Ноолуур | Биднийх болоогүй “НААДАМ”

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 12 сарын 10

Наадам. Энэ үг танд юуг санагдуулж байна. Уламжлалыг өнөөтэй сүлдэг төрт ёсны их баяр уу?, Зун бүр болдог элдэв төрлийн шоу, цэнгээ үү? Бүр эсвэл гаднаа олон хаягтай 120-ын “Наадам” төв үү?

Бид наадмаа зөвхөн монголдоо гэж бодож болохгүй аж. Шинэ мянганых гэх тодотголтой гаднын залуус монгол ноолуурыг мөнгө олох боломж гэж харж. Тэд өөрсдийн соёлоос тэс ондоо, этгээд нэршлээр брэндээ нэрлээд, том тэмүүлэлтэй хөдөлж байна. Уншигч та бараг таасан байх. Тэд ноолууран хувцасны брэндээ “Наадам” гэж нэрлэсэн.

Бидний анзаараагүй “наадам”
 

Монгол ноолуур дэлхийн “наадам” дээр аль хэдийнээ дэвээд эхэлсэн гэвэл та итгэх үү. Уншигч та итгэх л хэрэгтэй болж. “Наадам” болоод зогсохгүй үзэгч ихтэй ч байх аж. Бид ноолуурын салбараа малчдын ноосны мөнгө, хэн нэгэн том компанийн өмч эсвэл “Гоёл”-ын тайзан дээр алхаж яваа хувцас гэж харж болохгүй аж.

Бидний хараагүй “наадмыг” 2013 онд 26-тай америк залуу олж харжээ. Түүнийг Мэтт Сканлан гэнэ. Өөрийн гэсэн брэндтэй болж америк цаашлаад дэлхий даяар амжилт олох тэмүүлэлтэй энэ залуу гурван жилийн өмнө “ноолуур л миний наадам” гэж олж харжээ. Энэ хүртлээ тэр олон зүйл оролдсон. Гэвч эх нутагт нь байдаггүй, Төв Азийн нутагт орших монгол ноолуур анхаарлыг татсан нь сонин биш гэж үү?

Одоогоос зургаан жилийн өмнө 2013 онд цахим орчин, номын санд олон суусны эцэст монгол ноолуураар бизнес хийх санаагаа бодож олжээ. Үүнийгээ найз нөхдөдөө хэлэхэд ойшоож харах хүн үгүй байв. Харин их сургуулийнх нь найз Дидерик Рисмус саналыг нь ихэд үнэлэн хамтран бизнес эрхлэхээр шийджээ. Монгол ноолуур бизнесийнх нь цөм болох энэ санаагаа тэд “Шинэ мянганы капитал” гэж нэрлэсэн аж.

Мэтт Сканлан одоогоос зургаан жилийн өмнө 2013 онд цахим орчин, номын санд олон суусны эцэст монгол ноолуураар бизнес хийх санаагаа бодож олжээ.

Анхны хөрөнгө оруулалтаа шийдэхийн тулд “Кикстартер” цахим хуудаст өөрсдийнхөө бизнесийн талаар товч танилцуулга оруулжээ. Тэд Монголын уламжлалт ноос, ноолуураар өөрсдийн гэсэн өнгө төрхтэй бэлэн хувцас хийх гэж буй тухай, ноолуур бол тансаг зэрэглэлийн бараа биш гэх агуулгаа танилцуулсан юм. Хамгийн гол нь тэд энэ брэндээ Монголын уламжлалт эрийн гурван наадмыг бэлгэдэн “Наадам” гэж нэрлэсэн тухай танилцуулжээ. Сканлан, Рисмус нар 20 мянган ам.доллар цуглуулах төлөвлөгөөтэй байсан ч сар хүрэхгүй хугацааны дараа тэдний төсөл олон хүний анхаарлыг татаж 103.4 мянган ам.доллар босгож чадсан юм.


