Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгчийн хоригийг ОУВС-гийн хөтөлбөрт тавьсан гэж ойлго

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 11

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2019.12.10/ хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн явцад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад заасан, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих, хоригийн хавсралтад дурдсан, 1,424,277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, арга хэмжээнд хэсэгчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан 1,828,930.3 сая төгрөгөөс 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих барилга, арга хэмжээнд төсөвлөсөн 350,846.7 сая төгрөгийг хасуулахаар тухай зүйлд хэсэгчлэн тавьсан хорийг тус тус хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Мөн Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан хоригийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс төвлөрч, зарцуулагдах 174,2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэв.  


УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас дараах тодруулгыг авлаа.

-УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүд Ерөнхийлөгчийн хоригийг хэсэгчлэн хүлээж авлаа. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Би Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь дэмжихгүй байгаа. 2020 оны улсын төсөвт тавьсан хоригийг УИХ хүлээж авсангүй. Мөн хөрөнгө оруулалтуудын асуудалд тавьсан хоригийг дэмжээгүй. Яагаад гэвэл Монгол Улсад шинэ сургууль, цэцэрлэг, эмнэлэг хэрэгтэй байна. Дэд бүтэц, замын бүтээн байгуулалт хэрэгтэй. Хилийн боомтуудыг хангах дэд бүтцийг сайжруулах ёстой. Тэгж байж Монгол Улсын газрын хөрсөн доор байгаа баялгийг хилээр хулгайгүй гаргадаг, татвараа бүрэн төлдөг боломж нь бүрдэнэ. Энэ бүгдийг зогсоох шаардлагагүй.

Харин байнгын хорооноос нийгмийн даатгалын шимтгэл дээр тавьсан хоригийг хүлээж авъя гэдэг шийдвэр гаргалаа. Би өмнө нь илэрхийлж байсан байр сууриа давтаж хэлмээр байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх тухай асуудал 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд шийдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Ч.Хүрэлбаатар гэдэг хүн Сангийн сайдаар томилогдохоос өмнө яригдаад шийдэгдчихсэн байсан асуудал. Шийдэгдэхдээ Монгол Улс Олон улсын валютын сан /ОУВС/-гийн хөтөлбөрт ороод хэрэгжүүлэх шаардлагатай болсон. Хөтөлбөрт хамрагдахдаа ОУВС болон бусад орнуудын өмнө өгсөн амлалт байгаа. Яагаад гэхээр ОУВС-гийн хөтөлбөрийг дагаад тодорхой улс орнууд Монголд зээл өгч байгаа. Энэ зээл үндсэндээ тухайн улсын татвар төлөгчдийн мөнгө гэсэн үг. Тэгэхээр Монгол Улсын төсөв тодорхой үзүүлэлтийг хангасан байх ёстой, зардал алдагдал нь буурсан байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Нөгөөтэйгүүр нэгдсэн төсөвт нийгмийн даатгалын сан /НДС/ тусдаа бүрэлдэхүүн болж ордог. Энэ сангийн алдагдал өндөр байсан учраас алдагдлыг бууруулах шаардлагын дагуу хувь хэмжээг нэмэх тухай асуудал орж ирсэн. НДС өнөөдрийн байдлаар 605 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа. Алдагдлыг буулгана гэдэг амлалтыг Валютын сангийн өмнө өгсөн. Тэгэхээр би нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувьд тавигдсан хоригийг ОУВС-гийн хөтөлбөрт тавьсан хориг гэж үзэж байна.

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаар төсөв задрах уу?

-Задрахгүй байх хувилбарыг Их хурал бодож байгаа байлгүй.

-НДС-гийн алдагдлыг яаж нөхөх боломжтой вэ?

-Хоригийг хүлээж авсан УИХ-аас асуух хэрэгтэй.

-Хэрэв Монгол Улс амлалтаасаа буцвал ОУВС-гаас өгсөн зээлийн хүү арилжааны зээл рүү шилжинэ гэсэн мэдээлэл гарсан нь хэр үндэслэлтэй вэ?

-Тийм зүйл байдаггүй. Буруу ойлголт байна. Анх өгөхдөө тохирсон зээлийн хүү өөрчлөгдөхгүй. Нэг зүйлийг хэлэхэд, хэний тэргүүлдэг Засгийн газар вэ гэдэгт Монголын хилийн цаана ач холбогдол өгдөггүй юм. Монгол Улсын Засгийн газар гэж үздэг. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газрын өгсөн амлалт нь Нийгмийн даатгалын сангийнхаа алдагдлыг бууруулна гэдэг зүйл. Энэ амлалт зөрчигдөх байдал үүснэ.

