Н.Наранхүү: Өвөр Монголд малчдын амьдрал их дээшилсэн

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 04

Өвөр Монголын Улаан Хад хотын Радио хорооны сурвалжлагч Н.Наранхүүтэй ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач...

-Сайн байцгаана уу, сэтгүүлч Наранхүү байна. Би 39 настай. Улаан Хадын Радио хороонд ажиллаад 14 жилийн нүүр үзэж байна.

-Таны нэг өдрийн ажил хэрхэн өрнөдөг бол. Өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?

-Өглөө 7:00 цагт босоод хүүхдээ сэрээгээд, цай ундаа ууцгаасны дараа хүүгээ бага сургуульд нь хүргэдэг. Хүүгийн хичээл 8:00 цагт эхэлдэг юм. 8:30-аас би ажил руугаа явдаг. Сурвалжлагчийн ажил маань үдийн өмнө сонин мэдээний хэлтэст мэдээ орчуулах, найруулах ажлаар өрнөнө. Мөн мэдээ, сурвалжилгад явна. Үдээс хойш Улаан Хадын радио хорооныхоо “We chat”-д мэдээ байршуулдаг. Өдрийн хамгийн үр бүтээлтэй үе бол 9:00-11:00 болон 14:30-17:00 цаг байдаг. Энэ үед ажил ид өрнөөд 17:30-аас буудаг. Орой “We chat”-д мэдээ гаргахаар бол заримдаа оройтдог. Мөн радиогийн тойм мэдээ хийнэ.

-Хаана сургуулиа төгссөн бэ, яагаад сэтгүүлч мэргэжлийг сонгох болов?

-Өвөр Монголын Үндэсний их сургуулийн хос хэлний ангийг төгссөн. Хятад, монгол хэлний анги гэсэн үг. Бас утга зохиолын мэргэжилтэй. Өвөр Монголын Багшийн их сургуульд аспирантаар сурсан.

-Өдөрт хийх ажлын чиглэлээ дарга удирдлагаасаа авдаг уу, эсвэл хаашаа ч явж сурвалжилга хийхэд чөлөөтэй юу?

-Манай улсад ер нь бол дарга удирдлагаас өгсөн ажлын чиглэлийн дагуу явдаг. Гэхдээ Улаан Хадын радио бол биднийг чөлөөтэй явуулдаг юм. Хаана очиж сурвалжилга авахаа өөрсдөө мэднэ. Заримдаа өглөөний хурлаар хаашаа явах, юу хийхийг хуваарилна. Бид мэдээ, мэдээллийг радиогоор дамжуулахаас гадна “We chat”-даа байршуулдаг.

-Өдөрт хийх ёстой мэдээ, сурвалжилгын нормтой юу?

-Өдөрт 2-3 мэдээ бэлтгэхэд болно. Нэвтрүүлэгч нартаа өгөх мэдээний хувьд хоёр минут үргэлжлэх ярианд таарсан текст бичиж өгнө. “We chat”-даа болохоор зураг тавина, текстээ ч бичнэ.

-Өвөр Монголд мэдээллийн үнэн бодит байдалд хэрхэн ханддаг вэ. Зарга, гомдол гардаг уу?

-Улаан Хадын радио маань энэ аймгийнхаа л мэдээг дамжуулдаг болохоор нам, засгийнхаа үйл ажиллагааг илүүтэй сурвалжилдаг. Хурал цуглааны мэдээг илүү их сурвалжилна. Тэгэхээр худал мэдээ бараг гарахгүй.

-Мэдээ, сурвалжилгад явахад унаа тэрэгний асуудлыг хэрхэн зохицуулдаг вэ?

-Радиогийн сэтгүүлч нар бол ганцаараа л мэдээнд явдаг. Заримдаа такси бариад явна, автобусанд суугаад явах үе ч бий.

-Цалин хангамж амьдралд хэр хүрэлцээтэй санагдаж байна?

-Цалин хангамж их давгүй. Ажил хийснээр нь цалинг боддог болохоор гайгүй. Манай радиогийн жинхэнэ ажилтнууд тогтмол цалинтай бол дадлагын болон туршилтын ажилтнуудынх арай өөр.

-Ажлын хэдэн өдөр байдаг вэ?

-Даваагаас баасан гарагт ажиллах ёстой байдаг ч шаардлагатай үед бямба гарагт ажилладаг.

-“We chat”-аар мэдээ дамжуулдаг гэлээ. Энэ талаар илүү тодруулбал?

-Улаан Хад хотын нам засгийн хурал чуулган, малчин түмний амьдрал, төрийн бодлого, бас хошуу тойрогт болж байгаа үйл явдлуудыг “We chat”-аараа дамжуулан мэдээлнэ. Бас үлгэрийн булан гэж байдаг. Тусгай үлгэр тавина. Бас цаг уурын мэдээ мэдээлэл дамжуулдаг. Эдгээр нь бүгд монгол хэл дээр явна.

