2019 оны ТРЭНД: Оны онцлох улстөрчид

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 18

“Чи улс төрөөр оролдохгүй ч улс төр чамаар оролдоно” гэсэн үг бий. Бид улс төрийн гүн гүнзгий шинжилгээ хийх гэж оролдоогүй. Гэхдээ шинэ ерөнхийлөгч, сонгууль, гэрээ хэлэлцээр гээд дэлхий ертөнцөд болж байгаа үйл явдлыг анхааралтай ажиглан харж байсан. Ингээд 2019 оны “Онцлох улс төрч”-дийг танилцуулж байна.

Ким Жон Ун

Дэлхийн хамгийн хаалттай орны тэргүүн Ким Жон Ун үлгэрт гардаг цагаан морьтой ханхүү шиг гарч ирсэн. Кимийг цөмийн туршилт хийж, дайн дэгдээж, хэн нэгнийг загнан, сүрдүүлэхэд хэн ч гайхахгүй, харин цагаан хүлэг морь унахад нь дэлхий гайхсан.

Ким морио унаад солонгосчуудын дархан уул болох Пэктусанд гарсан. “Өндөр уулан дээрээс эх орноо хараад, энэ орноо улам хөгжүүлэхийн тулд юу хийх вэ гэж тэр бодсон” гэж Өмнөд Солонгосын хэвлэл мэдээлсэн билээ.

Владимир Зеленский

Хошин шогийн жүжигчин, дөнгөж 41 настай Владимир Зеленский Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан нь украинчуудын хувьд ч гэнэтийн явдал байлаа. Монголчууд бид ч бас их гайхсан, баярласан. Учир нь Зеленский Монголд, тодорхой хэлбэл Эрдэнэтэд амьдарч байсан нэг үгээр хэлбэл “ГОК-ын орос мэргэжилтэн”-гүүдийн нэгний хүүхэд. Петр Порошенког илт давуу ялсан тэрбээр төрийн тэргүүний ажлаа Радаг тарааж, ихэнх амбан захирагчдыг халснаар эхлүүлж, Крымийг эргүүлэн авна гэдгээ зарласан.  

Владимир Путин

Украинд шинэ Ерөнхийлөгчтэй болсон бол ОХУ-д хориод жил ямар ч өөрчлөлтгүй байгаа. Нөгөө л ПУТИН. Гэхдээ тэр олныг гайхуулсан хэвээр л байна. Энэ жилийн түүний гол сэдэв нь “Эрүүл амьдрах ёс” байлаа. В.Путин Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенкотой цанаар гулгаж, хоккей тоглон, уран сайхны гимнастикийн  бэлтгэл үзэж, Сибирийн тайгаар зугаалж, мөөг түүгээд, ханиадны вакцин хийлгэснээ ч ард түмэндээ ярьсан. Эрүүл амьдрах ёс бол зөвхөн спорт биш бас урлаг юм гэдгийг харуулахаар Путин Севастополийн урлагийн академид очиж, балетчидтай уулзсан. Алдарт балетчин Сергей Полунин цээжин дээрээ Путины хөргийг шивүүлсэн юм.

Жасинда Ардерн

Амгалан тайван Шинэ Зеланд улсын талаар дэлхий дахин яриад байдаггүй, даруу төлөв энэ улс ч онцгойрох гэж зүтгэдэггүй. Гэвч энэ жилийн гуравдугаар сард Шинэ Зеландад исламын сүм хийдэд халдлага болж, олон хүн амь насаа алдсан билээ. Энэ алан хядлагын дараа Ерөнхий сайд хатуу чанга хүн гэдгээ харуулсан. Ардерн хуульд өөрчлөлт оруулж, галт зэвсэглэлийг хязгаарлана гэж мэдэгдсэн. Мөн хар алчуур нөмрөн Исламын шашны төлөөлөгчидтэй уулзаж, эмгэнэл илэрхийлж байв.

Ардерн бэлгийн цөөнхийн эрхийн төлөө тэмцэж, үр хөндүүлсэн эмэгтэйд эрүүгийн ял оноох саналыг дэмждэггүй.

Тереза Мэй

Зургаадугаар сарын 7-нд Их Британийн Ерөнхий сайд  Тереза Мэй ажлаа орхисон. “Брексит”-ийн асуудлаар засгийн газартайгаа зөрчилдсөн Мэй хэвлэлийн хурал дээр нулимсаа барьж дийлэхгүй байлаа.

Елизавета II

Бидний аав ээж, өвөө эмээгийн үед ч Их Британийг Хатан хаан Елизавета II захирдаг байсан. Одоо ч хэвээр. 93 настай Хатан хааныг онцлох болсон учир нь “Тэрбээр 95 нас хүрээд хааны титмээ ууган хүү Чарльзд шилжүүлэн өгөх болжээ” гэсэн мэдээ дэлхийг шуугиулсан. Эзэн хааны ордноос ямар нэг мэдээлэл хийгээгүй ч 71 настай “мөнхийн ханхүү” Чарльз хаан ширээнд суух эсэх олны анхаарлыг татаж байгаа.

Доналд Трамп

Трампын бодлогыг эсэргүүцэх хүний тоо АНУ-д эрчтэй өссөөр байна. Хөдөө орон нутагт үг хэлэхэд нь эсэргүүцэн шүгэлддэг хүмүүс нэмэгдэж, эхнэр Меланья ч өмссөн хувцсаараа шар хэвлэлд баалуулдаг болжээ. Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг утсаар загнаж, 2020 оны сонгуулийн өрсөлдөгч Жо Байдены хүүгийн талаар материал өгөхийг шаардсан гэж байгаа. Гэвч хэзээ ч буруугаа хүлээдэггүй нь Доналд Трамп. Трамп 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болно.

Зузана Чапутова

Дэлхийд эмэгтэй улс төрчдийн тоо нэмэгдсээр байгаа баримтыг хэн ч хүлээн зөвшөөрнө. Энэ оны гуравдугаар сард Словак улс анх удаагаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болсон. 46 настай Зузана Чапутова өмгөөлөгч мэргэжилтэй, эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн төлөө цогтой тэмцэгч хүн. Төрийн тэргүүний хувьд хийх ажлаа тэр авлигатай тэмцэх, ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах, экологийн аюулаас сэргийлэх гэж мэдэгдсэн юм.

Санна Марин

Хамгийн сүүлд онцгойрсон улс төрч бол Санна Марин. Ердөө 34 настай Санна Финландын төдийгүй дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайд болсон билээ. Хэдий нас залуу ч 27 настайдаа Тампаре хотын зкөвлөлийг удирдаж, 30 настайдаа Финландын парламентын гишүүн болсон эрхэм юм.

Нурсултан Назарбаев

Казахстан улсын үүрдийн Ерөнхийлөгч мэт санагдаж байсан Нурсултан Назарбаев 2019 оны хавар 30 жил хашсан албан тушаалаа орхисон. Шинэ Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев хүндэтгэл илэрхийлэн нийслэл Астана хотын нэрийг Нур-Султан болгон өөрчилж, бэлэг барьсан. Гэхдээ Назарбаев Казахстаны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын тушаалд үлдсэн гэхээр нөлөө, хүч чадал хэвээр байгаа гэсэн үг юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ub irgen(66.181.161.44) 2019 оны 12 сарын 18

solongos gaxai yu ve

0  |  0
Top