АНУ-д 300 сая жилийн настай эртний моддын ул мөр олджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 21


АНУ-ын Нью Йорк мужийн Каир хотын газар нутагт шинжлэх ухаанд өдгөө мэдэгдээд буй хамгийн эртний чулуужсан мод олджээ. Эрдэмтэд 368 сая жилийн настай эдгээр мод тус мужийн хилээс цааш үргэлжилж байсан эртний ойн нэгэн хэсэг байсан гэж таамаглаж байна. Эдгээр олдвор мөн л Нью Йорк мужийн Гилбоа хотод өмнө олдож байсан олдворуудаас хоёроос гурван сая жилээр хөгшин гэнэ. Гилбоагийн олдворуудыг өнөөг хүртэл хамгийн эртнийх гэж үзэж байсан юм.

Их Британийн Кардиффын их сургууль, АНУ-ын Бингэмтоны их сургууль, Нью Йорк мужийн музейн эрдэмтэн, судлаачид хамтран Хадсон голын хөндий дэх Катскилл нурууны бэлд арав гаруй жил малтлага явуулж байгаа аж. Энэ хугацаанд тэд гурван мянга гаруй кв. метр ойд судалгаа хийсний эцэст энэ ойд дор хаяж хоёр төрөл зүйлийн ургамал ургаж байсан гэсэн дүгнэлтэд хүрчээ. Гурав дахь төрөл зүйлийг тогтоохоор эрдэмтэд ажиллаж байна. Эрдэмтэд мөн ургамал, хөрс усыг хэрхэн шингээдэг талаарх ойлголтыг өөрчилсөн маш урт үндэс илрүүлжээ. “Энэ бол манай гараг ой модоор хучигдаж, ой дэлхийн экосистемийн нэгэн хэсэг болж бүрэлдэх тэр үед хамаарах маш эртний ой юм” гэж Кардиффын их сургуулийн эртний ой судлаач Крис Бэрри ярьжээ. Эл газарт эрдэмтэд чулуужсан загас зэрэг олсон тул энэ ой их үерийн үеэр устсан гэж таамаглаж байна.

Крис Бэрригийн хэлснээр, энэ газрыг цаашид судалснаар модод хэрхэн хувьсан өөрчлөгдөж, агаар мандлаас хүчилтөрөгчийг яаж шингээж авдаг нууцыг тайлахад дөхөм болох гэнэ. Эдгээр мод шинжлэх ухааны нээсэн хамгийн эртний ойд хамаарах юм. Ирээдүйд магадгүй үүнээс ч эртний зүйлс олдох байх. Палеонтологи гэнэтийн бэлгээр дүүрэн байдаг хэмээн Их Британийн судлаач Ховард Фэлкон-Лэнг онцолжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Anujin(66.181.161.10) 2020 оны 10 сарын 14

sonirholtoi bailaa goy medeelel ogsond bayarlalaa

0  |  0
Top