Финландын Ерөнхий сайд худал мэдэгдлээсээ болж албан тушаалаа өгчээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 12 сарын 06

Финландын Ерөнхий сайд Антти Ринне шуудангийн салбарын шинэчлэл түүнтэй холбогдуулан салбарын ажилчдын цалинг бууруулах тухай хэлсэн үгэндээ худал хэлснээсээ болж албан тушаалаа өгөхөөр болжээ.

Түүний хэлсэн үгний дараа намынх нь хамтран зүтгэгч Социал Демократ намын хэд, хэдэн гишүүн шинэчлэлийн төсөлтэй холбогдуулан хэлсэн үг, мэдэгдэлд нь баримтын хэд,хэдэн алдаа байгааг хэлсэн байна. Дуулианы дараа Засгийн газрын хэд, хэдэн гишүүн Ерөнхий сайддаа итгэл үзүүлэхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Улмаар Антти Ринне Ерөнхийлөгчид албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өргөн барьжээ. Хүсэлтдээ кабинетын гишүүдийг өөрчлөлгүй Ерөнхий сайдын албанд тэнцэх туршлагатай улстөрчийг сонгоно уу гэж онцолсон байна.

“Нам болон Засгийн газрын гишүүд надад итгэдэг байх ёстой. Харин хамтран зүтгэгчид маань надад яагаад итгэхгүй болсон тухай шалтгаанаа хэлэхэд би албан тушаалаа өгөх шийдвэр гаргасан. Засаг барьж буй аль ч нам мөрийн хөтөлбөрийнхөө дагуу ажилладаг. Хэрэв Ерөнхий сайд нь тухайн хөтөлбөрт аюул учруулах бол аль болох хурдан холдсон нь дээр” гэж Финландын Ерөнхий сайд Антти Ринне ярьжээ.

Финландын улс төрд Социал Демократ нам нөлөө бүхий том нам бөгөөд одоо намын Удирдах зөвлөл дараагийн Ерөнхий сайдыг тодруулахаар хуралдаж байна.

Антти Ринне нь 2014 онд Социал Демократ намын дарга болсноосоо хойш Засгийн газарт багтаж ажиллаж байгаад өнгөрсөн зургаадугаар сард Ерөнхий сайд болсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top