-Улаан Хад хот 4.6 сая хүн амтай. Хараад байхад хятадууд нь илүү олон юм шиг. Танай радиогийн ажилтнууд бүгд өвөр монголчууд байдаг уу, эсвэл хятадууд ажиллаж болдог уу?

-Манай радио заавал өвөр монголчуудыг ажиллуулна гэдэггүй. Хятад хүмүүс олон бий. Тэд ихэвчлэн радиогийн “We chat”-д ажилладаг юм.

-Сэтгүүлч хүний хувьд гадаад, дотоодод томилолтоор хэр явдаг вэ?

-Гадаад руу явж үзээгүй. БНХАУ дотроо Бээжингийн төв радио, Өвөр Монголын радиод очиж сэтгүүлч нараас нь туршлага судалсан. Өөр хэд хэдэн хотоор явж байсан. Хөдөө, орон нутгаар их явна. Малчидтайгаа уулзаж, ярилцдаг.

-Малчдад тулгамдсан асуудал юу байдаг вэ?

-Малчдад тулгамдсан асуудал цаг агаар л байна. Мэдээж тэд хаврын цагт ажил ихтэй байдаг. Хөдөө, орон нутгаар яваад ажиглахад Өвөр Монголд малчдын орлого дээшилсэн байна. Манай радио малчид руугаа чиглэсэн мэдээ, мэдээлэл их дамжуулдаг. Бас малчид малаа маллаад хэрхэн амьдарч байгааг сонсогчдодоо дамжуулж, тэд үүгээр дамжуулаад зөвлөгөө сургамж авна.

-Өвөр Монголд ямар өвөл болох төлөвтэй байна?

-Одоогоор цас бага байна. Ийм болохоор нэг их хүйтрээгүй. Малчдын амьдрал харин дажгүй сайхан байна.

-Таны ярианаас ажиглахад Өвөр Монголд малчдын амьдрал дээшилж байгаа бололтой...

-Манайд малчдын амьдрал их дээшилж байна. Малын үнэ ханш нь малчдын амьдралд шууд хамаардаг болохоор малын үнэ өссөн нь тэдний амьдрал дээшлэхэд нөлөөлсөн. Нам, засгаас малчдыг харж үзэх төрийн бодлого ихээр гарч байна. Сүү, цагаан идээний үнэ өссөн. Саяхан Хишигтэн хошуугаар явж байхдаа харахад малчид сүү, цагаан идээгээ боловсруулах технологи нь хөгжсөн, түүнийг нь авах захиалга тасардаггүй нь ажиглагдсан. Малчдын сарын орлого их өндөр болсон байна.

-Ноолуурын үнэ ханш ямар байдаг вэ?

-Өвөр Монголд ноолуур үнэтэй. Улаан Хадад л гэхэд нэхмэлийн том компани байдаг. Том аж ахуйн нэгжүүд олон байна. Ноос, ноолуураар эндээ хувцас хийдэг. Малын арьс шир ч үнэтэй.

-Утга зохиолын мэргэжилтний хувьд ном гаргасан уу?

-Ном бичээгүй. Утга зохиолоор төгссөний дараа Улаан Хадын радио намайг ажиллах уу гэсэн, тэгээд ирж шалгалт өгөөд эндээ сурвалжлагчаар ажиллаад явсан. Хааяа би өгүүллэг нийтэлдэг. Мөн “Монгол зан үйл, харчин монголчуудын хуримын ёслол” сэдвээр аспирантын ажлаа бичсэн. Харчин монголчуудын хуримын ёс заншлын талаар өгүүллэг бичиж байгаа. Өвөр Монголын нэгэн үндэстэн болох харчин монголчууд нь өмнө зүгт байдаг.

-Таны хувьд ямар мэдээнд явах дуртай вэ?

-Бүхий л төрлийн мэдээнд явдаг. Сэтгүүлч хүн олон талын мэдлэгтэй байх хэрэгтэй. Ямар ч хүнээс сурвалжилга авч мэдэх учраас төрөл бүрийн мэдлэгтэй байх ёстой. Соёл урлаг, спорт, нам засгийнхаа ажлыг мэддэг байх хэрэгтэй. Бүх талын мэдлэг хуримтлуулсан байхыг хичээдэг. Ямар сэдвээр бичих хэрэгтэй байна, тэр талаараа ном, сэтгүүл уншдаг.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.142.58) 2020 оны 06 сарын 04

хужаа нар овор монголоос савраа тат

0  |  0
Chantsaad(172.58.45.237) 2019 оны 12 сарын 05

Unetei unetei undur undur l gehiin yag hediin be tegeed.

0  |  0
Top