Давж болох “наадам”
 

Олон нийтийн сүлжээгээр танилцуулгаа бэлдсэний дараа тэдэнтэй хэд, хэдэн хөрөнгө оруулагч холбогдож бизнесийн төлөвлөгөө, алсын хараа зэргийг нь сонирхжээ. Улмаар хоёр хөрөнгө оруулагчтай уулзан хоёр сая ам.долларын хөрөнгө оруулалт татсан байна. Хэрэв хоёр сая ам.доллароор жил хагасын хугацаанд итгэл төрүүлэхгүй бол хөрөнгө оруулалтаа зогсоох хатуу гэрээтэйгээр ноолуурын бизнесийн хаалгыг татжээ. Чухамдаа тэд ингэж ноолуур гэх “наадам”-д эргэлт буцалтгүй орсон юм.

 Монгол соёлын нэгэн гайхамшигт өв наадмаар брэндээ тодорхойлж, бүр нэрлэсэн тэдэнд Монголын талаар бүрэн зураглал байгаагүй. Тиймээс дансандаа хоёр сая ам.доллартой 2015 онд Монгол Улсыг зорьжээ.

“Бид Нью-Йоркоос яг 20 цаг нисэж Улаанбаатарт газардсан. Монгол Улсад итгэж болох банкаа сонгоод шилжүүлсэн ч бэлнээр авахад хүндрэлтэй байснаа мартдаггүй. Ямар ч байсан зургаан теллер дээр бараг өдрийн хагас болж байж мөнгөө авсан юм даг. Дахиад 20 цаг шороотой, донсолгоо ихтэй замаар явж байж зорьсон газраа /Өмнөговь аймгийг хэлж байна/ хүрсэн дээ” гэж “Наадам” брэндийг үндэслэгч Мэтт Сканлан ярьжээ.

Улаанбаатар хотоос хөтөч хөлсөлж аван, хэд, хэдэн хүнтэй уулзсаны дараа тэд Өмнийн говь руу хөлгийн жолоо залсан. Тэд Монголын малчдын ахуй байдлыг хараад бахархахаас гадна “гол баатар” болсон ноолуурын нийлүүлэлт талаас но байгааг олж харжээ. Монголын ченж нар малчдаас доогуур үнээр буюу 20 ам.доллароор худалдаж аваад түүн дээрээ 30 ам.доллар нэмж зардаг байсан явдал.

“Ченжүүд малчдаас үнийг нь албаар унагаан авчихаад зарахдаа дэлхийн зах зээлийн үнээр зардаг нь анзаарагдсан. Маш хямдхан авчхаад дэлхийн зах зээлийн үнээр зарахын ялгааг малчид бараг мэддэггүй юм шиг билээ”

Дидерик Рисмус

Тэд малчдаас ченж нарын тогтоосон үнээс арай илүү үнээр буюу 31 ам.доллароор худалдаж авахаар болсон байна. Улмаар хэд, хэдэн малчин өрхтэй байнга нийлүүлэх гэрээ байгуулсан аж. Малчдаас нэг кг ноолуурыг ийм үнэлгээгээр авах болсон нь ченж нарын тогтоосон үнэлэмжээс 50 хувиар илүү байсан ажээ.


Түрүүлж болох “наадам”
 

Тэд Монгол Улсад говийн нутгаар голчлон аж төрөх 100 гаруй өрхтэй гэрээ байгуулсан юм. Улмаар татаж авсан ноолуураа Итали, Хятадад үйлдвэрлэх болсон байна. Үйлдвэрийн зардал нь ч харьцангуй боломжийн буюу 99-200 ам.доллароор хэмжигдэж байлаа. Ялангуяа Италид харьцангуй бага зардлаар алдартай брэндээс дутахгүй эцсийн бүтээгдэхүүн гаргах боломжтой байсан нь их том завшаан болжээ.

