвэрүүдээ түүхий эдээр хангах шаардлагатай. Одоогийн байдлаар Монгол Улсад шил, хуванцар сав, цаашлаад ажилласан маслыг хүртэл дахин боловсруулж байна. Бидний хог гэж хараад байгаа зүйлсийг дахин боловсруулж бүтээгдэхүүн болгоод худалдаанд гаргах боломжтой. Мөн хог хаягдлын менежмент буюу “Өнгө” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан хог хаягдлыг ангилан ялгах дөрвөн өөр өнгөтэй хогны уутыг нэг жилийн хугацаанд манай компани нийлүүлсэн. Ийм чиглэлээр манайтай хамтарч ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд бид дөрвөн төрлийн хогны уутаа нийлүүлэх бүрэн боломжтой.

“Өнгө” төслийн хувьд хэд хэдэн томоохон аж ахуйн нэгжүүд дээр хэрэгжиж байгаа. Өрхийн хувьд “Шинэ Яармаг” төсөл дээр хэрэгжиж эхлэх гэж байна. Айлууд хогоо ангилан ялгаад төсөл хэрэгжээд эхэлсэн тохиолд орон сууцны жишиг хороолол болох юм. Бусад өрхүүд болон хорооллынхонд үлгэрлэх зорилготой гэсэн үг.

-Хогны уут шиг бусад бүтээгдэхүүнийг байгальд ээлтэй, эко технологиор хийх боломж хэр байдаг юм бол?

-Энэ тал дээр боломж их бий. Ариун цэврийн цаасны тухайд усанд урсдаг байж болно. Мөн цаасаа дахин боловсруулж ариун цэврийн цаас үйлдвэрлэх боломж бий. 

-Эдийн засгийн байдал хүндрэлээс сургамж авсан зарим компани бүтцийн хувьд орон тооны цомхотгол үргэлжилж байна. Харин танай компанийн хувьд эсрэгээрээ ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж байхыг сонссон. Цаашид ямар байдлаар үйл ажиллагаагаа өргөжүүлэх вэ?

-Манай компани жилээс жилд үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьдог. Нийгэм эдийн засгийн байдал, ашигт ажиллагааны түвшин жилээс жилд буурч байгаа. Үүнийг дагаад худалдан авах чадвар буурч байгаа нь үнийн тал дээр их мэдрэг болоод байгаа. Үүнээс үзэхэд зах зээл дээр үнийн өрсөлдөөн явж байна. Гэхдээ сайн чанарын бүтээгдэхүүн хэрэглэдэг хэрэглэгч нар маань байгаа учир аль аль талыг барьж ажилладаг. Үндэсний үйлдвэрлэгч нарын хувьд ажлын байрыг нэмэгдүүлье, ард түмнээ чанартай хямд бүтээгдэхүүнээр хангах гэсэн ижил зорилготой байдаг. Иймээс үндэсний үйлдвэрлэгч нартай өрсөлдөхөд татгалзах зүйл үгүй. Харин ч бид чанаржих ёстой. Импортын бүтээгдэхүүнийг хориг саадгүй оруулж ирж байгаа нь бидэнд маш том бэрхшээл болдог. Мөн ганзагын буюу үүргийн худалдааг одоог хүртэл төр зохицуулж чадахгүй байна.

Түүнчлэн нийгмийн даатгалын тал дээр үйлдвэрлэгч гэдэг утгаар нэг хувиар илүү төлж байна. Тоочвол маш их бэрхшээл байгаа ч бидэнд итгэж байгаа ажилчдаа цалинтай, орлоготой байлгая, хэрэглэгчдээ чанартай бүтээгдэхүүнээр таслахгүй байх нь зогсолтгүй ажиллахаас өөр зам байхгүй. Нэг үгээр хэлбэл эдийн засаг хүнд байсан ч бид ухрах эрхгүй гэсэн үг. 

-Засгийн газраас төмс хүнсний ногоо, үр тариан дээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах бодлого барьж байгаа. Танай компанийн хувьд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой юу?

-Манай үйлдвэр 40 хүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж 100 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Эдгээр ажилчид маань өдөр бүр өөр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Хэрэв бид нэг төрлийн бүтээгдэхүүнийг өдөр бүр үйлдвэрлэсэн тохиолдолд барааны илүүдэл үүснэ. Бид боломжоо ашиглая гэвэл боломж бий. Үүнтэй зэрэгцээд бид Засгийн газарт үйлдвэрийнхээ бүрэн хүчин чадлыг тодорхойлоод өгвөл эргээд Засгийн газар импортын бүтээгдэхүүнд квот тогтоож өгөх нь зөв гэж боддог. Боломж үргэлж байдаг шүү дээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top