Мезозойн эриний эрт үеийн цэцэрлэг Бразилд цэцэглэж байжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 20

Сүрлэг тиранозавр рекс энэ дэлхий дээр ноёрхохоос өмнө үед Бразилын өмнөд нутагт гнатоворакс хэмээх үлэг гүрвэл хаанчилж байжээ. Гурван метр урт энэхүү үлэг гүрвэл тухайн үед хамгийн том хэмжээтэй. Гнатоворакс нь 250 сая жилийн өмнө эхэлсэн Юрийн галавын өмнөх үе буюу Мезозойн эриний эрт үеийн цэцэрлэгийн хаан нь байсан бөгөөд өнөө цагийн арслантай зүйрлэж болох юм гэж Бразилын Санта Мариагийн холбооны их сургуулийн палеонтологич Родриго Тэмп Мюллер тайлбарлажээ. Эдгээр амьтад өдгөө палеонтологичдийн хувьд “алтны уурхай” болоод буй Бразилын пампас талд нутагладаг байсан аж.

Гнатовораксын араг ясыг анх 2014 онд Бразилын газар нутгаас олж байсан бөгөөд 230 сая гаруй жилийн дараа маш сайн хадгалагдсан байдалтай олдсон хамгийн эртний олдвор юм. Энэ нь өдгөө дэлхийгээс олдоод буй хамгийн эртний махчин үлэг гүрвэл юм.

Эрдэмтэн Мюллерийн хэлснээр гурван метр урт, 1.5 метр өндөр энэ амьтан 70-80 кг жинтэй байжээ. Түүний зарим шинж нь Цэрдийн галавын сүүл үед буюу 150 сая жилийн дараа Хойд Америкийн нутагт гарч ирсэн Тиранозавр рекстэй /12 м өндөр/ ижил төстэй гэж судлаач ярьжээ.

Триассын галавын үед эл хоёр тив хуваагдаагүй байсан бөгөөд Юрийн болон Цэрдийн галавын үеийн амьтдыг бодвол биеэр жижиг байжээ. Хожим нь эдгээр үлэг гүрвэл асар хүчтэй үерийн улмаас үгүй болжээ.

Гнатовораксын араг яс өдгөө Санта Мариагийн холбооны их сургуулийн Палеонтологийн судалгааны төвд хадгалагдаж байна. Гнатовораксаас гадна Бразилын судалгааны багийнхан мөн 225 сая орчим жилийн өмнө амьдарч байсан дэлхийн хамгийн эртний урт хүзүүт үлэг гүрвэлийг / Macrocollum itaquii/ 2012 онд мөн илрүүлжээ. Гнатовораксын адил арын хоёр хөл дээрээ явдаг байсан ч өвсөн идэштэн байжээ.

Эдгээр үнэт олдворууд Бразил улс палеонтологийн баялаг түүхтэй болохыг гэрчилж байна. Харамсалтай нь өнгөрсөн жил Риогийн Үндэсний музейд гал гарсны улмаас үнэтэй олдворуудын зарим нь устсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top