Завхан аймгийн Баян-айраг уурхайд ЦИАНИТ алдагдаж, шувууд үхэж эхэлжээ

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 11 сарын 30

Монгол Улсын баруун хязгаарт орших Завхан аймаг нь Улаанбаатар хотоос 1100 гаруй км алслагдсан. Эдийн засгийн хувьд хөдөө аж ахуй зонхилдог аймаг. Харин аймгийн хоёр дахь салбар нь аялал жуулчлал юм. Тиймдээ ч уул уурхайгаас ангид байх зорилт тавьжээ. Энэ ч утгаараа сүүлийн жилүүдэд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж болон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг тоог бууруулж чадсан байна. Өөрөөр хэлбэл, одоогоос гуравхан жилийн өмнө Завхан аймагт нийт 99 тусгай зөвшөөрөл олгогдсон байж. Үүнээс 90 нь хайгуулын тусгай зөвшөөрөл, үлдсэн ес нь ашиглалтын тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байсан аж. Харин аймгийн Засаг даргын зүгээс "Уул уурхайгүй аймаг" болох зорилт тавьж, өнгөрсөн гурван жилийн хугацаанд тусгай зөвшөөрлийн тоог 40 хувиар бууруулж чадсан талаар Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан "Байгаль эх, хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлгийн үеэр онцоллоо. 

Учир нь, Эзэн Чингис хааны өлгийн нутаг болох Хэнтий аймгаас эхлүүлсэн "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлэг өчигдөр /2019.11.29/ 20 дэх аймагтаа өртөөллөө. Завхан аймгийн Улиастай хотод болсон уг хэлэлцүүлгийг хариуцлагатай уул уурхайн төлөө, байгаль эхээ хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” зэрэг төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж байгаа билээ.  Энэ удаагийн үндэсний хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор, Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа, “Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа нар тавьсан юм.

Д.БАТСАЙХАН: УРГАМАЛ СУМ НИНЖА НАРААР ДҮҮРЧИХСЭН БАЙСАН

Өнөөдөр Завхан аймгийн 14 суманд ашигт малтмалын 59 тусгай зөвшөөрөл олгогджээ. Тодруулбал, тус аймагт ашиглалтын 10, хайгуулын 49 тусгай зөвшөөрөл байгаа аж. Харин түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл байхгүй гэдгийг Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан аймгийнхаа уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл, байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг өгөх үеэрээ онцолсон юм.

Тэрбээр "Завхан аймаг бол хутаг хувилгаадын өлгий нутаг. Байгаль экологийн хувьд говь, хангай, тал хээр хосолсон өвөрмөц тогтоцтой. Тиймээс энэ сайхан өвөг дээдсээс уламжилж ирсэн газар нутаг, эх дэлхийгээ хайрлаж, хамгаалах ёстой. Тиймээс аймгийн Засаг даргаар томилогдож ирсэн үеэсээ "Уул уурхайгүй аймаг" болох уриалгыг дэвшүүлсэн. Энэ зорилтынхоо хүрээнд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тухайн үед байсан хайгуулын болон ашиглалтын лицензүүдийн тоог оруулж, "Уул уурхайгүй аймаг" болох шийдвэрийг албан ёсоор гаргаж, олон нийтэд зарласан. Өнгөрсөн 2016 оны наймдугаар сард намайг ажлаа хүлээж авахад Ургамал сум тэр чигээрээ нинжагаар дүүрчихсэн байсан. Тэр үед ЦЕГ-аас бие бүрэлдэхүүн ирж ажиллаж байсан боловч цагдаа нар нинжа нартайгаа хуувилдсан маягтай нөхцөл байдалд байсан. Улмаар ЦЕГ болон Хууль зүй, дотоод хэргийн яаманд асуудлыг тавьж, цагдаагийн хүчийн зузаатгаж нинжа нарыг тараах ажлыг зохион байгуулж байлаа. Дараа нь уул уурхайн лицензүүдийг цуцлах асуудлыг хөндсөн. Эхлээд асуудлаа салбар яамд удаа дараа тавьсан. Гэвч хуулиараа лиценз цуцлах нь амаргүй юм билээ" хэмээн ярилаа.

ЗАВХАНЧУУД 40 ЛИЦЕНЗИЙГ ЦУЦЛУУЛЖ, ШИНЭЭР ОЛГОХ 96 ЗӨВШӨӨРӨЛД ТАТГАЛЗСАН ХАРИУ ӨГЧЭЭ

Одоогоос гурван жилийн өмнө Завхан аймагт ашигт малтмалын 99 тусгай зөвшөөрөлтэй байжээ. Харин уул уурхайгүй аймаг болох уриалгын хүрээнд энэ тоог 59 болгож чадсан байна. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын 40 лицензийг хүчингүй болгож чаджээ.

