Энэтхэгт байдал хурцдаж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 21

Энэтхэг улсад иргэний харьяатын тухай хуулийг эсэргүүцсэн жагсаал цуглаанаас үүдэн эмх замбараагүй байдал үүсэж буйтай холбогдуулан Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди бямба гарагт /2019.12.21/ танхимын хурал хийж байна. Өнгөрсөн долоо хоногт тус улсын парламентаар батлагдсан хуулийг эсэргүүцсэн жагсаалын үеэр цагдаа, жагсагчдын хооронд мөргөлдөөн гарсны улмаас нийт 14 хүн амиа алдаад байна.

Хөл хорио тогтоосныг үл харгалзан бямба гарагт /2019.12.21/ жагсаал үргэлжилж байна. Хиндү, ислам шашинтнуудын хооронд ойр ойрхон мөргөлдөөн гардаг Уттар Прадеш мужид цагдаа нар хүний эрхийн төлөө тэмцэгчдийн орон гэр, ажлын байранд дайран орж, нэгжлэг хийж байна гэж эх сурвалжууд мэдээлжээ. Жагсагчид энэхүү хууль нь исламын шашинтны эсрэг чиглэгдсэн хэмээн шүүмжилж байгаа бөгөөд энэхүү хуулиар 2015 оноос өмнө Афганистан, Бангладеш, Пакистанаас Энэтхэг улсад ирсэн цагаачид Энэтхэгийн иргэншил авахад хялбар болсонд орон нутгийн иргэд дургүйцэж байгаа юм. Тэд цагаачдыг ажлын байр, газрын нь хулгайлж байна хэмээн үзэж байна.

Цагдаа нар жагсагчдын эсрэг галт зэвсэг ашиглахгүй, ус шүршигч, бороохой, нулимс асгаруулагч хий ашиглаж байгаа гэж мэдэгдэж буй ч хэд хэдэн хүн бууны сумнаас амиа алдаж, шархадсан байна.

Нөхцөл байдал хурцдаж буйтай холбогдуулан интернет, үүрэн утасны холбоог зарим хотуудад хязгаарлаад байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
53(64.119.25.131) 2019 оны 12 сарын 22

энэтхэгт иргэний дайн гарах нь шоргоолж шиг олон хунээ багасгаасай дэлхий даахаа болилоо

0  |  0
Top