ГОЛ СЭДЭВ | Хийн хоолойг тойрсон хоёр байр суурь

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 16

Монгол Улс болон ОХУ-ын хооронд Байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дайруулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Уг санамж бичигт байгалийн хийн хоолойн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, эдийн засгийн үр өгөөжийг тогтоох тухай тусгажээ.

ОХУ-ын зүгээс Монголын нутгаар дайруулах эсэхийг эцэслэн шийдээгүй бөгөөд эцсийн шийдвэрт хүрэхийн тулд Монголын нутгаар дайруулах эдийн засгийн өгөөжийг судалж буй нь энэ юм. Гэвч “Сила Сибирь” буюу “Сибирийн хүч 1” төслийн нээлт, их гүрний бодлого үүнтэй хэрхэн уялдаж байгаа нь олон нийтэд мэтгэлцээн өрнүүлж буй.

Байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайруулах боломж, үнэ цэнтэй холбоотой асуудлаар Эдийн засгийн ухааны доктор, профессор А.Даваасүрэн, Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Хангай нар “Өөрчлөгч” клубийн уулзалтаар юу гэж ярьсныг та бүхэнд хүргэе.  



А.ДАВААСҮРЭН: БАЙГАЛИЙН ХИЙН ХООЛОЙГ МОНГОЛЫН НУТГААР ДАЙРУУЛАХ
САНАМЖ БИЧГИЙГ ХЯТАДТАЙ Ч ХИЙХ ЁСТОЙ

 


-Монгол Улсын нутгаар байгалийн хийн хоолойг дайруулах асуудлын бодит байдлыг хэрхэн дүгнэх вэ?

-Байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайруулах эсэхийг хэлэлцэж байгаа ч энэ бол эцсийн шийдвэр биш. Хэлэлцэж ярилцана гэдэг өөр хэрэг, амьдрал дээр хэрэгжих нь бас өөр хэрэг. Нэгэнт санамж бичиг байгуулсан бол энэ асуудлыг цааш нь гүнзгийрүүлж судлах, эрдэмтдийг татан оролцуулах ёстой.

Хятад бол байгалийн хий хүлээж авах гол хэрэглэгч учраас  БНХАУ-ын талтай яг энэ мэтчилэн уулзаж санамж бичиг байгуулах, цаашлаад гурван талын хамтын ажиллагааны хүрээнд хийн хоолойн ажлыг цааш нь явуулах нь зүйтэй юм.

-Гурван улсын хооронд хэрэгжих гэж буй эдийн засгийн коридор төсөлтэй хэр зэрэг уялдах вэ?

-Монгол Улс “Талын зам” төсөл боловсруулсныг  та бүхэн мэдэх байх. Энэ төсөлд эрчим хүчний систем, байгалийн хийн хоолой, авто, төмөр, агаар, усан зам гэсэн нэгдсэн төсөл бий. Хоёр хөршийн хувьд БНХАУ “Нэг бүс, нэг зам”, ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо”-той уялдуулан Гурван улсын эдийн засгийн коридор байгуулна гэж тохиролцсон. Энэ яриа хэлэлцээрт байгалийн хийн хоолойг монголын нутгаар дайруулах санаачилга, ажлыг ч хамруулах ёстой.

-Монгол Улсын нутгаар дайруулсан тохиолдолд төслийн үнэ цэн хэр зэрэг байх вэ?

-Монгол Улсын газар нутгаар дайруулах ямар байх вэ гэдэг эдийн засгийн тооцоо гаргах цаг хугацааны боломж байгаагүй.

 Байгалийн хийн хоолой дамжих нэгдүгээр шалгуур нь тэр хоолойн дагуу хэрэглэгч олон байх нь ашигтай байдаг. Манай улсын хувьд хил даваад орж ирвэл 100 гаруй км-т Дархан, Дарханаас цаашаа 220 км-ын цаана Улаанбаатар хот бий. Улаанбаатар бол гол хэрэглэгч нь юм. Монголын нутгаар дайрах 2100 гаруй км байгалийн хийн хоолойн үндсэндээ 1000 гаруй км-т нь Улаанбаатар байгаа. Цаашаа дахиад 800 гаруй км явж байна Хятадын нутаг дэвсгэр рүү орно.