Энэ талаар Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан "Дээр нь шинээр 96 лиценз олгогдохоор орж ирсэн. Лиценз олгохдоо хуулиараа аймгийн Засаг даргаас санал авах заалттай. Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг дарга зөвшөөрсөн ч, зөвшөөрөөгүй ч лиценз олгож болно. Бид тэр 96 лиценз дээр 100 хувь татгалзсан хариу өгсөн. Ганц би бичиг өгөөгүй, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулж батлуулсан юм. Үүний үр дүнд тэрхүү 96 лиценз одоогийн байдлаар олгогдоогүй байна" хэмээн ярилаа.

Түүнчлэн "Завханчууд бид өнгөрсөн хугацаанд 136 лицензийг цуцлаад байна гэж ойлгож болно. Одоо Завхан аймагт 59 лиценз байна. Монгол Улсын Ерөнхий сайдад би гурван удаа захидал бичсэн. Тэрхүү захидалдаа Завхан аймаг уул уурхайгүй нутаг. Энд уул уурхайн лиценз олгохгүй, одоо байгаа лицензийг цуцалж өгөхийг хүссэн. Засгийн газрын Өргөтгөсөн хуралдаан, аймгийн Засаг дарга нар цуглах тоолонд асуудлыг тавьдаг. Ерөнхий сайд Шадар сайдаар ахлуулсан таван сайдын бүрэлдэхүүнтэй Ажлыг хэсгийг томилсон. Энэ Ажлын хэсэг лицензүүдийг шалгаж үзээд хууль бус олгогдсон байвал хүчингүй болгоно. Бид Завхан аймагт байгаа 59 лицензээс 57-г нь цуцлуулах саналыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт болон Шадар сайдад хүргүүлсэн" гэж үндэсний хэлэлцүүлгийн үеэр тодотголоо.

Өнөөдөр Завхан аймагт хүчин төгөлдөр ашигт малтмалын 59 лицензээс 57-г цуцлуулах хүсэлтэй байгаа гэдгийг хэлэлцүүлгийн үеэр хэллээ. Харин үлдсэн хоёр лиценз нь тус аймгийн Сант сумын нутаг дэвсгэрт олгогдсон давсны хоёр лиценз аж. Энэ талаар аймгийн зүгээс "Давс бол байгалийн баялаг. Гэхдээ байгаль, экологид хортой биш. Энэ ч утгаараа давсны хоёр лиценз нь байх зөв. Харин давснаас бусад лицензийг цуцлах нь зүйтэй юм" гэлээ.

ДАВСНЫ ХОЁР ЛИЦЕНЗЭЭС БУСДЫГ НЬ ЦУЦЛУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханы дэвшүүлсэн "Уул уурхайгүй аймаг" уриалга ажил хэрэг болж чаджээ. Завханчууд уул уурхайгаас татгалзаж, уул уурхайгүй аймаг болох мөрөөдлөө биелүүлэхэд ойрхон ирсэн байна.

Энэ талаар Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэлэхдээ "Засаг дарга битгий хэл Засгийн газар тусгай зөвшөөрлийг цуцлах эрхгүй шахам байдаг. Ийм нөхцөлд яаж ажиллах ёстой гэхээд хоёр арга бий. Нэгдүгээрт, лицензийн эрх авсан компани Уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулдаг. Тэр төлөвлөгөөг нь сумын Засаг дарга баталдаг. Байгаль орчны үнэлгээ дээр нь сумын Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга гарын үсгээ зурдаг. Тиймээс бид бүх сумдын Засаг даргад ямар ч төлөвлөгөө дээр гарын үсэг зурж болохгүй гэж хатуу үүрэг өгсөн. Хоёрдугаарт, газар нутгийг улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авах. Ингэхээр ямар нэгэн байдлаар лиценз олгох эрх нь хаагдана. Тиймээс сумдын Засаг дарга нарт чиглэл өгсөн. Сумынхаа газар нутгийг аль болох тусгай хэрэгцээнд ав гэж. Энэ үүргийн дагуу нийт газар нутгийнхаа 36 хувийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авч чадлаа. Гэсэн хэдий ч зарим газраа бүртгүүлж чадахгүй байна. Учир нь, бидний тусгай хамгаалалтад авах шийдвэрийг албан ёсоор бүртгүүлэх гээд явуулахаар "Энэ газарт чинь лиценз олгогдчихсон байна" гээд бүртгэж өгдөггүй, бэрхшээл бий" гэв.

