Мартагдсан "Домогт 1900" кино Хятадад алдаршиж буй шалтгаан

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 14

Сайн кино хугацаа улирсан ч хүний сэтгэлд, хүн хоорондын харилцаанд ч мөнхөрдөг гэдэг. Жүжигчний хэлсэн диалоги бүр хэлц болон үлдэх тохиолдол ч бий. Гэхдээ энэ нь цөөхөн л дөө.

Нэгэн цагт хамгийн адгийн кино гэж муулуулж, муу жүжиглэлт, ядруухан харилцан яриа зэргээрээ олны хараалыг барсан муу кино одоо алдаршиж буй гэвэл та итгэх үү? Уншигч та итгэх л хэрэгтэй болж. Гэрэл сүүдэр, компьютерын эффект, дуу дүрсний өндөр чанараар зоддог болсон шинэ эринд муу гэж шүүмжлүүлсэн “Домогт 1900” кино алдаршиж байна. Гэхдээ Хятадын зах зээлд...

Домогт 1900. “La leggenda del pianista sull'oceano” буюу “Тэнгис дэх төгөлдөр хуурчийн домог” гэх кино 1998 онд олны хүртээл болжээ. Монголын үзэгчид маш сайн мэдэх энэ киног Италийн шаггүй найруулагч гэгдэх Жузеппэ Торнаторе найруулсан юм. Гол дүрд нь сүүлд “Намайг хуураач” киногоор алдаршсан Тим Рот тоглосныг уншигч та андахгүй.

Нээлтээ хийж дэлгэцэд амилснаасаа хойш бүтэн хоёр аравны дараа "Домогт 1900" Хятадын зах зээлээс 130 сая юань буюу 18.5 сая ам.доллар олоод байна.

Хөлөг онгоцонд амьдралынхаа бүх насыг өнгөрөөсөн төгөлдөр хуурын суу авьяастан хуучирч муудсан хөлөг онгоцтойгоо цуг хэрхэн дуусаж буйг энэ кино өгүүлнэ. Гарсан даруйд нь “Variety сэтгүүл “салбархай” гэж цоллож байсан бол “San Francisco Chronicle” сэтгүүл “яг л кинонд өгүүлдэг шигээ сүйрсэн кино байна” гэж дүгнэж байлаа.

 

 

Ихэвчлэн баруун Европ, Хойд Америкийн зах зээлд амжилт олоогүй, дандаа шүүмжлүүлсэн энэ киноны “алуур” нь Макс Түнигийн дүрийг бүтээсэн Прутт Тейлор Уинсийг гэж дүгнэдэг. Тогтож чаддаггүй нүд, текстээ цээжилсэн мэт уншдаг нь Тим Ротын “хэнэггүй, хайнга” жүжиглэлттэй нийлээд унагаасан гэж дүгнэх судлаач ч бий.

Гэхдээ кинотойгоо хамт мартагдсан шүүмжлэгчдийн шүүмжлэлийг хойш нь түлхье.

...Өгүүлж буй далд утга, жүжигчдийн байгаа байдал зэрэг нь Хятадын үзэл сурталтай яв цав нийцсэн болохоор удирдлагуудын зүгээс хятад даяар гаргахаар болжээ.

Хятадууд “Домогт 1900”-г 21 жилийн дараа аварчихлаа. Нутгийн шилдгүүд тоглосон “Өвлийн хаа нэгтээ” кино ч, Холливудын шинэ цагийн жүжигчид дахин амилуулсан “Чарлигийн сахиусан тэнгэрүүд” ч 21 жилийн өмнөх “Домогт 1900”-г гүйцсэнгүй.

Нээлтээ хийж дэлгэцэд амилснаасаа хойш бүтэн хоёр аравны дараа "Домогт 1900" Хятадын зах зээлээс 130 сая юанийг олоод байна. Үүнийг ам.долларт шилжүүлбэл 18.5 сая ам.доллар болно. Анх нээлтээ хийхдээ энэ кино бүтэн сарын туршид 167.4 мянган ам.доллар л олж байлаа. Ердөө хоёр л сар кино театрт гараад “буусан” энэ кино тасалбарын борлуулалтаас ердөө 259.1 мянган ам.доллар л олсон юм.

Яагаад заавал одоо гэж? Үзэл суртлын шалтгаан, киноны ядмаг маркетинг зэргээс шалтгаалан энэ кино Хятадын зах зээлд тухайн үедээ нэвтрээгүй. Харин энэ удаад өгүүлж буй далд утга, жүжигчдийн байгаа байдал зэрэг нь Хятадын үзэл сурталтай яв цав нийцсэн болохоор удирдлагуудын зүгээс хятад даяар гаргахаар болжээ. Тийм ч учраас БНХАУ байгуулагдсан өдрөөс яг нэг долоо хоногийн дараа энэ кино Хятадын зах зээлд гарч эхэлсэн.

Хятадууд зүгээр ч нэг энэ киног гаргаагүй ээ. Гаргах, гаргахдаа өнгөний нягтралыг нь сайжруулан 4К формат руу шилжүүлсэн юм. Түүгээр ч үл барам 3D эффект оруулжээ. БНХАУ-ын Урлагийн хороо энэ оны эхнээс киноны эрхийг эзэмшигч “Медуза” фильм студитэй холбогдсон байна. Тухайн үедээ “Медуза” ч энэ киног мартсан гэдэг. Хоёр тал удаан ярилцсаны эцэст зохиогчийн эрхээ шийдвэрлэж улмаар хятадын зах зээлд гарч буй нь энэ юм.

...Тийм ч учраас БНХАУ байгуулагдсан өдрөөс яг нэг долоо хоногийн дараа энэ кино Хятадын зах зээлд гарч эхэлсэн...

Хятад бол 3D киноны эрэлт, тасалбарын борлуулалт зэрэг нь зардлаа нөхөж чаддаг цөөхөн зах зээлийн нэг. Өмнө нь гарч байсан киног орчин цагийн технологийн дэвшилтэй сүлэлдүүлж чадсан нь магадгүй энэ их амжилтын шалтгаан ч байж болох. Хятадын үзэгчид юу юунаас илүү “Домогт 1900” киноны тухай л одоо ярьцгааж байна. Тийм ч учраас одоог хүртэл дэлгэцээс буухгүй байгаа аж.

 

 

Хятадын зах зээл нээлттэй мэт боловч хаалттай, хаалттай мэт боловч нээлттэй гэдгийг “Домогт 1900” киноны жишээнээс тодорхой харж болно. Хятадын зах зээлд шинээр гарсан хуучин кино бол зөвхөн “Домогт 1900” гэдэг кино биш.

Хоёр сарын өмнө Хайнан олон улсын кино наадмын үеэр хуучны гурван ч киног үзэгчдэд толилуулсан. Шинээр нээлтээ хийсэн хуучин кинонууд нь 1925 онд Чарли Чаплины найруулсан “Алтны халуурал”, 1955 онд Агнес Вардагийн найруулсан “Охор цэг” , 2009 онд Марк Уеббийн найруулсан “Зуны 500 өдөр” кинонууд байлаа.

Шинэ гэдэг бол сайтар мартагдсан хуучин зүйл. Кино мартагдаж болох ч шинэ болох цаг ирж байна. “Домогт 1900”-ийн домог оршвой!

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.27.109) 2019 оны 12 сарын 14

millenovecento

0  |  0
Top