Цахим засаглал: Ерөнхийлөгчийн ОНЦЛОХ үг

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 12 сарын 04

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Нээлттэй нийгэм хүрээлэн, Эстоны Засгийн газрын хамтын санаачилгын, олон улсын ашгийн бус “И-засаглал академи” хамтран өнөөдөр /2019.12.04/ Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд “Дижитал Монгол” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр бүрэн дижиталчлал хийхэд шаардлагатай бодлого, зохицуулалтын шинэчлэл, цахим засаглалын асуудлаарх хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэлэв. Түүний хэлсэн үгнээс ОНЦОЛЖ байна.


-Мэдээллийн технологийг хөгжлийн хурдасгуур, улс орон, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих дэд бүтэц, шийдвэрлэх хүчин зүйл болохыг нийтээрээ нэгэнт хүлээн зөвшөөрсөн цаг үед амьдарч байна.

-Дижиталгүй орчин үед хүссэн, хүсээгүй амьдарч эхэлжээ.

-Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс эрхлэн гаргасан “Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2019”-д нийт 63 улсын дижитал өрсөлдөх чадварын индексийг 51 үзүүлэлтээр тодорхойлоход Монгол Улс сүүлээсээ хоёрдугаар байрт буюу 62-т эрэмбэлэгджээ.

-Монгол Улс мэдээллийн технологи, холбоо харилцааны үйлчилгээг иргэдэд хүргэх тал дээр чамлахааргүй үзүүлэлтэд хүрч, үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо хүн амынхаа тооноос давжээ. 

-Энэ оны наймдугаар сарын байдлаар ухаалаг утас хэрэглэгчийн тоо гурван сая 403 мянгад хүрсэн.

-Үндэсний статистикийн хорооны мэдээллээр хүн амын тоо гурван сая 200 мянга байх жишээтэй.  Гэвч энэ тоо чанарыг илтгэх эсэх асуудлаар тооцоо хийх хэрэгтэй.

-Хүмүүсийн амьдрал, эрхэлж байгаа ажил, боловсрол, төрийн үйлчилгээ, бизнес болон  худалдаа наймаандаа дижитал үйлчилгээг, мэдээллийн технологийг ашиглах, амьдралдаа эрс өөрчлөлт авчрах суурь үндэс Монгол Улсад бүрдсэн гэж хэлж болно.

-Бид мэдээллийн технологийг нийгмийн сүлжээний хэрэглээнээс өөрөөр дорвитой ашиглахгүй байна.

-Жолоочийн татвар төлөх үйлчилгээг цахим болгосон гэж бид удаан ярьсан. Гэтэл 400 мянга гаруй жолоочоос цахимаар татвараа төлсөн нь 24 мянга гаруйхан байна. Бид яриад, болоод байгаа мэт боловч амьдрал дээр үзүүлэлт нь муу байна.

-Засгийн газар Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран хийсэн “Цахим эрин дэх Монгол Улс” судалгааны дүнгээс харахад мэдээллийн технологийг бүх салбарт үр дүнтэй ашигласнаар хөгжлийг эрс хурдасгах боломж бүрдсэн байна. 

-Бодитоор “Дижитал Монгол” болохын төлөө зөвхөн төр, төрийн байгууллагууд дангаараа чармайх нь учир дутагдалтай.

-Энэ ажилд мэдээж хувийн хэвшлийн байгууллагууд, их дээд сургууль, судалгааны байгууллагууд, олон улсын байгууллагуудын оролцоо нэн чухал ач холбогдолтой байгаа юм.

-Монголын эдийн засгийн бүтцийг өөрчилж, мэдлэгт суурилсан өндөр технологийн үйлдвэрлэл, үйлчилгээний эзлэх хувийг нэмэгдүүлэхэд “Дижитал Монгол” чиглэж, бизнес эрхлэлтийг дэмжих, шинэ технологийн боломжийг шуурхай ашиглах, зах зээл бий болгох чухал юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top