Улаанбаатар хотод байгалийн хийн сүлжээ үүсэх бүрэн боломжтой. Би дээр хэлсэн. БНХАУ-тай ОХУ-тай байгуулсан шиг санамж бичиг байгуулаад, Гурван улсын эдийн засгийн коридор төсөлд хамруулах ёстой. Бид асуудалд алгуур хандахгүй ажил хэрэгч байдлаар хандвал болох зүйл гэж харж байгаа. Яагаад гэвэл анх энэ асуудал яригдаж эхэлсэн 1990, 2000-аад онтой харьцуулахад хоёр улсын харилцаа наашилсан. Асуудлыг хөндөөд, нээлттэй ярилцвал хэрэгжих ёстой.
 



Л.ХАНГАЙ: "СИЛА СИБИРЬ 2" ҮР АШИГГҮЙ БАЙСАН УЧРААС
МОНГОЛООР ДАЙРУУЛАХ ТУХАЙ ЯРИАД БАЙГАА ЮМ

 


-Байгалийн хийн хоолойг Монголоор дайруулах төслийн тухай яривал...?

-Байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайруулах тухай яриа 1999-2000 оны зааг дээр яригдаж эхэлж байлаа. Тэр үед “Юкос” гэдэг том компани, М.Ходорковский гэх том олигарх байлаа шүү дээ. “Юкос” тухайн үедээ Монголоор дайруулаад Ороос Хятад руу хийн хоолой тавих асуудлыг хөндөж байлаа. Яагаад гэвэл нефть хоолой тавих гээд нэгэнт газар ухаж байгаа бол хийн хоолой тавья гэдэг санал тавьж байсан юм. Бас нэг зүйл бий. Байгалийн хийн “Ковыкта” гэж том орд бий. Эрхүү хотоос хойшоо 400 км-т орших тайгад байх энэ ордын нөөц нь 2 их наяд орчим шоо метр гэж гарсан. Тухайн цаг үед РУСИА петролеум гэдэг компани Монголоор дайруулан хятад руу байгалийн хий нийлүүлэх тухай ТЭЗҮ-н урьдчилсан тооцоо гаргасан юм. Манайд тавьсан саналыг нь бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар хүртэл хэлэлцэж байлаа.

Тэдний тооцоолсноор хэрэв Монголын төв хэсгээр төмөр зам дагуу тавих юм бол 1050 км юм байна гэсэн тооцоо гарч байсан юм.

-“Сила Сибирь” буюу Сибирийн хүч төсөл монголыг тойруулаад тавьчихлаа гэж шүүмжилж байгаа. Энэ тухай юу хэлэх вэ?

-“Сила Сибирь” , “Сибирийн хүч” ч гэж яриад байгаа том төслөө арванхоёрдугаар сарын 02-нд албан ёсоор нээлээ. Оросын ч тэр, олон улсын хэвлэлүүд ч тэр энэ төслийг бүтнэ, бүтэхгүй гэдэг яриа явж байлаа. Гэтэл энэ бүтээд нээчихлээ.

Манайхан сүүлийн үед Монгол Улсыг тойруулаад зүүн талаар тавьчихлаа гэж яриад байгаа юм. Яг сайн бодоод үзэхээр тойруулъя гэж тойруулаагүй болохыг та бүхэн мэдэх хэрэгтэй. Зүүн тийшээ тавих нэгдүгээрт, Хятадын зүүн хойд мужууд руу хий нийлүүлэх зорилготой. Амар мөрний доогуур хоолой тавиад ОХУ-ын Благовещескээс Хятадын Хэйхэ хүртэл тавьчихсан. Хоёрдугаарт, Ази номхон далайн орнууд руу гаръя гэсэн ОХУ-ын зорилттой холбоотой. Ганцхан Хятадын зах зээлийг онилоод байгаа юм биш. Амар мөрөн дээр хий шингэрүүлэх үйлдвэр барина гэж төлөвлөж байгаа юм байна. Шингэрүүлсэн хийгээ усан онгоцоор Өмнөд Солонгос, Япон улсуудад нийлүүлэх бодлоготой. Тиймээс зүүн тийшээ тавьсан юм байна лээ. ОХУ-ын геополитик гэж яривал баруун, зүүн талдаа хоолой суурилуулах бодлоготой. Та бүхэн мэдэж байгаа баруун талаараа хоолойгоор холбогдсон. Одоо зүүн талаараа холбогдох зорилго нь энэ.  Энгийнээр тайлбарлахад олон зах зээлтэй байя гэсэн л санаа. Европ руу нийлүүлэхэд янз бүрийн бэрхшээл гарч байвал зүүн тийшээ нийлүүлье гэсэн бодлоготой холбоотой.

