ЗУРГААН АЙМАГ: Тусгай зөвшөөрөл олгохдоо орон нутгийн саналыг авдаг байхыг хүслээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 12 сарын 18

Төрийн ордны Их танхимд "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний чуулган үргэлжилж байна. Энэхүү чуулганы үеэр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр зургаан аймгаас санал ирсэн гэдгийг хэллээ. Учир нь, өнгөрсөн хугацаанд "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлгийг 21 аймагт зохион байгуулсан юм. Харин Төрийн ордонд болж байгаа энэхүү чуулганаар 21 аймгаар өртөөлсөн хэлэлцүүлгийнхээ үр дүнг нэгтгэж, төр засгийнханд саналаа хүргүүлэх зорилготой билээ.  


-ХӨВСГӨЛ АЙМАГ-

1. Ашигт малтмал, газрын тосны газраас хайгуулын тусгай зөвшөөрлийг хэлэлцэн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход орон нутгийн саналыг авах.

2. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 2009 онд 50 дугаар өргөргөөс хойшх газар нутаг, 2018 онд 50 дугаар өргөргөөс урагш газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Дээрх тогтоолын дагуу орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газар нутгийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын бүртгэлийн системд бүртгүүлж, баталгаажуулах талаар орон нутгийн шийдвэрийн хэрэгжилтэд хамтран ажиллах. 


ГОВЬСҮМБЭР АЙМАГ 

1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах саналтай байна. Тус хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг авахад шат дараалал, өртөг ихтэй байдаг улмаас одоог хүртэл аймгийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлох үйл ажиллагааг явуулж болохгүй байна. Үүнээс хамаарч иргэд, аймаг орон нутгийн бүтээн байгуулалтын ажилд ихээхэн хүндрэл учирдаг тул эрх зүйн орчныг боловсронгуй болгох саналтай байна. 


-ДОРНОД АЙМАГ-

1. Уул уурхай, газрын тосны олборлолт ашиглалт явуулж болох болохгүй, шаардлагагүй газар бүс нутаг, аймаг, багийг тодорхой болгон зааг, хил тогтоож өгөх.

2.Хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохоос өмнө тухайн орон нутгийн байгаль орчны нөхцөл байдлыг сайтар судалж, дүгнэлт гарган, ард  иргэдийн саналыг заавал авдаг байх.

3. Тусгай зөвшөөрөл олгоод орхих бус Монгол Улсын хууль тогтоомж, норм дүрэм, стандартыг ягштал мөрдүүлэн, уурхайн мөчлөг бүрийг ойлгуулж тайлбарлах, зайлшгүй сургалтад суусных нь дараа лицензээ олгодог байх хэрэгтэй болж байна. 

4. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд заасан хугацаанд зайлшгүй батлах, шаардлага хангаагүй тохиолдолд тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үйл ажиллагааг эхлүүлэхгүй гэдгийг мэдэгдэж, хариуцлага тооцох, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээг авч байх.

5.  Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг нийгэм, эдийн засгийн үнэлгээтэй хамт хийж байгальд сөрөг нөлөөгүй,  ард иргэд нутаг оронд өгөөжтэй гэж дүгнэсэн тохиолдолд л уул уурхайн олборлолтыг эхлүүлэхийг зөвшөөрөх.

6. Ажиллахаар болсон тохиолдолд боловсон хүчнийг Монгол иргэд, тухайн бүс нутаг, аймаг, сумаас нээлттэй ил тод сонгон шалгаруулж авах. Цалин хөлс, амьдрах орчин нөхцөлийг стандартад бүрэн нийцүүлэх. Тухайн олборлогч компанийн нийт зардлын ихэнхийг ажилтан, ажиллагсдын цалинд зарцуулах зэрэг шаардлага, эрх зүйн актыг батлах, мөрдүүлэх.

7. Аж ахуйн нэгжүүдийн туслан гүйцэтгэх ажлыг зайлшгүй ил тод, нээлттэй зарлах шалгаруулж хэвших.

8. Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль, Төсвийн тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулж, байгалийн нөөц ашигласны төлбөрийн 30-аас доошгүй хувийг тухайн ашиглалт явж байгаа аймаг, суманд хуваарилах.

9. Орон нутагт уул уурхайн асуудал хариуцсан нэгж байхгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top