Нийгэм оршихын гол суурь нь Даатгалын сан

2019 оны 12 сарын 06

Нийгмийн даатгалын шимтгэл бага зэрэг нэмэгдэж, хөндлөнгөөс улс төрийн өнгө аястай зорилтот галыг өрдөж байгаа нь нийгэмд чамгүй шуугиан өрнүүлэх аж. Улсын гурван талт хэлэлцээрт орж чухам л зөв зүйтэй алхам хэмээн толгой дохиж суусан Үйлдвэрчний эвлэлийн толгой ч эргэж гээд хачирхалтай зүйл болж байна. Уг нь хэн ч ойлгож болох хамгийн энгийн даатгалын систем манайд үйлчилж байгаа ч үүнийг хэргээр харлуулдаг, улс төрийнхөө зорилгод ашигладаг хүмүүс байгаад л хамаг учир байна.

Үндсэн хуульт Монгол Улсын төр болон хувийн хэвшилд ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэн бүхэн татвар төлөх ёстойг юуны өмнө ухамсарлах хэрэгтэй. Үүнийг бүрэн улс Үндсэн хуульдаа заагаад өгчихсөн учраас бид хуулийн дор амьдрах учиртай Монгол Улсын иргэд мөн. Аливаа улс орон бүрэн эрхээ баталгаажуулан оршин тогтнохын нэг том үндэс бол татвар. Тиймдээ ч “Татвар буй дор төр буй” гэсэн биз ээ. Тэгэхээр энд цалин хөлстэй уяалдуулан нэмэгдэж байгаа шимтгэлийн тухай баримт харъя.

Саяхан л хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240,0 мянган төгрөг байсныг та бүхэн мэднэ. Тэгвэл шилээ харуулж буй 2019 онд 320 мянган төгрөг болон өслөө. Энэ нь 80 мянган төгрөгөөр буюу 33,3 хувиар өссөн гэсэн үг. Эдийн засгийн чамгүй бэрхшээлийг даван туулахаар тэмцэж буй орны хувьд боломжийн нэмэгдэл. Түүнээс бус бидний оруулж ирсэн ОУВС-гийн хөтөлбөр ч үүнд тийм ч таатай хандахгүй. Санхүүгийн ийм л хямралт замын бартааг тэгшилж яваа ч хаалга тогшин зогсоо 2020 онд цалингийн доод хэмжээг 420 мянган төгрөг болгон тогтоохоор ажиллаж байна. Энэ нь цалингийн доод хэмжээг 420 мянган төгрөгөөр буюу 75 хувиар нэмэгдүүлэх юм. Төрийн алба хаагчдын цалинг 2018 оноос хойш үе шаттайгаар нэмэгдсэнээр 30 хувь, ирэх оноос 10 орчим хувиар нэмнэ гэхээр тэдний цалингийн хэмжээ бараг 40 орчим хувиар нэмэгдэх аж.

 

НИЙГМИЙН ДААТГАЛААС 415 МЯНГАН АХМАД ТЭТГЭВЭР АВДАГ

Үүнээс харвал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 75 хувиар, төрийн алба хаагчдын цалинг 40 хувиар нэмэж байхад нийгмийн даатгалын шимтгэлийн өчүүхэн хувь халаасыг нь хоосолчих гэж байгаа мэтээр ярих нь өрөөсгөл зүйл. Энэ нь дээр дурдсанчлан сөрөг хүчин, элдэв улс төрийн зорилтот бүлэглэлүүд ч тос нэмэн уухайлж байгаа нь туйлын буруу. Нийгмийн даатгал төлөх нь бидэнд хуулиар олгосон үүрэг юм. Яахав, монголчуудын цалин олон улсын дунджаас доогуур байдаг нь ч ийнхүү бухимдахад хүргэдэг тал бий л байх. Тэгвэл бид нийгмийн даатгал төлөхгүй байх ямар вэ, төлж байгаа нь ямар вэ гэсэн санаа гарна. Танай гэр бүлд заавал хэн нэгэн байгаа, бодоод үзээрэй. Айл бүрт нэгэн ахмад настан байгаа. Ид ажиллах насны та бид татвар, шимтгэлээ төлж, төлсөн мөнгөнөөс танай өвөө эмээ, ахмад буурлуудад тэтгэвэр нэрээр очиж байгаа мөнгө юм шүү дээ. Таны төлсөн шимтгэл таны аав ээж, өвөө эмээд очиж байгаа л хэрэг. Өнөөдөр Монгол Улсад Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч 415 мянган хүн байна. Тэгэхээр бид шимтгэлээ төлөхгүй бол эдгээр 415 орлогогүй болно гэсэн үг.

