Чулуун зэвсгийн үеийн “бохь”-ноос хүний ДНК илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 18

Данийн судлаачид таван мянга орчим жилийн настай гэх хус модны давирхайн дээжийг шинжлэх явцад хүний бүтэн ДНК гаргаж авчээ.

Давирхайг зажилж байсан гэх залуухан эмэгтэй Чулуун зэвсгийн үед Данийн өмнөд бүс нутагт амьдардаг байсан бөгөөд бараан өнгийн арьстай, хар үстэй, цэнхэр нүдтэй байсан гэж таамаглаж байна.

Энэ нь эртний хүний генийг яснаас өөр зүйлээс илрүүлсэн анхны тохиолдол юм гэж Копенхагены их сургуулийн антропологич Ханнс Шрёдер ярьжээ.

Эрдэмтдийн баг эмэгтэйг генийн хувьд тухайн үед Скандинавын төв хэсэгт амьдарч байсан эртний хүмүүсээс эх газрын Европын анчин овгийнхонтой илүү ойр хамаатай гэж дүгнэжээ. ДНК-ийн шинжилгээгээр эмэгтэй хамгийн сүүлд юу идэж байсныг тогтоохоос гадна амны хөндийд нь ямар төрлийн нян байсныг хүртэл илрүүлжээ. Энэ хүн ойн самар, галууны мах хамгийн сүүлд идсэн бөгөөд амны хөндийд нь 40 төрлийн нян байсныг олж тогтоожээ.

Ингэснээр эрдэмтэд өвчин үүсгэг нян цаг хугацааны явцад хэрхэн хувьсаж, тархаж байсныг олж тогтоох боломжтой болжээ. Үүний сацуу эдгээр өвчин үүсгэгч нян ирээдүйд хэрхэн хувьсан өөрчлөгдөх талаар таамаг дэвшүүлэх, эдгээрийг хэрхэн хадгалах, устгах аргыг нээх боломжтой болж байна.

Гэхдээ энэ эртний эмэгтэй юуны учир давирхай зажилж байсан нь тодорхойгүй. Эрт цагийн “бохь” байв уу эсвэл давирхайг цавуу болгон ашиглах, шүдээ цэвэрлэх, өл дарах арга байсан байх магадлалтай хэмээн эрдэмтэд таамаглаж байна.

Хэдийгээр ДНК шинжилгээгээр эмэгтэйн насыг тогтоох боломжгүй ч голдуу хүүхдүүд давирхай зажилдаг тул хүүхэд байсан байх гэж таамаглаж байна.
 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top