Ши Жиньпин Макаод бооцоо тавилаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 13

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хонконгт тайван бус байдал үргэлжилсээр буй нөхцөл байдалд түүний хөрш Макаог санхүүгийн төв болгон хөгжүүлэхэд чиглэсэн шинэ бодлогыг танилцуулахаар төлөвлөж байна. Тэрбээр ирэх долоо хоногт Макао Хятад улсад буцаж шилжсэний 20 жилийн ойг тохиолдуулан тусгай захиргааны бүсэд айлчлах үеэр энэ талаар зарлана гэсэн хүлээлттэй байна.

Макаогийн эдийн засгийг солонгоруулснаар бүсийн эдийн засгийн тоглоомын бизнесээс хараат байдлыг буруулж, санхүүгийн шинэ төв болгон хөгжүүлэх боломжтой болно гэж Бээжин үзэж байна. Төсөлд Макаод хөрөнгийн бирж, санхүү тооцооны төв байгуулах, тус бүсийн газар нутгийг тэлэх зэрэг арга хэмжээ туссанаас гадна хэд хэдэн улсын банк, үйлдвэрийн газар Макаод шаардлагатай дэд бүтэц байгуулахад нь туслалцаа үзүүлэх үүрэг авчээ.

Макао нь 1999 оны арванхоёрдугаар сарын 20-ныг хүртэл Португалийн харьяанд байсан Ази дахь хамгийн анхны колониудын нэг нь байв. БНХАУ-ын тусгай захиргааны бүс өдгөө 672 мянган хүн амтай. Тоглоомын бизнес, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлалын салбараас орлого олдог. Хөрөнгийн бирж эхний үедээ бондын арилжаа, дотоодын болон эх газрын Хятадын компаниудаас гадна гарааны болон португал хэлээр ярьдаг улс орнуудын компаниудад гол үйл ажиллагаагаа чиглүүлэх гэнэ. Ингэснээр Хонконг болон Шэньжэнтэй шууд өрсөлдөхөөс зайлсхийх юм.

Түүнчлэн, Макао Бээжинд төвтэй Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд нэгдэж буйг Ши Жиньпинь айлчлалынхаа үеэр зарлахаар төлөвлөж байна. Аялал жуулчлал, санхүүгийн төв болохоос гадна Макао Сингапурын адил Азийн олон улсын хурал, арга хэмжээг зохион байгуулдаг гол төв болох зорилго тавиад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top