 

ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРГҮЙ 70 МЯНГАН ИРГЭН, 61 МЯНГАН ЭЭЖ ТЭТГЭМЖ АВДАГ

Үүнээс гадна нийгмийн даатгалын сангаас зөвхөн ахмад настнууд тэтгэвэр аваад байдаггүй. Тухайлбал, үйлдвэрлэлийн осолд орж ид хийж бүтээх насандаа хөдөлмөрийн чадваргүй болсон иргэдэд энэ сангаас тэтгэвэр авдаг. Хэрвээ бид даатгалаа төлөхгүй бол хөдөлмөрийн чадваргүй 70 мянган иргэн амьдралын баталгаагаа алдана гэсэн үг. Үүнээс гадна хиймэл хөл гар болон бусад зардлаа Нийгмийн даатгалын сангаас авдаг. Хэрвээ бид даатгалаа төлөхгүй бол нэг мянга орчим ийм хүмүүс боломжоо алдана. Мөн тэжээгчээ алдсан 21 мянган хүүхэд энэ сангаас тэтгэмж авдаг бол жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 61 мянган ээж авдаг, орон тооны цомхотголд орсон иргэд энэ сангаас тэтгэмж авдаг. Орон тооны цомхотголд орж ажилгүй болох үзэгдэл нийгэмд байдаг хэвийн зүйл. Ажил хайх, дараагийн ажилд ортол бас л орлогогүй амьдрахын зовлон бий. Үүнийг аанай л нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн 76 хоногийн тэтгэмжийг өгдөг. Барилга ч юм уу, уул уурхай бол эрсдэлтэй нөхцөлд тооцогдож, энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс осолд өртөх нь элбэг байдаг. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин гээд юу эс мундах вэ. Тэгвэл Нийгмийн даатгалын сангаас тухайн иргэний хөдөлмөрийн чадварыг сэргэх хүртэл тэтгэмж өгдөг төдийгүй сувиллын зардлаа даатгалаас гаргуулдаг. Өдгөө энэ сангаас тэтгэмж авч байгаа есөн мянган иргэн байна. Насаараа хөдөлмөр эрхэлсэн ахмадуудын нэгэн чухал хэрэглээ нь эм болчихдог. Тэтгэврийн хэдэн төгрөгөө байнга эмэнд зарахад хүрэлцэхгүй. Тэгвэл Нийгмийн даатгалын сангаас эмийн хөнгөлөлт үзүүлж, жилдээ давхардсан тоогоор 6.9 сая хүн хөнгөлөлт эдэлдэг байна. 

Оршуулгын зардал хүртэл энэ сангаас гардаг. Нийгмийн даатгал яг одоо 637 188 хүнд учирсан нийгмийн эрсэдлийг хуваалцаж нэг удаагийн болон нэг насных нь турш тогтмол мөнгөн тусламжийг тэтгэвэр, тэтгэмж, төлбөр хэлбэрээр үзүүлж байна. Өөрөөр хэлбэр Монгол Улсын таван хүн тутмын нэг нь нийгмийн даатгалын үйлчилгээ авч үр шимийг нь ямар нэг хэмжээгээр хүртэж байна. Тэгвэл бүгдээрээ нийгмийн даатгал төлөхөө больчихвол тэдэнд хэн туслах вэ гэдэг асуудал үүснэ. Нийгмийн даатгал бол олон асуудал шийддэг том салбар. Тэтгэвэрт гарсан аав ээждээ сар бүр хэрэглээний зардал өгдөг хүн байна уу, өвдсөн нэгнийгээ нэг удаа эргэхээс илүү юу хийж чадах вэ, ажилгүй орлогогүй байгаа найздаа сар бүр мөнгө өгдөг хүн байна уу, хөгжлийн бэрхшээлтэй болсон ах дүүгээ насаар нь тэжээх боломж бий юу, өнчирч хоцорсон хамаатны дүүдээ насанд хүртэл нь тэтгэмж өгч чадах уу гээд олон асуудал хөндөгдөнө. Тэгвэл Нийгмийн даатгалын сан энэ бүрийг зохицуулж ирсэн гэдгийг хаа хаанаа ухамсарлах хэрэгтэй. Өнөөдөр арилжааны банкинд хадгаламж эзэмшигч хүн хэр олон билээ. Монгол Улсын нийт айл өрхийн 21 хувь нь л хадгаламжтай гэсэн тооцоо бий. Тэгвэл огт хадгаламжгүй 80 шахам хувь нь яах вэ гэхээр зөвхөн Нийгмийн даатгалын сан л энэ бүх эрсдэлийг үүрч зохицуулдаг.

Харин манай улсад албан журмаар нийгмийн даатгалын шимтгэл төлж буй 907 701 иргэн байдаг. Тэдний 18 хувь нь 320 мянган төгрөгийн цалинтай буюу доод хэмжээнээс шимтгэл төлдөг байна. Эдгээр иргэд нийгмийн даатгал төлөхөө больчихвол банкинд мөнгөө хийхээр сайн дураараа явах болов уу. Нөгөө талаас Монгол Улсын нийт өрхийн 52 хувь нь ямар нэг төрлийн зээлтэй. Бүр дийлэнх нь давхар зээлтэй байна. Сар бүр зээлийн хүү төлж байгаа иргэдийн хэд нь ирээдүйд учрах эрсдэлийг тооцож хуримтлал үүсгэх вэ гэдэг асуудал бий.  Хатуухан хэлэхэд нийгмийн даатгал төлөхөө больсон тэр цаг үеэс эхлэн нийгмийн нэг бүтэн үе ядуусын эгнээнд шилжинэ гээд хэлчихэд  буруудахгүй байх. Бүгдээрээ нийгмийн даатгал төлөх хэрэгтэй. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top