-ОУВС-тай дахин зөвшилцөл хийх боломж бий юу?

-Хэцүү дээ, хэцүү. Би дахин хэлье. Энэ хориг Ч.Хүрэлбаатарт тавьсан хориг биш. ОУВС-гийн хөтөлбөрт тавьсан хориг гэж ойлго. Хоригийг хүлээгээд авчихаар ямар эрсдэл гарах нь ойлгомжтой.

-Асуудлыг шийдэх ямар гарц байна вэ?

-Хоригийг хүлээж авсан хүмүүс шийдэх байх.

-Та Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтсан. Айлчлалаар хийн хоолойг Монголын нутгаар дайруулах асуудлыг шийдсэн гэж мэдээлсэн. Гэвч хийх хоолойг дайруулах асуудал ташаа гэх мэдээлэл мөн тархах болсон. Үүнд тайлбар өгнө үү?

-Ерөнхий сайдын айлчлалын үеэр Монгол Улсаар хийн хоолой дайруулах асуудлыг дөрвөн удаа ярьсан. Ерөнхий сайд ОХУ-д газардаад 15 минутын дараа “Газпром”-ын удирдлагуудтай уулзаж дэлгэрэнгүй ярилцсан. Үүний дараа ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведевтэй уулзаж, Монгол Улсын нутгаар хийн хоолой дамжуулах асуудлыг хөндсөн. Дараа нь Монгол-Оросын Засгийн газрын комиссын Оросын талын ахлагч, ОХУ-ын Шадар сайдтай болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй албан ёсны уулзалт хийх үеэрээ дэлгэнгүй ярилцсан. Ингээд Сочид ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хийсэн уулзалтын дараа хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах санамж бичигт гарын үсэг зурсан. Хийн хоолой Монголын нутгаар явна. Өмнө нь монголчууд хийн хоолойг Монголын нутгаар явуулах хүсэлт тавьдаг ч ОХУ, БНХАУ зөвшөөрдөггүй байсан. Харин одоо ОХУ-ын Ерөнхийлөгч хийн хоолойг ОХУ дэмжиж байгаа. Үүнийг эсэргүүцэх улс төрийн сонирхол байхгүй гэсэн. Эдийн засгийн үр ашгийн хувьд ч боломжийн. Мөн БНХАУ адил байр суурьтай байгаа. Тэгэхээр ажил эхлэхэд бэлэн болсон. Хийн хоолой Орос, Хятадыг холбосон төмөр замыг дагаж баригдана. Жилдээ 38 тэрбум м/куб хийгээс илүү хэмжээний хий дамжин өнгөрнө. Хийн хоолойн асуудалд зөвхөн Орос, Хятад улсууд оролцох бус дунд нь Монгол Улс орж байгаа тохиолдолд хууль эрх зүйн шаардлагууд яригдана. Мэдээж Монгол Улсын нутгаар тээвэрлэгдэх учраас татварын асуудал үүснэ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(43.242.243.70) 2019 оны 12 сарын 11

ХҮРЭЛБААТАР ГЭХ ЭНЭ ХУЛГАЙЧ ХЭДИЙ ДЭЭ МОНГОЛ УЛС, АРД ИРГЭДЭЭ БОДДОГ БОЛОО БЭ...

0  |  0
Зочин(103.26.193.185) 2019 оны 12 сарын 11

Хүрэлбаатар сайд асуудалд үндэслэлтэй ул суурьтай ханддаг хүн санагдсан шүү.Асуудал тавихад жижиг том гэхгүйгээр судлаад шуурхай хариу өгдөг,шийдвэрлэдэг гэдэг тус яаманд болсон татварын хуулийн шинэчлэлийн асуудалд биечлэн оролцож бүх салбаруудын асуудлыг авч үзэн шийдэхийг нь шийдэж заримд нь үндэслэлтэй хариултуудыг өгч байснаар харагдаж байсан.Ажилдаа эзэн болдог хүн баына даа л гэж жирийн иргэний хувьд бодсон доо.

1  |  0
Зочин(103.229.121.196) 2019 оны 12 сарын 11

Ч. Хүрэлбаатар мэтийн ац төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон арван сая доллараар зарчаад ичихчгүй Сангийн сайд гээд ширэн нүүрлэж суухад шударга төсөв мөсөв яриадч яах вэ дээ.

0  |  0
zochin(66.181.188.75) 2019 оны 12 сарын 11

hurelbaatariin zuv Margaashaa bodmoor baina

1  |  0
Top