УУРХАЙ БУС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛНЭ

"Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлгийн үеэр завханчууд уул уурхай бус аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хүсэл, сонирхолтой байгаагаа хэллээ.

Энэ талаар Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан "Цаашид бид зөвхөн тэмцээд суух ёсгүй. Зэрэгцүүлээд аялал жуулчлалыг хөгжүүлж байж тэр орон зайг хумина. Цаагуур нь бас хязгаарлах зүйлийг нь хийж өгөх хэрэгтэй. Үүнээс гадна аймгийнхаа газар нутгаас аль болох ихийг тусгай хэрэгцээн авах шаардлагатай байна. Энэ дагуу ч сумынхан ажиллаж байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй байна. Энэ ч утгаараа Нүүдэлчний соёлын наадмыг зохион байгуулсан. Үүнийг хийсэн шалтгаан нь нүүдэлчин монголчуудын өв, соёл Завхан аймагт байгаа шүү гэдгийг л харуулах гэсэн юм. Энэ өв, соёл байгаа газартаа уул уурхайг оруулж ирж болохгүй шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Энэ жилийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг боловсруулж байна. Нийт есөн бүс нутаг байна гэж үзсэн. Бүс нутаг бүр тусдаа онцлогтой. Брэнд бүтээгдэхүүн, өнгө төрхтэй байх ёстой гэж бодож байна. Мастер төлөвлөгөөг боловсруулж дуусах шатандаа орж байна" хэмээн ярилаа.

БАЯН-АЙРГИЙН УУРХАЙН ОЙРОЛЦООХ ШУВУУД ҮХЭЭД ЭХЭЛЖЭЭ 

Завхан аймгийн нутаг дэвсгэрт томоохон хоёр уурхай үйл ажиллагаа явуулж байна.  Үүний нэг Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баян-Айраг уурхай юм. Үндэсний хэлэлцүүлгийн үеэр эл уурхайтай холбоотой олон асуудлыг хөндөж байлаа. Учир нь, Баян-Айраг уурхайн ойролцоох гүний ус багасаж, шувууд нь үхэж эхэлсэн байна.

Энэ талаар Монгол Улсын даян мэргэн Б.Ёндон "Завхан аймагт гурван удаа цианит алдагдсан. Уурхайн ойролцоо байдаг бүх шувууд үхээд дууссан. Өнгөрсөн намар л гэхэд Багануур нуурын шувууд олноороо үхсэн. Миний төрж өссөн нутаг, уул усанд цианит алдагдаж, хүмүүс энгийн зүйл шиг боддог болсон байна. Хэдхэн хоногийн өмнө "Шинэ Завхан" төслийг танилцуулахаар Баян-Айраг уурхайд нэвтрэх гэсэн боловч оруулаагүй. Энэ бол үнэхээр асуудал. Солонготын давааны ард химийн бодис ачсан ачааны машин осолдсон. Баян-Айраг уурхайн гурван хоовой шороо, хөрсийг нь авч явсан. Түүнийгээ Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрт асгасан байдаг. Химийн бодисыг булшилдаг газар миний нутаг биш ээ. Уул уурхайн үйл ажиллагаа хуулийн хүрээнд, хүн болон ан амьтанд ямар нэгэн хоргүй байх ёстой. Нутгийн иргэдэд ямар нэгэн хэмжээгээр ашиг, тустай байх ёстой юм. Гэтэл өнөөдөр хангалтгүй байна. Бүтээн байгуулалт хийсэн зүйл байхгүй, хангалттай биш" гэв.

Түүнчлэн  "Манай Завхан аймаг ядуурал, хөгжлөөрөө хойноосоо хоёрт орж байна. Үүнд манай том уурхай ямар хувь нэмэр оруулсан юм. Баян-Айраг уурхайн ТЭЗҮ-г 2010 онд хийж байхад алт 90 сая төгрөг байсан бол өнөөдөр 110 сая төгрөг болсон. Өнөөдөр Дөрвөлжин суманд ажиллаж байгаа иргэдийн амьжиргаа муу байна. Баян-Айраг уурхайн ойролцоох бүх худгийн ус багассан. Шавхагддаггүй байсан худаг шавхагддаг болсон. Жилээс жилд гүний усны түвшин багасаж байна. Гүний ус шавхагдсан тохиолдолд дараа нь бид яах вэ. Завхан голын урсцад нөлөөлөхгүй гэдэг судалгаа бий. Гэхдээ Эрдэнэхайрханаас авч байгаа гэх боловч Дөрвөлжин сумын иргэдийн л ус шүү дээ. Өнөөдөр шувууд үхэж байгаа бол маргааш үнэг, туулай нь үхнэ биз дээ. Олон удаа цианит алдагдсан байхад Баян-Айраг уурхайнхан цианит алдагдаагүй гэж худлаа ярьсан. Үнэхээр нууранд үхсэн шувууг харчхаад аймшигтай санагдсан" хэмээн ярилаа.