Дэд бүтцийн асуудал, өргөн уудам газар нутаг, цаг улирлын байдал зэргээс түүхий эдээ татаж авахад хүнд, дээрээс нь цаг хугацаа ихэд алдах тул гэрээлэгчидтэй болж малчидтай харьцаж буй аж. Түүнээс гадна цахим худалдааны салбарыг онцолсон нь компанийн ирээдүйн үр ашгийг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл болжээ.

“Бид цахим худалдаа руу шилжсэнээр дундын зуучлалын зардал 79 хувиар буурсан. Харин бөөний худалдаанаас 60 хувь, хүргэлтийн худалдаанаас 40 хувийн ашиг олж байгаа. Энэ нь энэ төрлийн компаниудаас харьцангуй өндөр үзүүлэлт юм” гэж Мэтт Сканлан ярьсан байна.

Тэд Монгол Улсад говийн нутгаар голчлон аж төрөх 100 гаруй өрхтэй гэрээ байгуулсан юм.

Наадам брэндийн жилийн ашиг сүүлийн гурван жил таван сая ам.доллароос буугаагүй аж. Цаашид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа гэлээ.

Тэд брэндээ илүү урт хугацаанд авч үлдэхийн тулд бизнесийн бодлого, брэндийн агуулгаа өөрөөр харж байгаа аж. Уламжлалт худалдааны системээс илүү ханган нийлүүлэгч, ажилчдадаа зориулсан систем бодож олжээ. Тэд үүнийгээ “Шинэ мянганы капитализм” гэж нэрлэсэн.


“Наадам” биднийх ч гэсэн...
 

Сайн чанарын ноолуур Монголд байдаг нь үнэн. Гэхдээ дэд бүтэц болон бусад шалтгаанаас болоод бид дэлхийд гарч чадаагүй байгаа нь ч үнэн. Үнэнтэй нүүр тулах цаг үед гаднын овсгоотой бизнесменүүд хараагаа сунгасан нь одоо өгүүлж буй “Наадам” брэнд. Тэд монголчуудын мэддэг ч анзаар хараагүй салбарыг сонгож аваад бизнесээ төрөлжүүлж байна. Малчдад чухам ямар өгөөжтэйг мэдэхгүй ч тэд өөрсдийнхөө бизнесийг бусдаас ялгаруулахаар хийгээд эхэлж.

Компанийн хариуцлагын хувьд малчид болон хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангахын тулд олсон орлогоо зориулах төлөвлөгөө боловсруулжээ. Энэ оны эхний 11 сарын байдлаар 150 мянган ам.долларыг “Говийн мандал” төрийн бус байгууллагад хандивласан байна. Цаашид малчдаас татаж авах ноолуурын үнийг ч нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Мэтт Сканлан одоо нэр хүнд бүхий бизнесмен болжээ. Өнгөрсөн жил “Наадам” брэнд 16 сая ам.доллароор үнэлэгдэх цувралаа худалдаанд гаргаж, мөн жил нь Forbes сэтгүүл түүнийг 30 хүртэлх насны шилдэг 30 бизнесмений нэгээр нэрлэсэн байна.

“Монгол малчид, компанийн ажилчид бол манай компанийн үнэт зүйл. Тиймээс ч бид үнэт зүйлээ хамгаалах, тэдний төлөө ямар нэгэн зүйл хийх ёстой”  

Мэтт Сканлан 

Компанийн үйл ажиллагаа тогтворжиж, өөрийн гэсэн хэрэглэгчдийн хүрээлэлтэй болж байгаа тул Европ болон Азийн зах зээлд гарахаар зорьж буй аж. Түүхий эдийн хувьд хэд, хэдэн шинэчлэл гэхээр зүйл боловсруулж эргэлт авчирсан хэд, хэдэн загвар гаргахаар төлөвлөж байгаа.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.178.36) 2019 оны 12 сарын 11

говийн баатарсайхан ажилчидаа боддодгуй шуналаасаа болж ноолуураа алдах болждээ ха ха ха болж

0  |  0
Monh(66.181.161.121) 2019 оны 12 сарын 10

Zow

1  |  0
Top