-Монгол Улсын нутгаар байгалийн хийн хоолойг дайруулах асуудлын бодит байдлыг хэрхэн дүгнэх вэ?

-Баруун талаар “Сила Сибирь 2” хоолойг хэрэгжүүлэх ОХУ-ын бодлоготой энэ бүхэн холбоотой. Украины бужигнаантай холбоотойгоор урд хоолойгоор дамжуулах төвөгтэй болсон учраас баруун талаар орос, хятад улс Укокийн өндөрлөгөөр тавих тооцоог анх хийсэн байдаг. Ингэж тавихад хэд, хэдэн асуудал гарсан юм. Нэгдүгээрт урт. Хэрэв ингэж тавихаар бол Ковыктагаас биш Ямагаас хоолой татах хэрэгтэй болно. Нийтдээ 6750 км урт хоолой тавих хэрэгтэй гэсэн үг. Гэтэл Хятадын үндсэн хэрэглэгчид нь далайн эрэг орчимын болон Бээжингийн аж үйлдвэрийн район. Энд хүн амын болон аж үйлдвэрийн төвлөрөл өндөр. Хоёрдугаарт, ЮНЕСКО-гоос Байгалийн өв гэсэн ангилалд бүртгэгдсэн тусгай хамгаалалтын бүс гэсэн ангилалд багтсан байдаг. Харин гуравдугаарт газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог, дөрөвдүгээрт Шинжаан Уйгарын бүс нутагт оршдог улс төрийн тогтворгүй бүс нутгаар дайрна зэрэг тооцоолол байдаг учраас үр ашиггүй гэсэн тооцоолол гарсан юм.

Үүнтэй холбоотойгоор Монголоор дайруулъя гэдэг асуудлыг сүүлийн үед тавиад байгаа юм. Энэ тухай ярианаас цаашаа хэтэрдэггүй байсан нь энэ жилээс ажил хэрэг болж эхэллээ. Учир нь ОХУ-ын Ерөнхийлөгчийг Монгол Улсад айлчлахад энэ тухай эхэлж ярьсан бол Владивостокт ярилаа. Хамгийн чухал нь Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Газпром”-ын захирлыг дуудаж үүрэг өглөө шүү дээ. Орос болон Монголын тал харилцан судлах санамж бичиг байгууллаа. Хоёр тал хамтарсан ажлын хэсэг байгуулъя, Оросын талд шаардагдах мэдээллийг Монголын тал саадгүй гаргаж өгнө гэсэн гэрээ байгууллаа. Ажил болж хэрэгжих хөрс тавигдаж эхэллээ.

-Монголын нутгаар дайруулах нь төслийн хувьд хэр зэрэг үнэ цэнтэй вэ?

-2000-аад оны эхэнд “РУСИА Петролеум” гэдэг компани техник, эдийн засгийн урьдчилсан үнэлгээ хийсэн гэж би дээр хэлсэн. Энэ үнэлгээгээр Монголын нутгаар байгалийн хий хоолойг баривал 3-4 жилийн дотор барьж дуусна гэсэн тооцоо гарсан. Техник хөгжсөн үүнээс богино хугацаанд ч барьж болно. Байгалийн хийн хоолой барихад шахуургын станц гэдэг зүйл хэрэгтэй болдог юм байна. “РУСИА Петролеум” компанийн судалгаагаар Монгол Улсад барихаар бол найман станц байх ёстой гэсэн судалгаа гарсан. Барилга угсралтын үед 3700 хүн, ашиглалтад орохоор 1500 гаруй хүн ажиллах тооцоотой. Хийн салбарт бий болсон ажлын нэг байр бусад салбарт 6-7 ажлын байр бий болгодог гэсэн судалгаа бий. Үнэ, тарифын хувьд бид үнэ цэн бий болгож болно. 1000 куб метр хийг 100 км-т дамжуулахад 2-2.5 ам.долларын тарифтай. Хэрэв манайхаар хоолой тавигдаад түүгээр 38 тэрбум шоо метр байгалийн хий дамжууллаа гэж үзвэл тэрбум орчим ам.долларын орлоготой байх нь.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1иргэн(202.9.40.35) 2019 оны 12 сарын 16

Еэ ашгуй.Сайхан мэдээ дуулгалап.\n\n

0  |  0
Иогэн(202.9.40.35) 2019 оны 12 сарын 16

Сайхан мэдээ бна.Бутээсэй.Аль аль талдаа ашигтай.\n

0  |  0
Top