Б.ТОГТОХБАЯР: МАНАЙ ҮЙЛДВЭРИЙН ТАЛБАЙД ЦИАНИТ АЛДАГДСАН

Үндэсний хэлэлцүүлэгт оролцсон нутгийн иргэдийн зүгээс Баян-Айргийн уурхайд үнэхээр цианит натри алдагдсан эсэхэд тодорхой хариулт авахыг хүсэж байлаа. Тиймээс Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баян-Айргийн уурхайг төлөөлж Б.Тогтохбаяр хариулт өгсөн юм.

Тэрбээр "Манайх алт, мөнгөний ил уурхай. Эдийн засгийн хувьд Монгол Улсад 43.6 тэрбум төгрөгийн татвар хураамжаа төлсөн. Манай Баян-Айргийн уурхайд цианит алдсан эсэх мэдээллийг сонсохыг хүсэж байх шиг байна. Ямар нэгэн байдлаар алдана гэдэг нь ор сураггүй болгоно гэж ойлгож болно. Манайх бол тэгж алдаагүй, үйлдвэрлэлийн талбайд алдсан. Гэхдээ хөрс, усандаа цианит алдаагүй, аюулгүй болгосон" гэх тайлбарыг өглөө.

Түүнчлэн "Хамтын ажиллагааны гэрээ байгуулах Ажлын хэсэг байгуулж, хуралдаж хүчин төгөлдөр үйлчлээд яюж байна. Албан тушаалын дарамттай холбоотой ямар нэгэн гомдол, өргөдөл ирээгүй байна. Харин ажлаас халах тухай асуудлыг хөндлөө. Зарим асуудал нь шүүхээр явж байгаа болохоор хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг өгмөөргүй байна. Манай уурхайд маш олон шалгалт ордог. Цагдаа, тагнуул, прокурор, мэргэжлийн хяналт гээд 15 шалгалт ирсэн байдаг. Төлөвлөгөөт шалгалтыг жилд нэг удаа хийж байгаа. Энэ үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас бас шалгалт хийсэн. Төлөвлөгөөт бусаар ч шалгалт ирсэн. Манай компанид мэргэжлийн ажилчид ажилладаг" хэмээн хэлэлцүүлгийн үеэр ярьсан юм.

Харин аймгийн Засаг даргын зүгээс дээрх Баян-Айраг уурхайтай ямар нэгэн гэрээ байгуулахаас татгалзжээ. Энэ нь уул уурхайгүй, ногоон аймаг болох зорилттой нь холбоотой аж.

БИЧИЛ УУРХАЙЧИДТАЙ НЭГ Ч ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙ ГАНЦ АЙМАГ

Завханчууд өнгөрсөн хугацаанд бичил уурхайчидтай ямар нэгэн гэрээ байгуулаагүй ганц аймаг болж чаджээ. Хэдийгээр бичил уурхайчдын зүгээс гэрээ байгуулах хүсэлтийг явуулдаг ч тэд хүлээж авдаггүй байна. Энэ талаар аймгийн Засаг дарга Д.Батсайхан "Аймгийн зүгээс бичил уурхайг дэмжихгүй гэдгээ анхнаас нь тодорхой илэрхийлж ирсэн. Уул уурхайн компанийн ашигласан талбайд бичил уурхайчдыг оруулах нөхцөл боломж байдаг бол дэмжинэ. Өнгөрсөн 2016 оны намар Очирваань хайрханы төрийн тахилга болох үеэр бичил уурхайчид Ургамал, Завханмандал суманд олноороо орж ирж байсан ч цагдаа, хүчний байгууллагуудтай хамтран  үйл ажиллагааг нь таслан зогсоосон" хэмээн тодотголоо.

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.91) 2019 оны 12 сарын 16

Завхан бол хангайн бүс учир байгалийн ил баялаг ихтэй. Түүнийгээ ашиглан үйлдвэрлэл явуулж хѳгжих боломжтой. Гэхдээ бусад аймгууд ялангуяа говийн аймгууд ингэж туйлшрах юм бол хѳгжлѳѳс хол хаягдана шүү. Завханчууд ѳѳрсдѳд нь ѳѳр замаар явах хѳгжлийн потенциаль байгааг эрхбиш мэдэж байж ийм шийдвэр гаргасан байх гэж найдаж байна. Хэрэв тийм биш бол энэ утга учиргүй туйлшрал мэт санагдаж байна.

0  |  0
Top